Өнөөдөр Пабло Пикассогийн мэндэлсэн өдөр

Twitter Print
2021 оны 10-р сар 25-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 140 жилийн өмнө Испанийн Малага хотод агуу зураач, кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо мэндэлсэн юм.

Зуу шахам жилийн амьдрал нь домог болсон Испанийн зураач Пабло Пикассо хоёр зууны заагт дэлхийн урлагийн цөм болсон Парист уран бүтээлийн гараагаа эхлэхээр нүүн иржээ. Тэр үед залуу Пабло Пикассогийн авьяасыг зөвхөн аав нь л үнэлж хүүдээ их л найдвар тавьж байсан гэдэг. Залуу авьяастан маань халаасандаа мөнгөгүй, ходоод хоосон байсан хэдий ч шинэ санаа, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байсан учир олныг дагаж бусдыг дуурайх биш, харин өөртөө итгэх итгэлээр цоо шинэ маягийн дүрслэл бүхий дүрслэлүүдийг бүтээдэг болов.

1902-1904 оны үед залуу Пикассо хөх саарал, бараан өнгө голлосон зураг зурдаг байжээ. Тэрээр ядуу зүдүү, аз жаргалгүй, гунигтай хүмүүсийн ганцаардал, зовлонт амьдралыг илэрхийлэхийн тулд ийнхүү хөх саарал өнгөөр зурдаг байсныг судлаачид уран бүтээлийн “хөх үе” гэж нэрлэжээ. Хүмүүсийн зовлон зүдгүүрийг гаргахын тулд зураач дүрсүүдийг сунгах, нарийсгах зэргээр эвддэг байв.

Хөх өнгө бол үнэхээр уйтгар гуниг, шөнийн өнгө. Тиймээс ч Англи хэлэнд “гунигтай” гэхийг “blue” буюу ” хөх “ гэсэн үгээр хэлдэг биз. Энэ үед Пикассо 23 настай байлаа. Урлагийн мэдлэг боловсролыг Барселона, Мадрид зэрэг хотод эзэмшсэн тэрээр шинэ зууны босгон дээр Парис хотноо суурьшсан байна. Залуу харийн хүн гэлтгүй , түүнийг Парисын урлагийнхан андалгүй мэддэг болсон байлаа. Тэрээр Парисын Монмартр дүүрэгт амьдарч, Монмартрын Бато-Лавуар нэртэй алдарт бааранд урлантай болжээ. Түүний урланд авангард яруу найрагч, урлаг судлаач Гийом Апполинэр тэргүүтэй Францын олон зураач, уран бүтээлчид тасралтгүй цуглардаг байсан бөгөөд Анри Руссод зориулсан тэдний нэг нийллэг нь бүр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

1904-1907 онд түүний сэдэв өөрчлөгдөж амьдралыг цог жавхлангаар дүүрэн, ирээдүйд итгэлтэй хүмүүсийг цайвар ягаан өнгөөр дүрсэлдэг болсныг урлаг судлаачид “ягаан үе” хэмээн нэрлэжээ. Энэ нь Пикассо ээлжит нэгэн хайр дурлалтайгаа учирсантай холбоотой. 1906 онд Парист Афркийн урлагийн үзэсгэлэнгээс этний баримлууд үзсэн нь Пабло Пикассогийн уран бүтээлд хүчтэй нөлөө үзүүлжээ. Африкийн баримал маш энгийн хэлбэр хийцтэй боловч илэрхийллийн хувьд хүчтэй байдаг нь залуу зураачийн анхаарлыг гойд татсан байна. 1907 онд тэрээр кубизмыг эхэлсэн ”Авиньуны хүүхнүүд” хэмээх түүхэн бүтээлээ зурсан байна. Апполинэр Пикассог кубизмын нөгөө нэг төлөөлөгч Жорж Брактай танилцуулснаас хойш нэг үе тэр хоёр салахгүй найзууд байсан түүхтэй.

Пабло Пикассо 1914-1915 он хүртэл кубизмын үзэл бодлоор зурдаг байсан бол түүнээс хойш түүний уран бүтээл янз бүр болж өөрчлөгдөж байжээ. Дүрсийг эвдэж аливаа юмсыг харж буйгаар бус сэтгэж буйгаар дүрсэлдэг нь Пикассогийн онцлог юм. Түүний оролцоогүй төрөл жанр, гараараа барьж үзээгүй материал гэж байхгүй. Тэрээр бүгдийг л сонирхдог, хувийн амьдралдаа ч уран уран бүтээлдээ ч байнга шинэ рүү тэмүүлдэг байв.

Пикассо Оросын бүжгийн тайз, хувцасны зургийг олон удаа хийсэн. “Жагсаал”,”Гурван өнцөгт малгай” зэрэг тайзны хувцасны дизайныг мөн бүтээжээ. Ерөнхийд нь дүгнэвэл тэр үеийн зурагнууд нь сонгодог арга барилаар бүтээгдсэн бодит дүрслэлийн зөв харьцаа хуулиудыг баримталсан ажлууд байсан аж. Оросын бүжгэн жүжиг Пикассод шинэ уран бүтээлээс гадна шинэ хайр дурлал авчрав. Тэрээр бүжигчин Ольга Хохловхтай гэрлэж үр хүүхэдтэй болсон хэдий ч удалгүй салцгаасан байна.

Харин 1923 онд Сюрриализмын нөлөөнд автагдсан нэгэн үе үндэстэн нэгт Сальвадор Дали, Хуан Миро нартай энэ онолоор ажиллаж байжээ. Ер бусын сонирхолтой дүрслэл, хачирхалтай хэлбэр дүрс, сонин зохиомж зэрэг нь 1920-иод оноос хойшх Пикассогийн уран дүр төрх юм. Гэвч Пикассогийн сонирхол сюрреализмаас бууран зөвхөн өөрийн гэсэн ертөнцийг эрж хайж байсан нь 130-аад оноос хойшх түүний уран бүтээлд ихээхэн ажиглагддаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.