“Чингис хаан” банкны удирдлагыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрээд буй билээ.

ОХУ-ын иргэн С.Громовоос эл банкны хувьцааг худалдан авсан дээрх компанийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг гэх. Энэ банкны эрх бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас ЭЦА-ныхан шалгаж, Монголбанкнаас хянагч томилогдоод багагүй хугацаа өнгөрч буй.

2-3 жилийн өмнөөс л өөрийн хөрөнгө нь 37 тэрбум төгрөгөөр дутсан эл банкийг хэн нэгний хатгаасаар албан тушаалтнууд илт дэмжин, хахууль авч, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ч байршуулаад зогсохгүй, заавал тус банкаар мөнгөө дамжуул гэсэн шаардлага тавьж байсан гэдэг. Тэгвэл “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоожээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу хэд хэдэн албан тушаалтныг шалгаж буй аж. Харин Монголбанк эл банканд томилсон бүрэн эрхт төлөөлөгчөөр хэзээ шийдвэр гаргуулж, хувь заяаг нь шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.