Үнэний эрэлд 2 мянган бээр аялсан нь - II хэсэг

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

/ Хоёрдугаар хэсэг /

Ураны үйлдвэрийг нүдээр харахаар зорьж явсан малчдын маань нэг нь онгоцонд суух бүртээ дэлгэцэн дээр харуулдаг туулах замын уртыг анзаарч яваагаа хэлсэн юм. Би ч бас дуурайж, тоолж явсаар эргээд Улаанбаатарт буухад онгоцоор туулсан замаа бодвол бараг 3 мянга гаруй км болж байсан санагдана. 

Сузакын бардам захирагч

Өмнөх хэсэгт өгүүлсэнчлэн Казахстан улсын 14 муж дотроос Өмнөд Казахстан мужид, тэр дундаа Сузак дүүрэгт хамгийн их ураныг олборлож байдаг тул бидний аяллын бас нэг гол зорилго нь тус дүүргийн оршин суугчид их хэмжээний уран олборлолт болон шар нунтгийн үйлдвэрлэл дунд хэрхэн аж төрж байгааг мэдэх болж байсан юм.

Сонин болгоход казахуудын овгийн ахлагчаа онцгой хүндлэн дагадаг уламжлал Казахстан улсын засаг захиргааны зохицуулалтад ч шингэсэн байдаг бололтой юм. Засаг захиргааны нэгжийн захирагчийг “Аким” гэж нэрлэнэ. Сузак дүүргийн “Аким” биднийг хүлээж авахаасаа өмнө аяллын багт багтсан хамгийн өндөр настай 3 хүнийг эхэлж хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нь бас л сонин байлаа.

Харин дараа нь манай аяллынхныг хүлээн авч сонирхсон асуултад нь хариулан, уулзалт хийсэн нь бидний бодсоноос илүү өргөн арга хэмжээ болж байх юм. Учир нь уулзалтад тус дүүргийн захиргааны ажилтнуудаас гадна КАТКО үйлдвэрийн удирдлагууд, мөн Сузак дүүргийн хэвлэл мэдээлэл, орон нутгийн телевизийнхэн хүртэл хүрч ирлээ. Эхлээд уран олборлолтоос Сузак дүүрэгт ямар үр нөлөө байгаа тухай “Аким” нэлээн тодорхой ярьж өглөө.

Өмнө нь Казахстаны хэмжээнд дүүргүүдийг жагсаахад хамгийн доор шахуу орж байсан Сузак одоо бол ашиг орлого, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ тэргүүлэгчдийн нэг болсон гэж байна. Ийм амжилт олоход 1980-аад онд хоёрхон компани эрхэлж байсан уран олборлолт сүүлийн жилүүдэд огцом эрчээ авсантай холбоотой гэж Аким тайлбарлав. Сузак дүүрэг нийт 60 мянга орчим хүн амтайгаас 11 мянга нь тус дүүргийн нутагт уран олборлож, мөн энэ салбарын бусад үйлдвэрлэлийг явуулж буй  17 компанид ажилладаг юм байна. 

Хэрэв тэдгээр ажилчдын ар талд дунджаар гэр бүлийнх нь 4 хүн байдаг гэж тооцвол ( казах өрхүүд олон хүүхэдтэй.ред ) тус дүүргийн нийт хүн амын дийлэнх нь ураны үйлдвэрлэлээс өрхийн орлогоо олдог гэсэн тооцоо гарсныг “Аким” онцолж байлаа. Мөн ураны үйлдвэрүүд дангаараа Сузак дүүргийн төсвийн 70 хувийг татвар хэлбэрээр бүрдүүлж байгаа гэнэ. Тус дүүргийн төсөв нийт 7,5 тэрбум тэнгэ (1 тэнгэ ойролцоогоор 11 төгрөгтэй тэнцэнэ.) болж байгаагийн 70 хувийг дээрх ураны үйлдвэрүүдээс татвар хэлбэрээр бүрдүүлдэг юм байна. Товчхондоо ураны олборлолт болон Казахстан даяараа амтаараа алдартай тус дүүргийн бод малын махны нийлүүлэлт Сузакчуудад хангалуун амьдрах боломжийг олгосоор удаж байгаа гэнэ. 

Зорьж очсон малчдын хамгийн их сонирхож лавласан бас нэг асуулт бол ураны үйлдвэрлэлээс орчин тойрондоо ямар нөлөөтэй байдаг тухай байв. Сузакийн захирагч хэлэхдээ, “Энэ асуултад хамгийн сайн хариулт өгөх зүйл бол оршин суугчдын эрүүл мэндийн үзүүлэлт л болох байх даа “ гээд тоо баримтуудыг хэлж өгч байлаа. Тус дүүрэг нь Казахстаны хэмжээнд өвчлөлийн тоо хамгийн багатай таван дүүргийн нэг болсон байна. Сүүлийн гурван жилд энэ дүүрэгт эхийн эндэгдэл огт гараагүйн дээр нялхсын эндэгдэл энэ хугацаанд 2 дахин буурчээ.

Сузак дүүргийн захирагч нэг зүйлийг онцгойлон баталж хэлсэн нь ураны үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүн өвчилж, эндсэн тохиолдол огт гарч байгаагүй гэсэн юм. Мөн тэрээр олон жил удирдах ажил хийх хугацаандаа ураны үйлдвэрлэл явагдаж байгаа талбайнуудыг байнга эргэж, хяналт тавин 20 гаруй жил болсон хүний хувьд энэ үйлдвэрлэл хортой нөлөөгүй гэдгийг батлах амьд жишээ болсон гэж хэлж байлаа. Аким одоо 63 настай гэж хэлээд 7 хоног бүр гар бөмбөг тоглодог гэж ярьж байна. “ Хэрэв ураны үйлдвэрлэл муу нөлөөтэй байсан бол би 7 хүүхэдтэй болж чадах ч үгүй байсан биз. Одоо миний насыг та нар тааж хэлэхэд амаргүй л харагдаж байгаа биз дээ” гэж Сузакийн захирагч бардам хэлж байв.

Казах малчныд

Казахстанд ирснийх, тэндхийн малчдын санаа бодол болон мал сүргийнх нь эрүүл байгаа эсэхийг мэдэх нь тун чухал байлаа. Аяллын хөтөлбөр давчуу байсан ч бүтэн өдөр зарж байж хоёр ч малчин айлаар орж амжив. Монголчуудаас ялгаатай нь бод мал, тэр дундаа адууг махны чиглэлээр түлхүү өсгөж үржүүлдэг гэж ярьцгааж байна. Монголчуудын хундан цагаан хонь гэдэг ойлголт тэднийд байхгүй бололтой шүү. Голцуу хар бараан зүсмийн бог мал их байгаа харагдана. Сузак дүүргийн малын махыг Казахстан даяараа онцгой үнэлдэг тул мал эмнэлгийн хариуцлага сайн байдаг гэж бидэнд ойлгууллаа. Тус дүүргийн мал эмнэлгийнхэнтэй уулзаж байхдаа малчид маань өөрсөддөө тулгардаг бэрхшээл, малын өвчлөлийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн ч тийм зүйл огт гарч байгаагүй гэж хэлж байсан. Тэр дундаа уранаас болж малын өвчлөл гарч байсан тохиолдол байхгүй гэж Сузак дүүргийн Мал эмнэлгийн дарга нь батлан хэлж байх юм.

Гэхдээ нэгэнт очсоных сонссоноо лавтай болгох гэж нэг хонь гаргуулахаар болов. Ёс заншлынхаа дагуу толгойг нь авч төхөөрсөн хонины гэдэс дотрыг гаргуулсныхаа дараа Дорноговийн малчид маань нарийн шинжилгээ хийж үзлээ. Зүрх, элэг гээд дотор эрхтнийг нь нэг бүрчлэн үзэж эрүүл байна гэж дүгнэв. Харин уушгины хувьд бага зэрэг хуваагдаж, Улаанбадрах сумын малчин Эрдэнэтуяад жаахан томорсон харагдаж, бусдад нь эрүүл гэж тооцогдов. Гэвч дараа нь гаргасан хониороо казах малчид маань казах үндэстний сайхан хоол “куюрдак” хийж биднийгээ дайлж, аяншсан бид ч нэлээд “ширүүн” идэж авсанаас хойш сар гаруй болчихож... Эрүүл л байсийм байлгүй, мэдэгдэх л юм алга, миний хувьд...  

Катко-д хөл тавьсан нь

Мэдээж аяллын маань оргил хэсэг нь уран олборлож, шар нунтаг гаргаж байгаа Катко үйлдвэрийг үзэх байсан юм. Үүний тулд Казахстан улс руу холын аялалд гарсан малчид болон би өөрөө ч ялгаагүй, анхандаа ураны үйлдвэр гэхээр нүсэр том байгууламж байх юм гэж бодож явсан л даа.

Тэгээд ураны үйлдвэрт нь түгшүүр төрүүлмээр битүү хамгаалалтын хувцастай, баг өмссөн хүмүүс ажиллаж байх юм гэж бодсон чинь... Ёстой тэрэн шиг том эндүүрэл алга аа. Эхэндээ тэр шар нунтгийн үйлдвэр лүү нь ер нь ч орох хэрэг байна уу даа гэх маягийн жихүүдэстэй явсанаа одоо эргээд бодохоор ичмээр ч юм шиг. Биднийг ураны шар нунтаг боловсруулах үйлдвэрээр бүтэн цагийн туршид дагуулан явж танилцуулга хийсэн казахстан залуу ёстой хүний урманд амны хаалт ч зүүсэнгүй, бээлий ч алга. Шилэнд хийсэн ураны шар нунтгийг нүцгэн гараараа барьчихсан бидэн рүү сарвайж харуулсан шиг л явж байлаа. Гэхдээ энэ бол жаахан хожуу болсон зүйл тул дэс дарааллаар нь явья.

Катко үндсэн олборлолтоо Торткудук, Мойынкум гэсэн хоёр ч талбайдхийдэг юм байна. Газар дор уусган олборлох технологийг ашиглах олборлолтын үйл ажиллагааг үндсэнд нь автоматжуулж, олборлолтын явцыг бүхэлд нь хянах болон үйл ажиллагааг удирдах удирдлагын төвүүдтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл газар дор уусган олборлох болон газрын гүнээс урантай уусмалыг сорон авах ажиллагаа нь автоматчилагдсан гэсэн үг юм. Ингэснээр технологийг нарийн мөрдөж, алдаа эндэгдэл гаргахгүй байх магадлал өндөрсөж байгаа юм байна. Харин өрөмдлөгийн талбайд очих үедээ хэдий хэр гүнээс уран олборлож байгааг сонирхон асуулаа. Дунджаар 300-450 метрийн гүнд ураны нөөц байдаг гэж байна. Энэ нь Дорноговьд байгаа нөөцөөс бараг 3 дахин гүнд байгаа гэсэн үг гэж тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл Монголын хувьд олборлолтыг эднийхтэй харьцуулахад хамаагүй гүехэн давхаргаас хийж болох тул илүү амар хүрч болохоор байгааг казах нөхөд маань хэлж байсан юм. Харин үйл ажиллагаа зогсоод хэдэн жил болж байгаа талбайд очиж үзвэл зарим ургамлын нөмрөг нь казах нөхдийн тооцоолж байснаас хурдан буюу ердөө хоёр жилийн дотор байгалийн жамаараа эргэн сэргэсэн байгааг олж харав.

Энэ бүхний дараа нөгөө шар нунтгийг боловсруулж байгаа үйлдвэр болон лаборатори хоёртой танилцсан нь аяллын оргил хэсэг болсон. Үйлдвэрийн орчин бүхэлдээ их тайван, үйлдэрлэлийн дамжлагууд автоматчилагдсан тул хөл хөдөлгөөн маш бага, орчин нь тун ч цэвэрхэн байдаг юм байна. Харин үйлдвэрийн сэнсний дуу чимээ нэлээд их байдаг тул хоорондоо чанга ярилцахаас аргагүйд хүрч байв.

Үйлдвэртэй танилцаж явах үеэр Катко үйлдвэр дээр эцсийн бүтээгдэхүүнийг өндөр даралтаар халааж калцинжуулах, цэвэршүүлэх шинэ зуух ашиглалтад оруулан, илүү цэвэр уран болох “хар нунтаг” гаргаад авсанаа ч бас бидэнд харуулж байлаа. Шар нунтаг дахь ураны агууламж нь 75 хүртэл хувьтай байдаг бол технологио улам боловсронгуй болгон үйлдвэрлэж байгаа “хар нунтаг” нь 80-85 хувийн ураны агууламжтай болсон байна. Одоогоор энэ шинэ бүтээгдэхүүний албан ёсны нэр нь “байгалийн ураны концентрат” буюу химийн томъёо нь U3Oажээ.

Мөн үйлдвэртэй танилцах аяллын үеэр хийж байсан танилцуулгууд бидэнд маш их мэдээлэл өгч байсныг энд дурьдах нь зүйтэй юм. Ялангуяа аюулгүй ажиллагааны сургагч багш эмэгтэйгээс малчид маань маш их зүйлийг асууж авсанаар ураны боловсруулах үйлдвэрийн талаарх ойлголтоо өөрчилж чадсан гэдгээ эргэж ирээд хийсэн уулзалтын үеэр ярьж байсан юм. (Энэ уулзалтын талаарх тэмдэглэл Өнөөдөр сонины 2014.10.06-ны #231(5325) дугаарт “Малчид ураны үйлдвэрийн үр ашгийг судалжээ” гарчигтайгаар гарч байсан. ред.) Мөн Катко-гийн жирийн ажилчидтай амралтынх нь үеэр манай малчид уулзаж, цөөнгүй зүйлийг мэдэж авсан нь жинхэнэ овсгоотой хүмүүс явсаныг гэрчилнэ. Казах залуус ураны үйлдвэрт арав гаруй жил ажиллахдаа 3-4 хүүхэдтэй болж, ганцхан сард хоёр саяас дээш төгрөгтэй тэнцэх өндөр цалингаар амьдралаа төвхнүүлж байгаа талаараа бидэнд ярьж өгсөн нь малчдын санаа бодолд олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэж байсан юм.

Илэн далангүй, нээлттэй хүлээж авсан уран олборлогч Катко үйлдвэрийн казах, франц, орос нөхдийн ачаар Дорноговийн малчид маань сэтгэл нь нэлээд хөнгөрч буцсаныг энд зориуд тэмдэглэе. Бодитоор үзсэн бүхэн нь тэдний сэтгэлд дарамт болж байсан хийрхүү мэдээллийн түгшүүр айдсыг үргээж чадсан биз ээ. Учир нь нутаг орноо хөгжүүлэхийн тулд газрын баялгаа зүй зохистой ашиглах зоримог шийдлийг олох хэрэгтэй талаар тэд буцах замдаа ярилцаж байсан юм. Ийм шийдэлд хүрэх энгийн зөв арга нь нээлттэй, ил тод харилцаа гэж бүгд л ярьж байна.

Тиймл илэн далангүй уулзалтаар дүүрэн аялал нэг мэдэхэд л өндөрлөж, 2 мянга гаруй бээрийг туулчихсан байж билээ. Бидний дунд удаан зогсож чадахгүй настай хүн ч байсан, бие давхар бүсгүй ч явсан юм байна лээ. Тэглээ гээд урт замын аяныг огт түвэгшээхгүй байсан нь сайхан. Яагаад гэвэл хайсан зүйлээ олж байсан болохоор 2 мянган бээр байсан ч хэцүү биш байсан хэрэг.

М.Наст

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.