
Агуу их Түмэнжаргал Монголын тал нутгаа санаа юу даа...
Тэр жил их Нацагдоржийнхоо төрсөн өдөр (2015.11.17) Сена мөрний эрэгт Түмээ ахыгаа жигтэйхэн их санаж гуниг дүүрэн алхаж билээ. Уул нь буурал Европын мөнгөн титэм Парист хөл тавилаа гээд баяр баясгалантай, юун гуниглах, ёстой аз жаргал гэрэлтсэн өдрүүд өнгөрч байсан юм. Парисын Дарь эхийн сүмээр зочлоод, алдарт Луврын музейг үзээд, дэлхийн гайхамшиг Эйфелийн цамхагийн дэргэдүүр салхилаад л. Харин Сена мөрний эргээр алхахад Түмээ ах бодогдоод, энэ мөрөн найрагч ахыг минь үүрд авчихсан даа гэж бодохоор харуусал төрөөд, цагаан цайлган тэр эрхэм хүмүүнтэй хамт өнгөрүүлсэн он жилүүдээ бодож явлаа. Мань мэт нь агуу их Түмэнжаргалтай тийм ойр дотно байсан ч биш дээ. Гэхдээ “Ардын эрх”, “Өдрийн сонин”-ы маань гал тогоо яалт ч үгүй эрхэм ахын уран бүтээлээ туурвиж, ууж идэж, наргиж наадаж, алдаж онож явсан гал тогоо мөн юм. Тиймийн учир өөрийгөө эл эрхэмсэг найрагчтай ойртуулж бодох учир ерөөл надад байдаг юм.
Хүмүүний орчлонг эхийн ариун сэтгэл шиг өр зөөлөн туулсан тэрээр ижий аав, эх орон, уул ус, Монголын тал нутгаа зүрхэндээ хадгалж аялгуулан дуулж, асгаруулан уйлж явсан бүлгээ. Хайрт ижий аавыгаа дуу бүхэндээ мөнхөлж, өсч төрсөн ус нутаг Угтаалцайдамынхаа амин сүлдэт уул ус, Сонинхангай хайрхан, ерөөс эх орон, Монголоо сэтгэлдээ нэвчтэл шингээж хүний нутгийн тэнгэр доор эцсийн амьсгалаа таттал хайрлан дуулсан халуун зүрхний найрагч байлаа.
“Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход
Асгартал уйлмаар болдоггүй л бил үү
Алдаа онооны хатуухан үнэнийг
Атгахан зүрх дэнсэлдэггүй л бил үү
Эгшиг яруухан дууны хорвоод
Эмзэг сэтгэл бөмбөрөөд байх юм аа
Идэр омголон насны өнгөөр
Эрдэж бардаж яваагүй л бил үү
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л бил үү
Уянга яруухан дууны хорвоод
Удаан амьдармаар санагдаад байх юм аа
Мөнгөн сарны уйтан замбуулинг
Мөнхийн юм шиг санаагүй л билүү
Сүүдэр гэрлийн алагхан заяаг
Сүүмэлзээд өнгөрөхөд гунихгүй л билүү
Айзам яруухан дууны хорвоод
Ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээх “Дууны хорвоо” дууныхаа үг мөр, бадаг аялгуу бүхнээс найрагч өөрөө гэрэлтэн харагддаг юм. Ёстой л эмзэг ариун сэтгэл нь бөмбөрч мэдрэгддэг юм.
Багшийн сургууль төгсөөд, дараа нь Улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд багшилж байгаад Сэлэнгийн Ерөөгийн тусгай сургалттай ТМС-ийн захирал байсан. Нөхдийнх нь цаашлуулж хэлдгээр тэнд алдарт В.А.Сухомлинский шиг суусан гэдэг. “Би зүрх сэтгэлээ хүүхдүүдэд өгсөн” гэж Зөвлөлтийн нэрт багш, сурган хүмүүжүүлэгч Сухомлинкский хэлсэн шиг Түмэнжаргал найрагч Ерөөд суухдаа хүүхэд багачуудад зориулсан олон шилдэг бүтээлээ туурвисан байдаг юм.
Ерөөгийн тусгай сургалттай ТМС-ийн захирлын албыг нэр төртэй хашсан хэмээн тухайн үеийн Гэгээрлийн яамны шугамаар бараг шагнал болгон түүнийг ЗХУ руу томилсон байдаг. Эхлээд Алс Дорнод, Эрхүү рүү Шелеховын ТМС-д хүүхдүүд авч очжээ.
Дараа нь ЗХУ-ын Орёл зэрэг хотуудаар шавь нарыгаа дагуулж явсан байдаг. Энэ тухай Түмээ ахын дотны дүү, уран бүтээлийн шавь, Соёлын гавьяат зүтгэлтэн Магваны Эрдэнэбат “Бид хэдийг ТМС-д авч очсон хоёр жилийн хугацаанд “Ус мөрөн олон чиг”, “Очоод золгоно доо” гэх алдартай дуунуудаа бичсэн юм.
Монголоо санасан найрагч “Монголыг минь яаж гүйцэхэв дээ” хэмээн бичгийн машинаар анх бичиж суусныг дэргэдээс нь харж байлаа. Энгийн л нэг шүлэг шиг санагдаж билээ. Гэтэл дараа нь гавьяат Пүрэвжавын Ганбат дуулж сайхан бүтээл болсон” хэмээн дурссан. Ингэж Түмэнжаргал найрагч хүний нутгийн тэнгэр доор Монголоо нутгаа санаж “Ус мөрөн нь олон чиг” алдартай дуугаа бичсэн бол хамгийн нандин бүтээлийнх нь нэг “Очоод золгоно доо” дууныхаа шүлгийг мөн тэрлэжээ.
“Хүний газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Хөгшин буурал ээжийгээ орхиод гарсан даа
Хөмсгөн доороо нулимс мэлмэрүүлж уйлаад үлдсэн ээждээ
Хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно доо...” хэмээн бичсэн байна.
Саяхан миний бие Монголын үе үеийн шилдэг 39 найрагчийн ижийг бичиж, нэгэн баринтагт шастирласан юм. Түмээ ахынхаа хайрт ижий Долгорын Дэнсмаа ижийн тухай бичихэд ёстой л сүү хайр бялхаж байсан даа. Монголын яруу найргийн 80-аад оны гол төлөөлөл, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргалыг төрүүлсэн ижий бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, нутаг усандаа чинээлэгт тооцогдож ирсэн тайж Дамдины Мөрцэрэнгийн ууган охин юм. Энэ тухай хүүхдийн нэрт зохиолч Оюунбадамын Сундуй “Түмээ ахын ээж манай ээж хоёр бол Богдын шавь аймгийнхан. Богдын адуу малыг маллаж, бурхан шүтээн идээ будааг нь хариуцдаг Шар бүрдийнхэн. Миний ээжийн аав Дашням бидний авгайлдгаар Огоо маань, Дэнсмаа ижийн аав Мөррэнцэн гэж хүнтэй нэг дорынх. Өвөө маань наймдугаар Богдын хиа лам яваад хожим хар болсон хүн. Бидний удам угшил ийм л учир зангилаатай. Дэнсмаа эгч бол Угтаалын цэцэрлэг яслийн мөөм ээж байсан. Хөхөнд нь сүү ороогүй ээжийн хүүхдүүд Дэнсмаа ээжийн мээмийг хөхөж өссөн. Миний ээж Лхамсүрэн ч бас цэцэрлэгийн багш байсан. Тэгэхээр Түмээ ах бид хоёрын ээж яалт ч үгүй Угтаалын атрынхны үр хүүхдүүдийг өсгөж бойжуулсан буянтнууд. Намайг Багшийн сургуулийн хуваарь авахад ээж минь дагуулаад Загд гуайнд Дэнсмаа эгч дээр очиж байсан. Түмээ ах хотоос ирчихсэн байлаа. “Тийм сайхан хуваарийг авалгүй яахав” гээд хоёр ээж минь дөрвөлжин шалны өрийг тойрч суугаад цайлж байсан нь одоо ч санаанд илхэн байна” гэж өгүүлсэн юм.
Дуучин Т.Баясгалангийн дуулж олны хүртээл болгосон
“Аминаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ижийгээ хайрлаж яваарай
Сэртэсхийтэл цочоон шаналгаж
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй
Биеэс нь салаалсан бие билээ чи
Бишрэлтэйхэн ижийгээ хүндэлж яваарай
Номхон шөнөөр түгшээж
Нойрыг нь битгий хугаслаарай
Ухаанаас нь ургасан ухаан билээ чи
Уяралтайхан ижийгээ баярлуулж яваарай
Санчиганд хяруу унагаж
Санаагий нь битгий зовоогоорой” (“Ижийгээ баярлуулж яваарай”) гээд олон бүтээлийнх нь шад мөрөөс эжийнх нь хайр ундарч, гэрэлт царай нь харагддаг билээ.
Жил бүрийн “Мартын 8”-нд найрагч “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтоо хийж, олон сайхан ижийн хайраар өөрийнхөө өндөр ижийг мялаадаг байлаа. Энэ бүхнийг дэнслэн бодохуйд Түмээ ах яалт ч үгүй ижийн шүншигтэй найрагч юм.
Ганцхан шигтгээ хэлэхэд, Хараа, Ерөө голын тухай дууны шүлэг бичих захиалга Чилаа ахад иржээ. Захиалга гэсний учир нь “Хараа” брэндийг олон түмэн мэддэг идээний дээд болгох зорилготой байсан бололтой юм. Чилаа ах өрөөндөө шүлэг бичих санаатай суутал Түмэнжаргал найрагч ороод ирж л дээ. Учрыг хэлтэл тэр дор нь ийм шүлэг бичсэн гэдэг.
“Хараа бараандаа мяралздаг
Хараа Ерөө хоёр минь
Хангинан дурсаад суудаг
Аав л ээж л хоёр минь
Хоёр буянтнаа санаад л
Хоолой зангируулан дуулна аа би
Холын шаргал харгуйг нь
Эвхэн эвхсээр харина даа
Ергөж дэргээд хатирдаг
Ерөө Хараа хоёр минь
Ерөөж залбираад суудаг
Аав л ээж л хоёр минь
Зүүдний эхэнд хаялгатай
Хоёр голын тохой минь
Зүрхний эхэнд уялгатай
Аав л ээж л хоёр минь
Хоёр буянтнаа санаад л
Хоолой зангируулан дуулнаа би
Холын шаргал харгуйг нь
Эвхэн эвхсээр харина даа”.
Энэ бол зүгээр нэг захиалгаар бичсэн шүлэг биш, ёстой ардын дуу шиг сайхан бүтээл болсон. Хамгийн гол нь Хараа, Ерөө голыг аав л ижий хоёртойгоо холбож өгсөн нь амин сүнс нь болсон юм. Хайрт хүүгээ хангинан дурсаж суудаг, ерөөж залбирч явдаг ижий аав хоёрыгоо ингэж Хараа, Ерөө голын харгиан дунд мөнхөлсөн юм.
Түмээ ахын намтар гэгээн ариухан санагддаг. Анхны хань, хоёр сайхан үрийнхээ ижий Цагаан Тунгаа гэж тэр гоё бүсгүйтэй арван долоохон настайдаа танилцсан гэдэг. Энэ тухай охин Дөлгөөн нь “Аав 17 настай байхдаа нэгдүгээр сургуульд багшилж байжээ. Ээжийн нэг дүү нь аавын ангийн сурагч байж. Нэг өдөр ээж дүүгийнхээ эцэг эхийн хуралд суухаар очиход аав хараад дурлачихсан гэдэг. Гэртээ очоод "Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа" гэдэг шүлгээ биччихсэн байгаа юм. Харин танилцаж, уулзаж зүрхлэхгүй явсаар, ээжийн гэрийг нь мэдээд авчээ. Ээжийн аав зохион бүтээгч инженер. Монголоос гуравхан хүнийг Орост инженерээр сургаад, тэр гурав нь суурин утас, радио, телевизийн бүх холболтыг Улаанбаатарт нэвтрүүлсэн байгаа юм. Тэгэхээр өвөөгийнх тухайн үедээ телевиз үздэг байсан тоотой хэдхэн айлын нэг. 50 мянгатын XXIV байр. Орой кино гарах цагаар тэр хавийн бүх хүн өвөөгийнд ороод, том өрөөнд нь чигжиж зогсч байгаад кино үзээд гардаг байж. Аав ээжийг харахын тулд орой бүр олон хүний дунд ороод зогсчихдог байж. Ингэж явсаар танилцсан юм билээ. Ээж 50 мянгатын Цагаан Тунгаа нэртэй царайлаг охин. Эрчүүд дурладаг ч халдаж чаддаггүй байсан, харин хамгийн зоригтой, хоншоортой нь аав байсан болоод ээжийг авч суусан түүхтэй" хэмээн өгүүлсэн нь бий.
Анх Тунгаадаа зориулж бичсэн "Цэцгэн зүйрлэл" дуу нь бас л түүх өгүүлнэм. Уг дууны аялгууг одоогийн төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх зохиосон. Түүний "Цэнхэр залаа" буюу ард түмний мэдэх цаг агаарын аялгуунд зориулж хориодхон настай хонгор залуу Загдын Түмэнжаргал "Цэцгэн зүйрлэл" дуугаа бичиж ирсэн гээд бодохгүй юу. Эстрадын нэрт дуучдын нэг Хоовойн Галхүү, багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийн оюутан байхдаа далаад оны эхээр дуулж анх олонд хүргэжээ.
“Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээнийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээнийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ сайхантай зүйрлэлээ
Цээнийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ сайхантай зүйрлэлээ
Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Гандаж үзээгүй энэ л цэцгийг
Ганцхан чинийхээ хайртай зүйрлэлээ
Гандаж үзээгүй энэ л цэцгийг
Ганцхан чинийхээ хайртай зүйрлэлээ” хэмээн анхны ханьдаа зориулсан бүтээл нь ёстой л цагаан уул цэцэг мэт Монголын дууны урлагт мөнхийн бүтээл болж үлдэж дээ.
Тэр жил Ардын жүжигчин Аюурзанын Долгортой Дуурийн театрын ариун сүмд ярилцаж билээ. Тэрбээр ярианыхаа дундуур гүн гүнзгий санаа алдаж байсан сан. Учир нь миний бие “Цахилж яваа гөрөөс” киноны дууг асуусан байлаа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал Долгор дуучны хань нь байсныг хэн хүнгүй мэднэ дээ. Энэ хоёр уран бүтээлч хоёр тийшээ болсон, үндсэндээ хайрт Догоо нь салаад явчихсан яг тэр үед Билэгжаргалынд Түмээ нь очиж таарсан гэх домог шиг л юм яригддаг. “Догоо маань явчихлаа” гээд Билгээ нь гунигтай, нулимстай байх ахуйд Түмээ нь бараг хариу үг ч дуугаралгүй шуудхан үзгээ шүүрч
“Нуугаад нуугаад уйлсан юмсан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа
Аяархан аяархан мэгшсэн юмсан даа
Аниад харахад минь газар шаргалтана
Хайр даагаагүй чи минь хөөрхий
Хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий
Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундуйлж л явахаас даа
Дэндүү дэндүүхэн дассан юмсан даа
Дэнслээд шаналахад минь салхи нь аргадна
Хатууд халирсан итгэл минь хөөрхий
Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий” хэмээн нэгэн амиар бичээд Билгээдээ өгчээ. Ёстой л халуун үнэнийг шуудхан хэлсэн уг шүлгийг тэр дор нь төгөлдөр хуур дээрээ асгарсан нулимстай аялгууг нь хийнэ биз дээ. Ингэж Билэгжаргалынхаа өнчирсөн зүрхийг шүлгээр нөхөж, “хайр даагаагүй чи минь хөөрхий, хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий” гэх амьдралынх нь үнэнийг өчсөн байдаг. Энэхүү дууг радиогийн Алтан фондод бичүүлэх гэж Догоо нь бүтэн өдөржин уйлсан гэдэг. “Түмэнжаргал найрагчийн үг бүхэн Билэгжаргал бид хоёрын амьдралыг онож цохиод. Дуулах гэхээр л нулимс асгараад, ёстой хэцүү юм чинь тэр юм билээ. Бүтэн өдөржин эгч нь уйлсан даа” гэж байв.
2012 оны нэгдүгээр сард юм, Гангаа ахын өрөөнд Түмээ ах ирчихсэн сууна. “Өдрийн сонин”-ыхоо гал тогоог эргэж яваа нь энэ. Үл яльгүй халмаг, зөөлөн инээд тунаруулж сууна. “Яруу найрагч л мөн юм бол ахыгаа дагаад яв” гээд намайг дагуулаад гарлаа. Их сургуулийн тэнд дотны нэг дүүгийндээ очлоо. Зуу татлаа, мах чанууллаа. Би ч шүлэг уншиж сүрхий сууцгаалаа. Тэгснээ жолоочоо дуудна аа гэж байна. Өөрийнх нь ангийн хүүхэд гээд Угтаалын, хөдөө байрын шинжтэй нэг ах ирлээ. “Би энэндээ энэ машиныг авч өгсөн юм” гэж байна. Шөнө орой болсон хойно тавдугаар сургуулийн урдхан нэг байранд очлоо. “Ах нь энэ байраа уран бүтээлийн өргөө болгоно” гэж хэлж байсныг нь санаж байна. Тэнд бид хоёр зүгээр байсангүй. Ганц нэг юмны бөглөө мулталсан. Францаас гэргий нь яриад л, уулаа гэж зэмлэж байгаа бололтой. Гантулга дүүтэйгээ өнөөдөр жаахан явлаа гэж үнэнээ хэлж байсан. Мягмарсүрэн буюу Ану эгч намайг мэдэхийн хувьд юм хэлээгүй л дээ. (Ану эгчийг Парисаас тэр жил ирэхэд нь би ярилцалага хийж, Түмээ ахынхаа гэрийн босгыг анх удаа алхаж билээ. "Парисын шүлгүүд" тэргүүт бүтээлүүдээ тэгэхэд халуун зүрхний үгтэй барьж байсан сан) Харин тэр орой яруу найрагч Буянзаяатай, хөгжмийн зохиолч Шаравтайгаа ярьсан юм. Ярьсан яриануудыг нь би санаж л байна. Гэхдээ тэр бүгдийг бичээд яахав. Ингээд шөнө дөл болсон хойно Түмээ ахын жолооч, өнөө Угтаалын хүнээр би хүргүүлж харьсан. Өглөө нь хаа эртээ манай хүн залгаад шартчихсан жулдрай надад сэтгэл зассан үг хэлж л байсан. Ингээд Түмээ ах удалгүй Парис явсан. Харамсалтай нь эргэж ирээгүй.
2012 оны дөрөвдүгээр сарын урин хаврын тэр өглөө Соёлын төв өргөөний хүүхдийн номын ордноос Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сор болсон их найрагч, дууны шүлгийн нэрт мастер, бичгийн эрхэм хүмүүнийг сүүлчийн замд нь үдсэн юм. Найрагчтай салах ёс гүйцэтгэхээр эрхэм найрагчийн номын багш Ардын уран зохиолч Тангадын Галсан тэргүүтэй утга зохиолын үе үеийн гол төлөөлөл, төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав тэргүүтэй Монголын хөгжмийн үе үеийн төлөөлөл, сэтгүүлч, уран бүтээлч нөхөд нь эрхэм найрагч, төр нийгмийн зүтгэлтэн түүнтэй ойр дотно явсан ард түмэн салах ёс гүйцэтгэхээр ирсэн байлаа.
Алтан өлгийд нутаглуулахад гэрэлт хөшөөн дээр нь “Улс гүрэн олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх жинхэнэ эх оронч найрагчийн халуун сэтгэлээс хэлсэн эрдэнийн шигтгээт мөрийг нь сийлсэн байлаа.
“Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход
Асгартал уйлмаар болдоггүй л бил үү...” хэмээх утга төгс бүтээл нь сэтгэлд эгшиглэж, гэгээн гэрэлт эрхэм хүмүүнийг айзам яруу дууны хорвоодоо ахин дахин төрөх болтугай хэмээн өөрийн эрхгүй залбиран шившсэн билээ.
“Салаа хархан гэзгэн дээр чинь
Туузан цэцэг ахиад ургахгүй ээ
Санаа сэтгэл догдлон цалгиах
Хонхон дуугаа дандаа сонсохгүй ээ
Ангийнхаа хаалгыг зөөлхөн хаагаад
Алдрайхан насаа үлдээлээ баяртай...” “Төгсөх оюутны дуу”,
“Гэнэхэн насны өдлөөгүй ухаанд
Уртхан юм шиг санагдаж байсан
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ
Эрдмийг сураад буцлаас гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай...” “Уяхан цэнхэр хавар” гээд яг л бидэнд, үе үеийн төгсөгч оюутан, сурагч дүү нартаа чин зүрхнээсээ хэлсэн дуунууд нь сэтгэл сүлж, эмзэг нандин найрагчаа дурссан эгшиг, нулимстай өдрүүдийг мартдаггүй.
2017 оны зургадугаар сар. Английн “ВВС” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурийн дуулаачдын наадам Уэльсийн нийслэл Кардифф хотноо болж Монголын алдарт дуучин Ганбаатарын Ариунбаатар тэргүүллээ. Тэрбээр дэлхийн сор болсон шилдэг дуучид авьяас билиг, хүч чадлаа сорьдог романсын төрөлд Бямбасүрэнгийн Шаравын аялгуу, Загдын Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг эгшиглүүлсэн юм. Жинхэнэ мэргэжлийн дуулаачийн хоолойны чадал чансаа, хэр хэмжээг шалгадаг энэхүү сонгодог бүтээлийг Ариунбаатар хамгийн эгзэгтэй, шийдвэрлэх мөчид сонгосон нь зөв болсон. Дэлхийн сонгодог урлагийн их тайзнаа ир бяр, авьяас билиг нь тэгширсэн шилдэг дуучны хоолойгоор Монголын тал нутаг ийнхүү цэлийн цэнхэрлэж дуниартсан билээ. Тус наадмын мэргэжлийн шүүгчид болоод үзэгчид мөн “ВВС” телевизийн сувгийг үзэж байгаа дэлхийн хүн төрөлхтөнд агуу их тайвшрал, баяр бахдал, ер бусын эрчимлиг хүчийг өгсөн. “Монголын тал нутаг” бол хүмүүний сэтгэлийг долгилуулах хүч чадал оршсон гайхалтай бүтээл. Агуу их хүч чадал нь үгийнхээ шидэнд байгаа юм.
Түмээ ах минь олон сонгодог бүтээл туурвиж, Монголын урлагийн алтан сан хөмрөгт дархалж үлдээсний нэг нь энэ бүтээл билээ. “Гадны орнуудаар явахад агаар нь таарахгүй халуунд бүгчимдэж, бачимдаад нутаг буцахын түүс болно. Буянт-Ухаад онгоц газардах даруйд агаар нь сэн хийгээд, цээж дэвтээд нэг л сайхан. Тийм их баяр бахдал, уужрал тайвшралыг Монголын цэлмэг хөх тэнгэр, тал нутгаас бие сэтгэлээрээ мэдрэхдээ ийм дуу хийе гэж бодсон” хэмээн дурсдаг сан. Японы Акияама Юми гэж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулж байсан бүсгүй “Монголын тал нутаг яасан сайхан юм бэ” гэж уулга алдаад, энэ тухай дуу хийж өгөхийг Түмээ, Шарав гуай хоёроос хүссэн байдаг. Өмнө нь өөрөө сайхан дуу хийе гэж бодож байсан болохоор их амархан шүлгээ бичсэн гэдэг юм.
“Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгал авахад минь
Мөнхийн уснаас амсах шиг
Цээж цэлмэн уужраад... гэж “Монголын тал нутаг” дуу эхэлдэг. Дүүрэн гэж хайрт хүүгийнхээ нэрийг ах минь дуундаа мөнхөлсөн. Мөн “Эрдмийг сураад буцлаа гэхээс Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэж бас оруулсан байдаг. Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн гал тогоонд Түмээ ахын олон шилдэг бүтээл төрж “Дууны хорвоо”, “Уяхан цэнхэр хавар” тэргүүт хит дуунуудыг нь өөрийнх нь амнаас анх сонсч байсны аз жаргалыг уран бүтээлч дүү нар нь халуунаар дурсдаг. Тэртээ 2001 онд Монголын утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагналыг Түмэнжаргал найрагч “Монголын тал нутаг” дуугаараа хүртэж байсан сан. Цом гардан аваад Дуурийн театрын тайзнаа
“...Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүй цэлийгээд
Яасан уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл” хэмээх алдарт мөрүүдээ үзэгчдийн халуун алга ташилт, хайр хүндэтгэл дор уншиж билээ.
Энэхүү бүтээлийг нь дэлхийн урлагийн тайзнаас хүн төрөлхтөнд эдүгээгийн гавьяат жүжигчин “Чингис хаан” одонд Ариунбаатар дуулахуйд алсын тэнгэрийн нутгаасаа ах минь Монголын тал нутгаа санаа юу даа гэх бодол төрж өөрийн эрхгүй нулимс унаган, тэр тухайгаа миний бие “Өдрийн сонин”-доо бичиж билээ. Тийм ээ, хүмүүний оршихуйн бэлгэдэл хөндлөн хөх салхитай Монголын тал нутагтайгаа хүйн холбоотойн учрал ерөөл нь энэ биз хэмээн бахдан бодсон юм. Тиймдээ ч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын тэргүүн шагналт, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын гранпри шагналын эзэн дэлхийн дуучин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-ийг эгшиглүүлсэн байлгүй. Үндсэндээ алсын их тэнгэрийн нутгаасаа элгэн халуун ах минь Монголын тал нутгаа зүрх шимшрэн санасны илэрхийлэл энэ буй за хэмээн молхи би нулимс цэлэлзүүлж хүлээн авсан ажгуу.
"Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.