“Морин улаагана” киноны тухай

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Вологодск мужийн Меринова тосгоны (одоо Садовая гэх болсон) оршин суугч Ефима Быстрова гуайн энэ гашуудалтайяа, сэтгэл хөндүүрлэм, тун ч ховор чухаг зургийг нь гэрэл зурагчин Юрий Рыбчинский хальсандаа буулгаж авчээ.

Василий Шукшиний зохиож найруулсан "Морин улаагана" киноных нь гол дүр болох Егор Прокудины эх Куделиха эмгэний дүрд энэ хөгшин "тогложээ". Би энд "тогложээ" хэмээн бичээд, үгээ хашилтанд хийж өгсөн минь бас учиртай. Учир нь гэвэл, Шукшин энэ эмгэний дүрд ЗХУ ын Ардын жүжигчин Вера Марецкаг тоглуулая хэмээн бодож явжээ. Гэвч киноны зураг эхлэхийн өмнөхөн тэрээр гэнэт хүндээр өвджээ.

Зураг авалт хийж байх үеэр тосгоны оршин суугчид, зураглаач Анатолий Заболоцкийд Шукшиний энэхүү кино зохиолд бичигдсэн хүний хувь заяатай нь тун адилхан гэмээр нэгэн хөрш эмэгтэй байдаг гэж ярихыг нь олж сонсжээ. Ингээд Василий Шукшин, Ефима Быстроватай ярилцсаныхаа эцэст, энэ бол хувь заяаны бэлэг болохыг ойлгосон гэдэг! Ямар ч ардын жүжигчин байгаад ингэж тоглохгүй биз ээ. Тэгээд эмгэний санаа сэтгэлийг зовоочихгүй гэсэндээ, түүний зургийг "нууц камераар" авчээ. Авсан бүх гайхамшигтай зураг нь тэр чигээрээ л баримтат зураг болон үлдсэн билээ. Ефима Быстрова гуай жүжигчин Лидия Федосеева-Шукшинад, дөрвөн хөвгүүдээ дайнд алдан ч, үлдсэн тав дахь, ганц хүү нь олиггүйхэн нөхөдтэй холбогдон, сураг чимээгүй болсоор 18 жилийн туршид дэмий л эрж хайж яваагаа энгүүнээр хүүрнэн ярьж өгөв...

Киноныхоо зургийг авч дууссаны дараа Шукшин өөрийнхөө гараар эмгэний байшинг нь засч сэлбэж өгөөд, өвөлд нь түлэх түлээ түлшийг нь, мөн хоол хүнсийг нь ч бэлдэж, хэд гурван мөнгө төгрөг ч өгсөн гэдэг. Куделиха эмээ ч бүхий л сэтгэл зүрхээрээ Шукшинд дотносон хандаж, ойр хавийн хөршүүддээ, өнөөх сураг чимээ нь алдарсан хүү маань энэ Шукшин л мөн шиг бодогдоод байх юм даа хэмээн ярьж явах болов. Тэрээр бодолдоо итгэн, Шукшиний хөрөг зургийг нь гэрийнхээ хананд өлгөсөн байлаа.

Харин энэ зургийг болохоор Шукшинийг нас барсан мэдээг түүнд дуулгасны дараах агшинд авсан юм. Жилийн дараа, хөөрхий Ефима Быстрова эмгэн пийшин дээрээ осгоод өнгөрчихсөн байж билээ. Хожим тосгоныхон нь энэ киноны кадраас буулгаж авсан гэрэл зургийг булшных нь хөшөөнд тавьсан гэдэг. Ийм нэг кино байдаг юм даа. Энэ зургийг олж өгсөн театрийн гэрэл зурагчин Роман Астаховт чин сэтгэлээсээ талархая!

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.