2019 оны Их Британийн Нэгдсэн Вант улсын хувьд “энхэл донхол”-той байсан гэжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Английн Хатан хаан 2-р Элизабет Зул сарын мэндчилгээндээ 1944 онд улс орнууд энх тайвны төлөө нэгдэж, Холбооны цэргийн эвслийн десант Нормандад буусан явдлыг онцолж, байгаль орчны төлөө тэмцэгч нарыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр, "Энэ жил бид маш чухал үйл явдлын ой тохиож байна. 1944 оны 6-р сарын 6-нд Их Британи, Канад, Америкийн 156 мянган цэргээс бүрдсэн десант Францын хойд зүгт Нормандид буусан нь хамгийн том цэргийн ажиллагаанд тооцогддог билээ. Тэр үед аавын маань царай ямар байсныг маш тод санаж байна. Аав маань нууц ажиллагааны тухай бүгдийг мэдэж байсан ч, түүнийгээ хэнтэй ч хуваалцах боломжгүй байсан.

Дэлхийн 2-р дайн дуусах үед сайн дурын ихэнх байгууллагууд болон нийгэмлэгүүд энх тайван, эв нэгдлийн төлөө ажиллаж, хувь нэмрээ оруулж эхэлсэн. Үл ойлголцлоо ардаа орхиж, хамтдаа урагшлахын тулд бид маш их үнэ цэнээр олдсон ардчилал, эрх чөлөөгөө хүндлэх ёстой." хэмээн онцолжээ. Түүнчлэн хатан хаан Элизабет байгаль орчны төлөө тэмцэгч нарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр," Өнөөдрийн асуудлууд бидний үеийнхний өмнө тулгарч байсан асуудлуудаас өөр байж болох ч шинэ үеийнхэн маань байгаль орчин хамгаалал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудалд зоримог, тууштай хандаж байгаа нь гайхалтай." хэмээн ярьжээ.

Зул сарын мэндчилгээндээ Английн хатан хаан өнгөрч буй жил Их Британийн Нэгдсэн Вант улсын хувьд "амаргүй" байсныг онцолж, бие биедээ жоохон ч гэсэн буулт хийх нь үзэл бодлын ноцтой зөрчилдөөн үүсэхээс сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Англичуудын хувьд Брексит буюу Их Британийн Нэгдсэн Вант улсыг Европын холбооноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгч нарын хооронд үүссэн зөрчил нь 2019 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Английн парламентын гишүүд Брексит-ийг тал дээр Европын холбоотой зөвшилцөлд хүрэх олон удаагийн оролдлого хийж, Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаасаа огцорч, түүний оронд Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Борис Жонсон Брексит-ийн асуудлыг эцэслэхийн тулд парламентын сонгууль зарлах шаардлагатай болсон билээ.

Елизавета II зурган илэрцүүд

12-р сарын 12-нд болсон бүх нийтийн сонгуулиар Борис Жонсоны Консерватив нам ялалт байгуулснаар Брексит-ийг мухардлаас гаргах нөхцөл бүрдсэн билээ. The Times сонинд бичсэнээр Хатан хаан Элизабет 2019 оныг "энхэл донхол"-той байсан гэж тодорхойлохдоо цаагуураа хатан хааны гэр бүлд гарсан асуудлуудыг мөн илэрхийлсэн байж болзошгүй аж. Энэ оны 1-р сард Хатан хаан Элизабетийн нөхөр 97 настай Эдинбургийн гүн, хунтайж Филип авто осолд орж, болсон явдал олны анхаарлыг ихээр татсан юм.

Тэгвэл өнгөрсөн 10-р сард ханхүү Харри гэргий Меган Марклын хамтаар английн The Sun, Daily Mirror зэрэг сонинг хууль бусаар утсыг нь чагнасан хэргээр шүүхэд өгсөн билээ. Харин 2019 оны сүүлээр насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Америкийн бизнес эрхлэгч Жеффри Эпштэйнтэй Хатан хаан Элизабетийн хүү ханхүү Эндрю холбоотой байсан асуудал сөхөгдөн, ханхүү Эндрю цаашид хатан хааны гэр бүлийн гишүүний хувиар олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгджээ. 

Эх сурвалж: ТАСС

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.