С.Оюун: АН-тай байгуулсан гэрээгээ шинэчлэхгүй. Хуучнаар нь үргэлжлүүлнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

ИЗНН-ын Үндэсний хорооныхон өнгөрсөн амралтын өдөр хуралдлаа. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-ИЗНН-ынхан энэ амралтын өдөр хуралдлаа. Ямар учраас ингэж хуралдах болов. АН-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэхийн тулд хуралдсан гэх мэдээлэл байна?

-Үндэсний хороо ээлжит хурлаа хийлээ. Манай намын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүд орж гарсантай холбоотой тэднийг чөлөөлөх, сон­гох, баталгаажуулах асуу­дал байсан юм. Түүнийгээ л  шийдвэр­лэлээ. Мэдээж 2012 онд АН-тай хийсэн Засгийн газрыг хамтран байгуулах гэрээгээ давхар ярилцлаа. Эцэст нь Үндэсний хорооны гишүүд маань одоо үйлчилж буй гэрээгээ үргэлжлүүлэн тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн. Шинэчлэх шаардлагагүй, хуучнаар нь үргэлжлүүлнэ гэж үзсэн.

-Гишүүд, удирдах зөвлөлийн зүгээс ямар асуудлыг шийдэхийг хүсч байна?

-Үндэсний хороо улс орны нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ өгсөн гэж үзэж болно. Өнөөгийн нөхцөл байдлын талаар ИЗНН-ынхан тусгайлан дүгнэлт хийлээ. Энэ мэдэгдлээ удахгүй олон нийтэд хүргэнэ. Гишүүд маань бизнес эрхлэлтийн орчинг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулах зэрэг өргөн хүрээний сэдвээр санал бодлоо ярьцгаасан. Хүний эрх, эрх чөлөөний баталгаат байдлын талаар ч санал бодлоо илэрхийлж байна.

-ИЗНН нь Засгийн газарт хамтран ажиллаж байна. Танай намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс Засгийн газрын хөтөлбөр болон хэрэгжиж байгаа нь хэд бол. Хэрэгжилтийнг үр дүн ямар төвшинд байна. Мэдээж таны удирдаж байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бодлогын төвшинд ажил хэрэг болж байгаа нь олон биз?

-2012 оны сонгуулийн “Амьдрал” хөтөлбөрөөс маань 50 гаруй заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. БОНХЯ-ны үйл ажиллагаанд илүүтэй тусч хэрэгжиж байна. Тухайлбал, ногоон хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулж чадлаа. БОНХЯ-ыг толгойлж байгаагийн хувьд үүнд их баяртай байгаа.

Манай улсын бүхий л салбарын хөгжилд ногоон бодлого, ногоон зарчим үйлчлэх ёстой болж байна. Хөгжлийн ногоон чиг хандлагад маань НҮБ дэмжлэг үзүүлнэ. Ногоон хөгжилдөө энэ байгууллагаас дэмжлэг авахаар болсон эхний долоон орны нэг нь Монгол Улс. Бодлого батлагдсанаас хойших саруудад байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, бохирдлыг бууруулах боломжтой 41 төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж чөлөөлсөн байна. Дэвшилттэй шинэ тоног төхөөрөмж оруулж, шинэ технолог нэвтрүүлж байгаа зургаан  аймгийн 24 аж ахуйн нэгж 2.4 тэрбумын татвараас чөлөөлөгдөж, хөнгөлөлт эдэлжээ гэсэн үг.Засгийн газрын шийдвэрээр үйлдвэрлэлийн зориулалттай усны үнийг нэмэгдүүлсэн. Үүний хамт усаа дахин ашиглаж байгаа үйлдвэрлэгчийг урамшуулах тогтолцоотой болсон. Үнийг нь хөнгөлнө, чөлөөлнө. Уул уурхайн компаниуд хэмнэлт хийхийн тулд хаягдал усаа нөөцлөх байгууламжтай болсноор энэ онд 73 сая тонн ус хэмнэсэн дүн гарч байна.

Монгол орон даяар Сав газрын захиргаа гэх нэртэй 29 төрийн захиргааны байгууллага бий болоод өнөөдөр ажил нь жигдэрч байна. Цаашдаа улам бүр бэхжүүлэх учиртай. Тэдний гол зорилго нь гол ус нуураа, гүний усаа хамгаалах, ашиглалт бохирдолтод хяналт тавих, хэрэглээг зохицуулах юм. Сав газрын захиргааг Сав газрын зөвлөлүүд дэмжиж ажиллана. Орон нутгийн оролцоотой ийм зөвлөлүүд Улз, Туул, Тэс-Увс нуурын сав газарт ч гэсэн байгуулагдсан. Өнгөрсөн оноос тодорхой нөхцөл, болзол хангасан тохиолдолд тарьсан ойгоо өмчлөх эсвэл улсад худалдах журамтай боллоо.

-Ойгоо хамгаалах гэсэн танай намын санал санаачлага биелэлээ олж байх шиг байна?

-Ойжуулалтыг зөвхөн төсвийн төдийгүй хувийн хэвшлийн хөрөнгөөр хийдэг болчихлоо. Нийтдээ 50 орчим га ой худалдан авлаа. Үнэлгээг нь 2-3 дахин өсгөж НӨАТ-аас чөлөөлснөөр мод тарих 8300 гаруй хүний  орлого 1.5-2 дахин нэмэгдэх жишээтэй. Энэ хүмүүсийн 2300 орчим нь байнгын ажлын байртай болсон.

Засгийн газрын шийдвэрээр импортын мод, модон материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсний дүнд ОХУ-аас орж байгаа модон материалын хэмжээ өнгөрсөн оны эхний хагасыг энэ оныхтой харьцуулахад 18 дахин нэмэгдлээ. Монголчууд бид өөрсдийн 1645 га орчим ой буюу 170 мянган шоометр нойтон модоо тайрч унагалгүй хэмнэж чадлаа.

Мөн өнгөрсөн онд төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосныг олон нийт мэдэж байгаа. Бас л ойгоо аварч хамгаалж байгаа хэрэг юм. Дээрээс нь тусгай зориулалтын ан буюу тоо толгой нь цөөрч ховордсон  ан амьтныг агнах зөвшөөрлийг орон нутагт шилжүүллээ. Ингэхдээ тоо хэмжээг нь эрс цөөлсөн. Гадаад улсад шонхор арилжаалахыг таван жилийн хугацаатай хориглоод байна. Дархан цаазат Богдхан ууланд газар олгохыг 2012 оны есдүгээр сараас хориглосон. Хориг маань энэ оны долдугаар сард дууслаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт асуудал оруулаад байна. Зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент болон санхүүгийн механизмыг  шинэчлэн боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Хуулийн өөрчлөлтийн төслийг иргэний нийгэм болон судлаачдаар хэлэлцүүлж байж Засгийн газарт оруулсан. 

Олон түмэнд сануулж хэлэх ёстой бас нэг чухал шийдвэр бий. Байгалийн нөөц ашигласны татварыг орон нутагт бүрэн шилжүүлсэн. Үүний 50 хувийг нь орон нутаг байгаль хамгаалах үйл ажиллагаандаа зориулах үүрэг хүлээж байгаа.  Мэдээж өнгөрсөн бямба гаригт хуралдсан намыхандаа БОНХЯ-ны үйл ажиллагаа, шийдвэрлэсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Үндэсний хорооныхон маань биднийг амжилттай сайн ажиллаж байна гэж дүгнэсэн. 

-ИЗНН нь идэвхгүй байгааг зарим улс төр судлаачид шүүмжилдэг. Сонгуулийн өмнө гарч ирдэг гэж?

-Харин ч их идэвхтэй ажиллаж байгаа шүү. УИХ-д хоёр суудалтай, сайд, дэд сайдтай. Бодлого боловсрууулах, хэрэгжүүлэх аль, аль шатанд нь идэвхтэй оролцоод ажиллаж байна гэж би үзэж байна. Арга барил, улс төрд орохдоо өмнөө дэвшүүлсэн зорилгоосоо болоод бусад намуудаас ч юмуу улстөрчдөөс ч юмуу өөр, идэвхгүй ч юм шиг харагддаг байх. Бид сонгогчдоос итгэл хүлээсэн, Засгийн газарт тууштай, үр дүнтэй ажиллах зорилгоор гэрээ байгуулж орсон, намын мөрийн хөтөлбөр бий.  Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Хэрэгжүүлэхийн төлөө эвлээд хамтраад ажиллаж байна. Бид ер нь “улс төр” хийх гэж нам байгуулаагүй. Хоосон цэцэрхээд эсвэл тэмцэгч дүр үзүүлж хэрүүл гуйгаад явах нь идэвхтэй улс төр биш. Тэгээд  ч тийм хүмүүсээр, намуудаар Монгол өнөөдөртөө нэг их дутаагүй байх аа. ИЗНН зорилготой, зарчимтай, үүндээ нийцсэн арга барилтай нам. Намын дотоод ажил ч хэвийн байна. Намынхаа үндэсний хорооны хурлаа хийлээ. Конрад Аденауэрийн сантай хамтарч орон нутгийн гишүүддээ хэд хоногийн сургалт ч мөн зохион байгууллаа.  

-Улс төрийн намын тухай хууль болоод Сонгуулийн тухай хуулийн хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Танай нам санал дүгнэлтээ өгсөн үү. Ямар өөрчлөлтийг дэмжиж байгаа вэ. Улс төрийн намууд улсын төсвөөс санхүүжих гэснийг нь дэмжиж байгаа юу?

-Манай С.Дэмбэрэл гишүүн бид хоёр энэ хуулиудын Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. ИЗНН саналаа томьёолоод өгсөн. Намуудын санхүүжилтийн тухайд бол зөвхөн парламентад суудалтай болж чадсан намуудад хамаарах асуудал юм. Парламентын намуудыг одоо ч гэсэн санхүүжүүлж байгаа. Гишүүний суудлын мөнгө гэж жил бүр өгдөг. Бас УИХ-ын сонгуулиар авсан саналын тоогоор нэг удаагийн санхүүжилт өгдөг. Парламентад суудалтай, хууль тогтоож байгаа намууд төсвөөс санхүүжих хэрэгтэй. Мөнгө, санхүүжилтээр дамжин ирэх бусдын нөлөөнөөс хамгаалагдсан нөхцөлд шийдвэр нь олон нийтийн эрх ашигтай зөрчилдөхгүй, зөв зүйтэй гарах магадлал нь өснө. Гэхдээ парламентад суудалтай нам болгоны зардал бүрийг татвар төлөгчид өмнөөс нь төлж байх албагүй. Тийм ёс ч байхгүй. Ямар зардлыг нь төсвөөс санхүүжүүлэх вэ гэдгээ  хуулиар нарийвчлалтайгаар зааж өгөх ёстой. Мэдээж өгсөн мөнгөнийхөө араас бас маш сайн хяналт тавих шаардлагатай. Зар­цуулалт хуулиар заасан зориулалтаар явах ёстой.

-Өдгөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ярих болжээ. ИЗНН-ын хувьд энд ямар байр суурьтай байгаа бол?

-Чухал бөгөөд том асуудал. Бас манай нийгэмд тулгамдсан асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлт олон жил хүлээгдэж байна. Юуны өмнө манай нийгмийн улс төрийн систем, удирдлаганы тогтолцоог боловсронгуй болгож цэгцлэх шаардлагатай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр үүнийг хийх боломжгүй.  Би шинэ Үндсэн хууль боловсруулж батлах тухай огт яриагүй шүү. Сайн судалгаатай, бэлт­гэлтэйгээр одоо үйлчилж буй Үндсэн хуульдаа үнэхээр тулгамдчихаад байгаа нэмэлт өөрчлөлтүүдийг хийх цаг нь болсон гэж би үздэг.

Эх сурвалж: Д.Болормаа, "Зууны мэдээ" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.