Цирк жилдээ 1400 удаа тоглож 890.5 хүнд үйлчилдэг байжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Монгол гэр хэлбэртэй энэ ордон 1971 онд Румын улсын тусламжаар ашиглалтад орсон байдаг юм байна. Ийнхүү Монголын циркчид байртай болж, уран бүтээлээ ч сэтгэл тэнүүн урам зоригтой туурвих болжээ. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гэгч эрхэм зохион бүтээсэн бөгөөд суудлын тоо нь 2000 юм.

Циркт тухайн үед 30-аад ажиллагсад, 200 орчим уран бүтээлч, 40 гаруй мал, амьтан, араатантай байсан тухай тоон баримт байна. Долоо хоногт есөн удаа тоглолт хийдэг, үзэгчид циркийн суудлын 70-75 хувийг дүүргэдэг байжээ.

Цирк жилдээ 1400 удаа тоглож 890.5 хүнд үйлчилдэг байсан статистик байна. Тэгвэл манай улс тухайн үед 1.7 сая хүн амтай байв. Үүнээс үзэхэд, нийт хүн амын 40 хувьд нь цирк хүрч үйлчилдэг байжээ гэсэн тооцоо хийж болохоор юм.

Тэгвэл өнөөдөр циркт мэргэжлийн жүжигчин байна уу гэсэн асуултад байхгүй гэсэн хариулт гарч байна. Одоогоос 11 жилийн өмнө АСА цирк болж менежментийн хувьчлал хийснээр Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж авсан. Түлхүүр хүлээж аваад тэрбум төгрөг өгсөн нь тэр үед Монголд байгаагүй өндөр үнэ байлаа. Гэвч цирк хөгжсөнгүй. Тухайн үедээ Монголын циркийг хөгжүүлнэ, хөл дээр нь босгоно гэж л авсан. Учир нь цирк мөнгө санхүү байхгүй, мөхөл рүүгээ явж байсан нь бодит үнэн. Гэхдээ уран бүтээлээрээ бол дэлхийд тавдугаарт жагсч байсан юм байна. Дэлхийн үзэгчид Монголын циркийг үзэх гэж ид буцалж байсан оргил үе гэдгийг ч энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монгол цирк түүхэндээ 1988 онд олон улстай худалдааны гэрээ байгуулж, зах зээл дээр гарсан байдаг. Энд хоёр төрлөөр дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж байжээ. Тэр нь уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэр юм байна.

Тэгвэл хувьчилж авсан гэрээнд юу гэж дурьдсаныг сөхөж харъя. Гэрээнд нэгдүгээрт, циркийн төрөл, хэлбэрийг өөрчлөхгүй. Хоёрдугаарт, циркийн ажилчин, орлон тоглогчийн орон тоог цомхотгохгүй, цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Гуравдугаарт, нийт олсон орлогын 30 хувийг циркийн уран бүтээлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд зарцуулна гэсэн ийм л босготой, ийм ч зорилготойгоор анх хувьчилж авчээ.

2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар, циркийг хувьчилж авсан АСА цирк нэг ч орлон тоглогч, жүжигчин байхгүй. Ийм учраас цалинг хоёр дахин нэмэгдүүлэх нь талаар өнгөрсөн гэсэн гомдлыг циркийн уран бүтээлчид ярьсан нь сонины хуудаснаа цагаан дээр хараар дурайж байх юм. Циркт тоглодог байсан 50 гаруй төрлийн амьтдаас нэг ч алга. Сармагчин, чоно, ямаа, морь, тэмээний нэг нь ч алга. Циркийн үйл ажиллагаа ч өмнөх төвшнөөс унаж, мөхсөн ажээ. Тоглолтын бодлого байхгүй, тоглолт ч явагдахгүй байгаа. Ийм байхад цирк сайн байгаа, хөгжиж байна хэмээн тархи угаасан зүйл ярьж байгаа нь харамсалтай хэмээн ахмад уран бүтээлчид нь ярьж сууна. Тэд гомдол саналаа хэлж төр, засгаас хувьчлал ёсоороо явсан эсэхийг шалгаач, цааш үргэлжлүүлэх бол нөхөн төлбөр төлүүлж Монголын үзэгчид, уран бүтээлчдэд циркийг буцааж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан юм байна. Энэ дагуу ШӨХТГ, О.Магнай асуудал сөхсөн байх талтай.

Олон улсын туршлагаас авч үзвэл циркийг хөгжүүлэхэд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой байдаг юм байна. Нэгд, циркийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник, аюулгүй үйл ажиллагааг хангах орчин байх ёстой. Хоёрт, 13 диаметр бүхий манеж, 20 метрийн өндөртэй талбай бүхий суудалтай танхим байх учиртай байдаг ажээ.

Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев циркийнхээ хувьчлалыг эргэж хараад, соёлын голомт мөхөж байна хэмээн үзэж төрийн мэдэлд буцааж авсан байна. Дэлхийд гайхагдсан цирк өнөөдөр хаана байна гэвэл, Казахстан улсын нийслэл Астанад л байна. Франц, Монакагийн вант улс, Монте Карло хот дахь гайхамшигт циркийг нэрлэж болно. Хятадын Уханьд ч мөн адил. Яваандаа Казахстан улс циркийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх чиг хандлага улам тодорхой болж байгаа ажээ.

Циркээс төрсөн алдартан, гавьяатнууд гэвэл өнгөрсөн 73 жилийн түүхэнд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын болон гавьяат жүжигчин 30 хүн энэ хамт олны дотроос төрөн гарчээ. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 150 гаруй хүн шагнуулсан байна. Циркийн дэлхийн олимпоос дээд шагнал Гран при хүртээгүй ч мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт бий. Монгол циркийн гайхамшигт уран нугаралт төрлөөр 1987 онд мөнгөн медаль хүртсэн. 2013 онд акробатын үзүүлбэрээр хүрэл медаль хүртсэн. Гэхдээ ямар нөхцөлд энэхүү хүрэл медалийг авчрав гэдэг нь сонин.

Цирк нь байргүй, улсаас төсөв, мөнгө өгдөггүй. Ямар нэгэн урамшуулал ч олгодоггүй. Ийм нөхцөлд циркчид бор зүрхээрээ зүтгэж, амжилт гаргаж явна. Энд юуг онцолж хэлэх гээд байна вэ гэвэл, циркийн урлагийг хөгжүүлэх орчин нь устсан ч уран бүтээлчид нь, уран бүтээл нь амьдарч л байгаа юм байна. Түүний илэрхийлэл нь, гэрч нь Монголын циркчдийн 2013 онд олон улсын наадмаас авчирсан хүрэл медаль юм.

Циркийн урлаг найман үндсэн төрлийг бүрдүүлж байж цогц болдог юм байна. Үүнийг ганцаарчилсан болон хос уран нугаралт, алиалагч, амьтдын үзүүлбэр, агаарын гимнастик, хүнд жингийн үзүүлбэр гэхчлэн нэрлэж болно. Гэтэл цирк цирк шиг байж чадаагүйн улмаас тарж бутарч, аль нэг талыг түлхүү хөгжүүлсэн бие даасан хувийн цирк байгуулагдаж эхэлсэн байна. Өнөөдөр монголд дөрвөн жирк байна. “Циркус Монголиа-Хадгаа цирк”-ийг ахмад уран бүтээлч Хатанбаатар байгуулжээ. “Шинэ цирк ба нүүдлийн майхан цирк”-ийг уран бүтээлч Зоригоо санаачлан байгуулсан байдаг. “Уран нугаралтын Анжелос төв”-ийг уран бүтээлч Батболд үүсгэн байгуулсан. “Морьтны гайхамшиг” Монгол-Солонгосын хамтарсан морин цирк Төв аймагт бий. “Монгол гайхамшигт урлаг” циркийг Дорж гэдэг хүн байгуулан ажиллаж байгаа.

80 жилийнхээ ойг хүйтэн майхан Циркчид маань хийлээ. Арай л харамсамаар!

Гэтэл АСА циркийн байр уушийн газар, ПС тоглоомын газар, бар караоке болсон байна.

Гантөмөрийн Энхжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.