
Нэг их урт юм бичих гээгүй байна шүү. Ганц хоёрхон санаанд үлдсэнээс бичье. Япон багш нартай хамт Тайванийн багш нартай уулзаж, сургалтын төвөөр орж ганц хоёр ажил амжуулах зорилготой явлаа.
Одоо ч гадаад дотоодод аяллаар явахад юм болгонд сэтгэл хөдлөөд сүйд болоод байхаа больжээ, юм үзэж нүд тайлсандаа ч биш, ерөнхийдөө л тийм болчихож. Хөгшрөөд ч байгаа юм уу, хөгжөөд ч байгаа юмуу, бүү мэд. Гэхдээ л монголууд бид харьцангуй "даяаршиж" байгаа шүү. Одоо манайхан бараг л хүн бүр "Америкт явж байхад... Энэ чинь Сөүлд идсэн загас мөн шив дээ.." гэх мэт яриа хөөрөө өрнүүлэхтэй болчихож.
Хамт явж байгаа настай япон багшаасаа асуулаа.
-Тайваньд хэдэн удаа ирж байна даа? Тайвань танд ямар санагддаг вэ".
-За даа, бараг зуу гаруй удаа ирж байна шүү. Би гадаадад очихоор идээшиж өгдөггүй юм. Тайваньд олон удаа ирж байна даа, зардал хямд. 10 түмэн иэн (мянга орчим доллар)-д л онгоц, буудал, хоол бүгд багтана шүү дээ. Тайваньчууд ер нь л Япон хүн шиг, их тайван амгалан, элдвийн хар буруу юм санаад байдаггүй. Эдний ногоон цай их амттай. Би ногоон цай их худалдаж авдаг, эхнэр маань ногоон цай их захина гээд л, магтаж байна.
Японд "Японд дотно ханддаг улс орнууд" гээд судалгаа, яриа их болдог. Тайваньчууд үргэлж нэгдүгээрт орно. Монгол ч бас дээгүүр ордог байсан, сүүлийн үед Монголын нэр гарахаа байсан байна билээ. Хэдийгээр 1895-1945 оны хооронд Японы колони хараат орон байсан ч ихэнх тайваньчууд Японд огтоос муу санадаггүй. Харин эсрэгээр Япончуудад их таатай ханддаг юм байна. Тайвань Японы хооронд худалдаа наймаа, биенес, аялал жуулчлал дээд зэргээр хөгжиж байна. 60-аас дээш насныхан бараг бүгд шахуу л японоор ярьцгаадаг, зам дээр зогсож байгаад япон жуулчдыг тосч уулзаад л, зүгээр л японоор ярих гээд, элдэв шалтаг хайдаг, тусалж дэмжих гээд л, гүйгээд байдаг гэсэн.
Хөтөч орчуулагч Тайвань залуу ярьж байна. "Хэдийгээр манай улс Японы хараат колони байсан ч энэ талаар бид сүйд болж уурлаж үзэн ядаад байдаггүй, түүх бол түүх шүү дээ, туулаад л гарсан зам. Харин манай хоёр орны хооронд сайхан харилцаа нэгэнт тогтжээ. Би хэдийгээр Тайвань аялагатай ч гэсэн японоор ярих дуртай. Зарим орон (Солонгосыг хэлж буй бололтой) түр тар хийж байсан цаг үеэ мартаж чаддаггүй юм байна билээ. Тэглээ гээд сайн сайхан зүйл хэзээ ч болохгүй. Манайх Японоос хараат байсан үеийн байшин барилгаа засч тордоод, тухайн үеийн түүхийн үзмэр болгоод байлгаж байдаг. Жишээ нь, Японы колонийн захиргаа байсан байшинг Япончууд үзэх гэж олноороо ирдэг. Энэ байшин бол Токиогийн төв вокзалын барилгатай тун төстэй. Гэтэл Солонгосчууд колончлогдож байсан үеийнхээ түүх дурсгалыг бүгдийг устгасан гэсэн. Тэгээд л, байнга "тэгдэг байсан, ингэдэг байсан" гээд л уурлацгаадаг гэсэн. Өнөөдрийн Япон Солонгосын харилцааг хар л даа. Эцэс төгсгөлгүй "дайсагнал" сайн үр дүнд хүрэхгүй" гээд л ярьж байлаа.
Би хөтөч залуугаас аяллын зай завсраар бараг л нууцаар асуулаа. Гэхдээ л "колони байсан" гэхээр чиний дургүй хүрдэг биз дээ, гээд л хатгаад л. Тэгтэл мань залуу инээгээд "Монгол хүмүүс бүгд ийм юм боддог уу" гээд, манийгаа мадлачихаад яваад өглөө. Миний нүүр улайх шиг болов.
Нээрээ л, бодоод байх нь ээ, Монголчууд бид ч гэсэн, Солонгосчууд шиг, "энэ муусайн оросууд, муусайн хужаа нар" гээд л байнга чадуулж байснаа, өөрсдийн муугаас болж худалдаа наймаанд алдаж байснаа санан уурлаж, үзэн ядаж, өдөр бүр бухимдаж яваагаас сайн үр дүн огт гарахгүй байгаа шүү дээ.
Ордон музейд хадгалагдаж байгаа үзмэрийнхээ нэрээр шоколад хүртэл хийгээд зарж байна, бас л айхтар байна лээ. Чингис хааны зураг хадгалагдаж байдаг учир бас л шоколад хийчихсэн байна. 23 сая гаруй хүн амтай Тайваньчууд сайхан амьдарч байна аа. Харин хоол ундны хувьд загас ногоо нь нэг л "ориг биш" санагдсан. Монголдоо очингуут хонины өвчүү чанаж иднэ дээ, гээд л, "занаж" явснаа нуух юун.
Япон судлаач Д.Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.