
Хятадын авилгачид ямар ял эдэлдэг вэ?
Хятад улс авилга, хээл хахууль, төрийн өмчийг зүй бусаар идэж шамшигдуулах, их хэмжээний хөрөнгө, орлогын эх үүсвэр нь тодорхой бус байх зэрэг авилгын шинжтэй гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, үр дүн нь “гарт баригдаж, нүдэнд үзэгдэх” хэмжээнд хүрсэн.
Аль ч газрын дарга, албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь их байдгийн жишгээр өнгөрсөн 30 жилд Хятад улс 4 сая гаруй зөрчлийг илрүүлж, тодорхой шийтгэл ногдуулсныг Википедиа албан ёсоор зарласан байна. Үүнээс 465 муж, ӨЗО, шууд харьяа хотын улс төрийн өндөр албан тушаалтан тодорхой шийтгэл хүлээсний дотор ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн зэрэг 7 өндөр албан тушаалтан хээл хахуулийн хэргээр цаазлуулсан.
2009 оноос хойш авилга, хээл хахуулийн хэргийг илчилсэн хүмүүсийн 70% ямар нэгэн байдлаар заналхийлэлд өртөх зэргээр хариу цохилттой тулгарсан тул иргэдийн аюулгүй байдлын баталгааг хангахад онцгой анхаардаг болсон гэж мэдээлжээ.
ХКН-ын холбогдох хуулиудад авилга, хээл хахуулийн хэмжээ 3 сая юаниас дээш бол Эрүүгийн хуулийн 383 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "онц их хэмжээний" гэж заагаад 10-аас дээш жилээр хорих, бүх насаар нь хорих, цаазаар авах, торгох, эд хөрөнгийг нь хураах зэргээр ялладаг.
Хэрвээ гэмт этгээд гэм буруугаа хүлээж, мөрдөн байцаалтын ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллах, хулгайлсан, хахуулаар авсан эд зүйлсээ идэвхтэй буцааж өгсөн бол 10 сая юаниас доошхи хэмжээтэй бол ялын хугацааг 10 хүртэл жилээр хорих, хээл хахуулийн хэмжээ 50 саяас 100 сая хүртэл бол 10-аас 15 жил хүртэл хугацаагаар хорих, 100 саяас дээш бол хугацаагүй хорих эсвэл цаазаар авах ял ногдуулж, цаазын ялыг 2 жилээр хойшлуулах, харин хээл хахуулийн хэмжээ 1 тэрбум болон түүнээс дээш бол шууд цаазаар авна гэж заажээ.
Тэд хуультай бол бид мөн адил хууль цаазтай улс гэж ойлгосоор өдийг хүрсэн. 30 жилийн турш шил шилээ дарсан тэрбумтнуудтай болсон ч Монгол маань өөдөлсөнгүй, бидний боломжийг 30 жил хулгайлсан тэд ч улсаа хөгжүүлье гэж бодсонгүй.
Тэр их мөнгийг эх орныхоо хөгжилд зориулсан бол гэж бодохоос дотор бачуурна. Халхын буян их гэж ярьдаг ч хамаг буянаа хахуулчдад өгчихмөөргүй байна. Хааяахан нэг сонсогдох “Нэрсийг зарлана” “Хатуу тэмцэнэ” гэх мэтийн сүр дуулиантай үгнээс өөр дорвитой үйлдлүүд харагдахгүй л байна. Юу ч өөрчлөгдөөгүй, ард түмний хүлээлт ч мөн хэвээрээ.
М.Мөнхжаргал
Эх сурвалж: https://zh.m.wikipedia.org/zh-hans/
https://www.rfa.org/.../yehuazhong.../gx-06102022135744.html
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.