
Сэтгэл санаагаар унасан хүмүүс олширлоо. Янз бүрийн үзмэрч, хөзрөөр мэргэлэгч, бөө, ламд хандах хүмүүсийн тоо олширч, асуудалд өөрөөр хандахыг оролдож гарц хайх нь ихэслээ.
Бясалгал сонирхох, урд насны амьдралаа олж мэдэхийг хичээх, өнөөдрийн амьдралдаа туулж байгаа зүйлийн учир шалтгааныг олохыг хичээх нь ихэслээ. Зүрх сэтгэлээр зогсохгүй, махан бие нь өвчинд өртөх нь ихэслээ. Гуниг, сэтгэлийн хямрал, амиа хорлолт, үхэл нэмэгдлээ. “Дандаа л инээж явдаг хүн байсан шүү, одоо гэтэл хар”, “Амьдралд ямар хайртай хүн байлаа даа, гэтэл одоо бидний дунд алга” гэх үгс сонсогдох нь элбэг болж.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөлт, шинэчлэлт, уналт, сэргэлт болж л байдаг. Юу ч болдоггүй байсан бол амьдрал гэж үгүй. Үргэлж сайн сайхан, өөдрөг өөрчлөлт ирнэ гэж хүлээх нь утгагүй. Очир эрдэнэ хүртэл газрын хөрсөнд шороо тоосон дунд байдаг.
Бадамлянхуа цэцэг урган дэлбээлэхэд шавар намаг хэрэгтэй. Нүд баясгам өнгөлөг эрвээхэй анх харахад дотор эвгүйцэм өт байдаг. Сайхан амьдрал, сайхан үйл явдал, сайн сайхан бүхнээр үргэлж хүрээлүүлж амьдарвал юу ч сурахгүй.
Тийм учраас амьдралд сөхөрч, тархинд гэрэл асах мөч байдаг. Шавар намаг, тоос шорооны дотор юу байгааг үүлэн дээгүүр хөвж яваад олж харна гэж хэзээ ч үгүй. Уйлахад хүртэл учир бий. Нулимс татарсны дараа амьдрал арай өөр талаасаа харагддаг тал бий.
Сэтгэл хөнгөрч, толгой өргөн харахдаа өмнө нь үргэлж дэргэд байсан зүйлийг олж хардаг. Амьдралд тохиолдох зүйл гэнэтийн юм шиг санагддаг ч үргэлж дэргэд байсан байдаг. Олж харж чадаагүй байсан л гэсэн үг.
Хэрэв амьдралд чинь хэн нэгэн орж ирсэн, эсвэл гарч явсан бол болох ёстой зүйл болж байна гэсэн үг. Тиймээс аливааг хүлээж авч, үдэж явуулж сурах их чухал. Амьдрал бол зогсолтгүй эргэлдэх тойрог...
Ш.Батзориг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.