Бид цэгцтэй, ойлгомжтой, ончтой ярьж сураагүйн шалтгаан юу вэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 18-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Коронавирусний халдвар аминд тулсан асуудал болсон учраас л бид санаа зовон холбогдох мэдээ мэдээллийг чих тавин анхаарч сонссоор дарга сайд нар, мэргэжилтнүүд цэгцгүй, ойлгомжгүй, нуршиж ярьдгийг мэдэж, шүүмжилж эхэллээ. Үнэндээ төрийн албан хаагчид ч, иргэд бид ч цэгцтэй сайхан ярьж чаддаггүй. Дарга сайд, хариуцлагатнууд солигдсон ч нөгөө нуршуу, ойлгомжгүй яриа үргэлжилсээр л байгаа биз дээ.

Шалтгаан нь: Манайд монгол хэлний сургалт маш муу явагддаг. Багш нар, аав ээж, ахмадууд хүүхэд багачууддаа монголоор зөв сайхан ярихыг үлгэрлэн үзүүлж сургадаггүй, өөрсдөө ч тааруухан ярьдаг. Монголд тив дэлхийн аварга болох, анги сургуулийн тэргүүний хүүхэд болох, алт мөнгөн медаль зүүх, цом гэрчилгээ хүртэх, эссе бичих, илтгэл тавих гэх мэтийг алдар нэр олох, нийгэм нийтэд тодрох, сургуульд дэвшин суралцах нэг арга гэж үздэг болсон нь зөв сургалт явагдахад саад болж байна.

Яах ёстой вэ: Шинжлэх ухааны мэдлэг чухал боловч амьдралд хэрэгтэй мэдлэг бас хэрэгтэй. Амьдралд хэрэгтэй мэдлэгүүдийн нэг бол “монголоор зөв, ойлгомжтой ярьж бичиж сурах”. Эрх мэдэл, эрдэм мэдлэг байгаад монголоороо зөв ярьж чадахгүй бол олны шившиг болохыг өнөөдрийн дарга сайд нар харуулж байгаа бус уу? Энгийн өгүүлбэрээр яриад л сурчих. Урт урт сунжралдсан үг, өгүүлбэр хэлхэж ярих гээд хэрэггүй. Санаагаа онож хэлэх гэж хичээгээд бай. Энэ санааг монголоор яаж хэлэх вэ, гээд монгол өгүүлбэрээ зөв зохиож сур, яг гадаад хэл сурдаг шиг ээ. Монгол хэлний тайлбар толь, журамласан толь зэрэгтэй нөхөрлө, зөв сайхан найруулгатай зохиол бүтээл унш, үгийн баялагтай, сайхан ярьдаг хүний яриа хөөрөөг сонс. Энэ сайд дарга нар шиг түмний шившиг болохгүй юмсан гэж, бод. Үр хүүхдээ ч тэгэж сурга. Сошиал ертөнцөөр тэнүүчилж байгаа цаг хугацааныхаа өчүүхэн хэсгийг монгол хэлний боловсролдоо зориул!

Иргэд бид төрөлх монгол хэлээрээ зөв, сайхан, цэгцтэй, ончтой ярьж бичиж сурвал наад дарга сайд нарт чинь “монголоор тааруу ярих” орон зай олдохгүй болно, гэж л мунхаглах юм даа, би.

Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.