Я.Энхжаргал: Чихрийн шижин өвчний хамгийн сайн эм бол хөдөлгөөн

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Чихрийн шижин бол нойр булчирхайнаас ялгардаг инсулин хэмээх цусан дахь сахрын хэмжээг задалж байдаг дааврын ялгарал хангалтгүй байх аль эсвэл бие махбодь ялгаруулсан инсулинээ зохих ёсоор ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй цусан дахь сахрын хэмжээ ихсэх архаг өвчин юм.

Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Манай орон гэлтгүй дэлхий даяараа илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ өвчний олдмол шинжээр олон хүн өвдөх болсон нь дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа билээ. Тиймээс чихрийн шижин өвчний талаар иргэдэд цогц мэдлэг олгож, сэргийлүүлэх үүднээс ЭМШУИС-ийн багш Я.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр 2000 оноос энэ чиглэлээр дагнан ажиллажээ.

-Чихрийн шижин анагаах ухааны үүднээс тайлбарлавал ямар өвчин бэ?

-Цусан дахь сахар хэвийн хэмжээнээс хэтэрснээс ам цангах, шингэн алдах хам шинжээр илэрдэг, бодисын солилцооны архаг давшингуй явцтай өвчнийг чихрийн шижин гэдэг.

-Олон хэлбэртэй юу?

-Дөрвөн хэлбэртэй. Нэгдүгээрт, жирийн шижин байна. Энэ хэлбэрээр ихэвчлэн 35-аас доош насны залуус өвчилдөг. Хүн амын дотор 0.1-10 хувийг эзэлдэг. Харин хүн амын 90-ээс дээш хувийг эзэлдэг нь хэв шинж хоёр юм. Хэвийн хэмжээнээс илүү жинтэй байх, цусан төрлийн садан дотор нь энэ өвчнөөр өвдөж байсан хүн байх, архи тамхины хэрэглээ их, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, цусны даралт ихсэх зэргээс шалтгаалж илэрнэ. Сүүлийн үед дэлхий нийтэд энэ хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

Энэ нь хотжилт, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолтоос болдог. Гурав дахь хэлбэр нь жирэмсний үед илэрдэг. Харин дөрөвт, бусад хэв шинж хамаардаг. Нойр булчирхай инсулиныг үйлдвэрлэдэг. Инсулин нь хүний хоол тэжээлээр орсон цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгадаг. Инсулин гэмтвэл хэвийн үйл ажиллагаа алдагдана. Дөрөвдүгээр хэлбэрийн бусад хэв шинжид дотоод шүүрлийг булчирхайн зарим эмгэг, бамбай булчирхай томорсны дараа хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.

-Яагаад жирэмсэн үед чихрийн шижнээр өвчлөх магадлал өндөр байдаг вэ?

-Жирэмсний үед ургийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд олон төрлийн пигмент өсдөг. Энэ дааврууд инсулиныг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Улмаар инсулиныг цусанд байх ёстой хэвийн хэмжээнээс ихэсгэдэг. Үүнээс болж жирэмсэн эх чихрийн шижин өвчнөөр өвчилдөг. Хэрвээ жирэмсэн үедээ чихрийн шижнээр өвчилсөн тохиолдолд дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаагаа хянуулж амаржих хэрэгтэй. Тэгэхгүй бол урагт очих сахарын хэмжээ нэмэгдэж гаж хөгжилтэй, хэвийн хэмжээнээс том хүүхэд төрнө. Иймээс олон улсын чихрийн шижний холбооноос 24-28 недельтэй эх цусан дахь сахарын хэмжээгээ хянуулна гэж заасан байдаг. Манай улсад Мянганы сорилтыг сангийн санхүүжилтээр энэ төрлийн удирдамж гарсан. Удирдамжийг эмч, эмнэлгийн ажилтнууд мөрдөх ёстой.

-Чихрийн шижин удамшдаг уу?

-Хүний ген мэдрэг шинжийг дамжуулдаг. Удмын мэдээлэл болгон өөр, өөр. Ер нь ээж, аав нь хоёулаа энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд өвчлөх магадлал 90 хувь гэж үздэг. Сүүлийн үед удамшлын ген өвчин дамжуулдаг талаар генетикийн судалгаанууд хийгдэж байгаа. Туршлагаасаа харахад шалтгаангүй таргалаад байвал өвчлөх магадлалтай. Сүүлийн үед таргалалт ихсэж байна. Хэдэн жилийн өмнө тарган хүүхэд харагддаггүй байсан. Харин өнөөдөр захын сургуулиар ороход л тарган хүүхдүүд харагдах болж.

-Өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хэв шинж хоёрт шинж тэмдэг бага. Ам цангахаас гадна шингэн алдах нь ихэддэг. Үүнээс гадна ядарч, шалтгаангүй турна. Биеэр идээтэй тууралт гарна. Эмэгтэй хүнд шээсний дараа үтрээний хэсгээр загатнах шинж тэмдэг илэрнэ. Чихрийн шижин, цусны даралт хоёр ихэр юм. Хэрвээ шижин өвчтэй бол цусны даралт нэмэгддэг.

-Чихрийн шижнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хоолловол урьдчилан сэргийлж чадна. Урьдчилан сэргийлэх дэлхийн олон туршлага байна. Энэ талаар Финлянд улс томоохон хэмжээний судалгаа хийсэн. Энэ улсын эрдэмтэд чихрийн шижнээр өвчлөх магадлалтай хүмүүсийн жин болон сахарын хэмжээг үзээд судалгаанд хамруулжээ. Хөдөлгөөнийг нь нэмэгдүүлж хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүний ислэгийг таван хувь нэмэгдүүлээд, өөх тосны хэмжээг 30 хүртэлх хувиар багасгасан байна. Энэ хугацаанд судалгаанд хамрагдсан хүмүүсээс нэг нь ч чихрийн шижнээр өвчлөөгүй дүн гарсан байдаг.

-Манай оронд энэ өвчин хэдэн онд анх бүртгэгдсэн бэ?

-1960-аад оны үед бүртгэгдээгүй байсан тухай тэмдэглэл бий. Чихрийн шижний анхны судалгааг 1999 онд хийсэн. Үүнээс өмнө эрдэм шинжилгээний төвшинд хүрээгүй ч оношлогддог байсан. 1999 оны судалгаагаар манай улсад 30 орчим мянган хүн чихрийн шижин өвчтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Гэтэл 2009 онд хийсэн судалгаагаар 60 гаруй мянган хүн өвчтэй байсан. Хамгийн аюултай нь эмчийн хяналтад ороогүй олон хүн байгаа. Чихрийн шижин сүүлдээ судасны хүндрэл болдог. Үүнд мэргэжлийн хүмүүс их санаа зовж байгаа.

-Энэ өвчний талаар зөвлөгөө өгдөг газар бий юу?

-Хоёр, гуравдугаар шатны бүх эмнэлэгт булчирхайгаар дагнасан нарийн мэргэжлийн эмч бий. Чихрийн шижнээр өвчилсөн хүмүүст сургалт явуулж хянадаг заах аргазүйч, сургагч багш байдаг. Мөн анхан шатны сум, өрхийн эмнэлгүүдийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн.

-Чихрийн шижний эм үнэтэй байдаг. Үнэгүй өгдөг газар байдаг уу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд чихрийн шижинтэй хүмүүсийн эмийг үнэгүй олгоно гэж заасан. Гэхдээ эдийн засгийн байдлаас шалтгаалж чихрийн шижинтэй хүмүүсийн эмийг 100 хувь хангах боломж байхгүй. Чихрийн шижин өртөг өндөртэй өвчин. Тэгэхээр өвчтэй хүмүүс харьяа дүүргийн эмнэлгээс эм авч байгаа. Одоо эмийн сонголт харьцангуй сайжирсан. Олон төрлийн эмнээс эмчтэйгээ санал солилцож байгаад хэрэглэх хэрэгтэй. Иргэдэд дутагдалтай тал олон. Бие нь муудсан үед эм уугаад гайгүй болохоор больчихдог. Даралтын эм ч ялгаагүй. Ихэссэн үед уугаад гайгүй үед уухгүй байвал эмчилгээ болж чадахгүй.

-Чихрийн шижнээр өвчилсөн хүн яагаад хөлөө сайн арчлах ёстой юм бол?

-Энэ өвчин олон хүндрэл дагуулдаг. Захын мэдрэлийн мэдрэлжүүлэлтийг гэмтээдэг. Сахар хэдий чинээ их байна хүний биеийн захын хэсгүүд аюулд өртдөг. Хөл, нүд /торлог судас/ хамгийн түрүүнд гэмтдэг. Улмаар хөлний хуруу мэдрэх чадваргүй болдог. Ийм хүмүүсийн хөл халуун, хүйтнийг мэдэрдэггүй. Үүний хажуугаар гадны ямар нэг гэмтэл авснаар идээлдэг. Үүнээс болж хөлөө тайруулах хүртэл аюул дагуулдаг. Тиймээс сургагч багш, эмч нарт хөлөө үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь чихрийн шижин өвчтэй нь оношлогдсон тохиолдолд сургалтад суух хэрэгтэй. Сургалтаас даралтаа яаж хянах, хоолоо хэрхэн тохируулах талаар мэдлэгтэй болно.

-Үнэ төлбөргүй шинжилгээ хийдэг газар бий юу?

-Харьяа дүүргийн эмнэлгүүддээ шинжилгээ өгч болно. Шинжилгээ өгөхөд цахим карттай байх хэрэгтэй. Түүнээс биш 100 хувь үнэ төлбөргүй хамрагдах газар одоохондоо байхгүй.

-ЭМШУИС энэ чиглэлээр төсөл боловсруулж байгаа гэж сонссон?

-Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр шинээр оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүсийн сургалтын өнөөгийн байдлыг судлахаар болсон. Өвчтөнүүд сургалтад хэр хамрагддаг, энэ талаар ямар мэдээлэлтэй байгааг судлах юм. Мөн өвчтөнүүдийн сэтгэлзүй, амьдрал нь ямар байгаа талаар судалгаа хийсэн. 

Сэтгүүлч Л.Отгонбат, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.