Н.Багабанди: Манлайлагч хүн ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй

Twitter Print
2014 оны 10-р сар 25-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид долоо хоногт нэг удаа улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдтэй уулзаж байгаа. Зөвхөн улс төрийн салбарт бус нийгэм эдийн засаг, соёл, сэтгэлгээний талбарт улс орноо төлөөлж чадахуйц манлайлагчдыг бэлтгэх зорилго бүхий төслийн энэ удаагийн хүндтэй зочноор МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Н.Баганбанди хүрэлцэн ирсэн юм. Уулзалт-ярилцлагын эхэнд Н.Багабанди манлайлагч чанар, чадварын тухайд болон амжилтын түүхүүдийг залууст ярьж өгсөн бол дараагийн хэсэгт асуулт, хариултаар ярилцлаа. Манлайлагч залуус экс ерөнхийлөгчтэй хэрхэн ярилцсаныг хүргэж байна.

-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ? Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  хүний хувьд  2040 онд Монгол Улс маань ямар байгаасай гэж та мөрөөдөж байсан бэ?  Мөн нийгэм “Улс төрд шинэ манлайлагч”  төслийг өөр, өөр өнцгөөс харж байна. Та Монгол Улсын Ерөнийлөгч байсан манлайлагч хүний хувьд  энэ төслийг хэрхэн үзэж байна вэ?

-Би Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа ард түмэн та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон.  Миний төлөө санал өгсөн хүн та бүгдийн дунд бараг  байхгүй байх. Яагаад гэвэл та нарын дийлэнх нь  2001 онд 18 нас хүрээгүй байсан болов уу. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнд хамгийн үнэтэй зүйл бол эх орон, ард түмэн нь байдаг. Хэн ч гэсэн өөрийнхөө гэр бүлийг хайрлах эрхтэй, бас өөрийгөө хайрлах эрхтэй. Чи орчлонд ганц удаа төрсөн хүн. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Өөрийгөө хайрлах хайр нь бурхан хүнийг хайрлах хайртай тэнцэнэ гэсэн үг бий.  2040 онд Монгол улс хөгжин цэцэглэсэн сайхан улс болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүн ам маань ч өснө. Хүн ард маань чадавхжина. Газар нутаг минь бүрэн бүтэн байж, ард түмэн маань элбэг хангалуун амьдарна. 1920 оны  үед Монголын сэхээтнүүдийн төлөөлөл Цэвээннамсрай гуайн хэлсэнчлэн Швецарь лугаа улс  болон хөгжсөн байх тийм ирээдүй хүлээж байгаа гэж би найддаг юм шүү. Надад танай төслийн тухай мэдээлэл бага. Гэхдээ төслийг тань дөрвөн мөчөө өргөн дэмжиж байна. Ийм төсөл олон олон байгаасай. Олон сайхан залуус үүнд өөрийнхөө хүчийг сориосой. Гэхдээ уралдаан учраас зарим нь үлдэнэ. Зарим нь урагшилна. Та бүхэн гурван удаагийн шүүрэн шанаганд тунаж үлдсэн хүмүүс учраас илүү том манлайлагч байх магадлал өндөр байна гэж бодож байна.  Хамгийн гол нь олимпийн зарчим юу байдаг билээ? “Түрүүлэхдээ бус оролцохдоо”. Түүнтэй адил энд оролцож байгаа залуучууд нэг нь түрүүлж бусад нь үлдэх ч гэсэн оролцохдоо гол ач холбогдол байгаа юм.

-Манай нийгэмд хүнлэг чанар алдагджээ. Бүгд өнгө, мөнгийг шүтэж,  эрх мэдлийн төлөө тэмцэлдэж бүхнийг уландаа гишгэдэг болсон. Өнгө мөнгөнд хараагаа  гээсэн “сохор” хүмүүс эргэж хараа орох ямар боломж байна? Үүний тулд юу хийвэл болох вэ?

- Мөнгөгүй бол юу ч хийж болохгүй. Гэхдээ мөнгөөр хийж болдоггүй юм бий. Энэ зүйлийг мөнгөөр худалдан авч болохгүй. Хүн хамгийн орчин үеийн юмыг худалдан авч болно. Гэхдээ тэнгэрийн нарыг худалдан авч чадахгүй. Хүн чанарыг мөнгөөр орлуулах аргагүй. Бүх юмыг зоосны нүхээр харж болохгүй. Үүнийг өөрчлөх хувь тавилантай, үүнийг өөрчлөх цаг үедээ төрсөн,   сэтгэлийг чинь эмзэглүүлж,  зүрх рүү чинь хатгаж байгаа тэр өргөсийг авч чадах хүмүүс бол та нар шүү дээ.  Эзэн хичээвэл заяа хичээнэ. Цаг нь болохоор цасан дороос яргуй цухуйна хэмээн  хүлээж   байна.

-Таны амжилтын нууц юу вэ? Таны нэг өдрийн амьдралын хэв маяг хэрхэн өнгөрдөг вэ?

-Би түрүүн алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хэлсэн шүү дээ. Миний амжилтын нууц бол өнөөдөр хийх ажлыг маргааш гэж үлдээлгүй хийхийг хичээдэг. Энэ миний зарчим. Хийх ажлаа цагаар минутаар төлөвлөж сурсан. Гэхдээ би нэг их амжилтад хүрсэн хүн биш л дээ.  Өдрийн хэв маягийн талаар асуулаа. Одоо өдөр тутам эрхэлсэн ажилгүй учраас өөрийнхөө ритмээр амьдарч байна. Өглөө эрт босно. Орой эрт унтана. Бичнэ, сонсоно, уншина, гэрийн ажил хийнэ. Хүмүүстэй уулзана. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Энэ бүхэнд цаг заваа зараад явж байна даа. Гэхдээ цаг бас хүрэхгүй байна. Уг нь болдог бол  эргээд нэг 35-тай болох юм сан. Тийм бололцоо бий юу залуучууд аа ?

-Та аливаа шийдвэрийг гаргахдаа ямар хүчин зүйлийг харгалзаж,  яаж шийдвэр гаргадаг байв. Мөн удирдагч хүн нэлээд ганцаардмал байдаг гэж сонссон. Та өөрийнхөө ганцаардлыг хэрхэн даван туулдаг вэ?

-Бидний өвөг дээдэс шийдвэр гаргах алтан зарчмыг зааж өгсөн.  “Долоо хэмжиж нэг огтол” хэмээсэн мэргэн үг бий. Ялангуяа төрийн шийдвэр гаргаж байгаа хүн долоо хэмжиж, нэг огтлон шийдвэр гаргах хэрэгтэй.  “Хаан алдаж болохгүй. Хатан урваж болохгүй. Харц цөхөрч болохгүй” гэсэн үгийг та нар сонссон уу? Тийм учраас энэ үгийг оюун ухаандаа ямагт тунгааж яваарай.  Цөхрөхгүй, бэрхшээлийн өмнө сөхрөхгүй тийм хүн ялалтад хүрнэ. Аливаа ялалт өөрийгөө ялахаас эхэлдэг юм. Унагасан нь хүчтэй ч хөл дээрээ боссон нь илүү хүчтэй байдаг юм. Тийм учраас сөхөрсөн ч гэсэн өвдөг дээрээ өндийгөөд босох чадвартай байх хэрэгтэй.

-Жүжигчин Аглуу таныг элэглэсэн  нэг тоглолт хийснийг та үзсэн үү? Тэр үед танд ямар санагдаж байсан бэ?

-Хошин шогийн тоглолт бүрийг үзээд байдаггүй. Таны хэлээд байгааг үзээгүй л юм байна. Мэдэхгүй учраас энэ талаар хэлэх үг алга. Ер нь хүн хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Инээж чаддаг байх хэрэгтэй. Адгууснаас ялгарах нэг чанар бол инээх чадвар шүү дээ. Хүний мэдрэмжүүдийн дотроос  хошин шогийн мэдрэмж бол торгон мэдрэмж юм. Тэр илэрхийлж байгаа санаанаас юуг нь авах вэ юуг нь хаях вэ гэдгийг байнга бодож байх хэрэгтэй.

-Та саад бэрхшээл тохиолдоход хаанаас эрч хүч урам зориг авдаг вэ?

- Хүн өөрөө урам  зориг эрч хүчний генератор юм. Та бүхэн найз нөхөд, гэр бүлийнхэн эргэн тойрныхондоо урам өгөхөд суралцах хэрэгтэй. Гэр бүлийнхэн найз нөхөддөө баярлалаа, уучлаарай гэсэн хоёр үгийг хармын сэтгэлгүйгээр байнга хэлж байгаарай.

-Энэ төсөлд  22-40 насны хүмүүс оролцох боломжтой. Тунаж үлдсэн залуусын дийлэнх нь 27-28 насныхан байна. Та энэ насандаа яг ямар хүсэл, мөрөөдөл тэмүүлэлтэй байсан бэ?

- Хүн болгон мөрөөдөлтэй байдаг. Шувууд нисэхийн тулд даль жигүүр хайрласантай адил хүн мөрөөдлөөрөө амьдардаг. Миний мөрөөдөл, миний амьдралын зорилго биелж байгаа. Энэ талаар би сэтгэл ханамжтай явдаг.

Таны бодлоор өнөөдрийн улс төрд ямар нэг гадны нөлөөлөл  байна уу?

-Монголын улс төрч бүр өөрийн тархи толгойгоор, өөрсдийн ухаанаар өөрийн улс орныг залаад явах  оюуны потенциалтай улс үндэстэн юм. Гадны нөлөөнөөс ангид байж чадна  гэдэгт би бүрэн итгэдэг. Тийм ч байх учиртай.

- Таны олон түмэнтэй ярилцаж байгаа, үг хэлж байгааг харахад маш цэгцтэй байдаг. Ийм байдалд хүрэхийн тулд та нэлээд хичээллэсэн байх. Өөрийгөө боловсруулсан арга замаасаа бидэнтэй хуваалцана уу?

- 1917 онд одоогийн ОХУ, өмнө нь ЗСБНХУ гэж нэрлэгдэж байсан улс байгуулагдаад  сайд нар хурал хийж гэнэ. Хөдөө аж ахуйн тариаланчид мэргэжилтнүүдийн уулзалт,  их хурал болж.  Хөдөө аж ахуйн сайд нь тэр хурал дээр үг хэлэх ёстой ч өөр газар дуудагдаад явчихсан учраас Боловсролын сайд Луначарский гэж хүнийг оронд нь очиж, чи  үг хэл гэжээ. Тэгээд Луначарский хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд үг хэлсэн байна. Тэрбээр тэр мэргэжилтнүүдийн эн зэрэгцэхүйц хэмжээнд тийм өргөн мэдлэгтэйгээр, жишээ баримттайгаар,  сэтгэл хөдлөм үгийг хэлжээ. Түүний дараа Луначарскийгаас та энэ үгийг хэлэх  гэж  хэзээнээс бэлдэв? гэж асуужээ.  Тэрээр би энэ үгийг хэлэх гэж насан туршдаа бэлдсэн гэж хариулжээ. Манлайлагч хүн ийм байдаг. Ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй.   Та нар энэ төсөлд оролцохдоо маш хөдөлгөөнтэй, цоглог, эрмэлзэлтэй тэмүүлэлтэй, өрсөлдөөнтэй, жавхаатай байх хэрэгтэй. Манлайлагч хүний ялгарах бас нэгэн шинж  энэ  юм шүү.

-Танд гадны ямар нэг дарамт шахалт тулгарч байв уу. Яаж тэр бүхнийг даван туулсан бэ? Монгол Улсын тэргүүний албыг хашиж байхад хөрш улсуудын дарамт шахалт байсан уу?

- Намайг ажиллаж байх хугацаанд хоёр хөрш орны зүгээс ямар нэг шахалт, дарамт, зүй бус ажиллагаа байгаагүй.  Найрсаг хөршийн харилцаа байсан. 2000 онд Ерөнхийлөгч Владимир Путины  урилгаар ОХУ-д айлчилсан. Хоёр орны харилцаанд нэлээд хөндийрөл үүссэн байсан үе. Энэ айлчлалаар шинэ зарчмаар, шинэ агуулгаар сайн хөршийн хувьд  харилцах суурь хөрс  үүссэн гэж үздэг. БНХАУ-ын дарга Зян Зяминь  гэж хүн байсан. Түүний дараа Ху Жинтао энэ албыг хаших болсон. Энэ  хүнтэй би төрийн болоод хувийн сайн харилцаатай. Сайн харилцаатай айл хөрш болоход их зүйлийг бид хийж чадсан юм. Бэрхшээлгүй зүйл байдаггүй гэж би хэлсэн. Том зорилт тавьж байхад том бэрхшээл тулгардаг. Том бэрхшээлийг том ухаанаар, том арга зүйгээр, том чадавхиар давж гардаг юм. Тийм байхын төлөө та нар зүтгэх хэрэгтэй.

-Танд баярлалаа. 

www.manlailagch.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.