Хий хямрахад хахаж цацах, хоолойд юм тээглэх мэт горойх зовиур мэдрэгдэнэ

Twitter Print
2023 оны 04-р сар 13-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

ХИЙ ХЯМРАХАД ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН ГҮН НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛ НЬ СЭТГЭЛ ЗҮЙ

Хүний биед үндсэн таван хий буюу амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэсэн өөр өөрийн тодорхой онцлог үйл ажиллагаа үзүүлдэг таван төрлийн хий байдаг. Мөн мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааг хангаж байдаг гишүү таван хий байна.

Эдгээрээс амь баригч хий гэхэд оройд орших бөгөөд хоолой өвчүү нугасанд гүйж идээ ундааг залгих, амьсгал авч гаргах, шүлс хаях найтаах, хэхрүүлэх болон оюун ухааныг тодруулж, хүний сэтгэл санааг удирддаг байх жишээтэй. Энэ хий хямрах юм бол хамгийн түрүүнд толгой эргэнэ, өвдөнө.

Мөн цээж, өвчүүний араар хөндүүрлэж, амьсгал авахад саадтай, идээ ундаа идэхээр хахаж цацах, хоолойд юм тээглэх мэт горойх зовиур мэдрэгдэнэ. Хүмүүс ихэвчлэн ийм зовиуртай ирдэг. “Хоолойны булчин чангараад юм залгихаар горойгоод байна” гэж. Ийм зовиуртай хүмүүс дурангаар харуулж, шинжилгээ хийлгэсэн ч ямар ч өөрчлөлт харагддаггүй.

Мөн арьс хуурайшна, сандарч түгшинэ, айдастай, өөртөө итгэлгүй, эргэлзээтэй болчихдог. Нэг жишээ яръя. Манайд хэвтэж байсан нэг өвчтөн арван жилийн турш нойргүйдэлтэй явсан. Тэр хугацаандаа дусал, тариа хийлгэсээр байгаад сүүлдээ түүнээсээ хордлогонд ороод реакци өгдөг болчихсон байв.

Тэрээр анх эмчилгээнд орохдоо нэг минут ч тайван хэвтэж чаддаггүй байсан. “Эмч ээ, байж байгаарай, би сонин болоод байна” гээд босоод цээжээ нүднэ, базна. Хэвтэж, сууж чадахгүй, босч явдаг. Тогтвортой нэг байршил байхгүй, нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй болчихсон байсан.

Манайд хэвтэж эмчлүүлсэн эхний долоо хоногт тухайн өвчтөн шөнөдөө унтдаг болсон. Одоо өвчтөний маань хүсч байгаа зүйл нь зоригтой болох. Ямар ч зүйлийг хийсэн өөртөө эргэлздэг, зүрх зориггүй болчихсон гэж хэлдэг. Уламжлалт анагаах ухаанд өвчтөний биеийг эмчлэхээс гадна, сэтгэл заслын эмчилгээг давхар хийдгээрээ давуу талтай.

Хий хямрахад хүний биед хамгийн гүн нөлөөлдөг зүйл нь сэтгэл зүй. Аливаа зүйлд их шаналж, санаа зовдог, гаслангийн үйл ихтэй, ойр дотны хүн нас барснаас болоод түүндээ энэлж шаналаад удчихсан хүмүүс сэтгэлийн үйлээрээ маш их хийрхэж байна.

Мөн хүмүүст нийтлэг илэрдэг нэг шинж тэмдэг нь сэтгэл санаа тавгүйтэх. Хэхрүүлдэг, эсвэл маш их найтаах, хараа, сонсгол, үнэрлэх чадвар муудах гэх мэтээр мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагаа доройтох шинжүүд илэрдэг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.