Бэрхшээл бүхнийг өмнөө сөхрүүлсэн Жессика Лонг

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх эрхийг нь дээдлэн, нийгмээс тусгаарлахгүй байх үүднээс пара спортын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн нь хамгийн энэрэнгүй үйлс болсон юм. 1960 онд Италийн Ром хотод анхны зуны паралимп, 1976 онд Швед улсад анхны өвлийн паралимпийг явуулж эхэлснээс хойш спортын бүх тэмцээн уралдааныг пара төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тахир дутуу ч спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний тамирчин болсон олон жишээ байдаг. Хамгийн сэтгэл хөдөлгөм түүхтэй тамирчин нь Т.О.Кириллова юм. 22-хон настай хэдий ч зовлон зүдгүүр, алдар нэртэй болох бүхий л амьдралыг туулсан Татьяна охин өдгөө паралимпийн 12 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ.

Тэрээр 1992 оны хоёрдугаар сарын 29-нд буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог өдөр ОХУ-ын Сибирийн Братск тосгонд төржээ. Гэхдээ бурхан бяцхан Татьянад өршөөлтэй хандсангүй. Хожимоо дэлхийн алдарт тамирчин болсон охин маань төрөлхийн тахир дутуу төржээ. Эсийн үхжилт гэсэн оноштойгоор хоёр хөлийнхөө өвдөгнөөс доош хэсгийг төрөөд удаагүй байхдаа тайруулсан гэдэг.

Түүнийг аав, ээж нь 17, 18 настайдаа гаргасан байна. Нийгмийн шилжилтийн хүнд үед, өнөө маргаашийн идэх хоолоо яаж олох вэ гэж зүдэрч явахдаа ээж нь Татьянаг төрүүлжээ. Эцэст нь аав, ээжийнх нь сэтгэлийн тэнхээ хүрэлгүй тахир дутуу төрсөн бяцхан охиноо төрөх эмнэлэгт орхиод явжээ. Харин эмнэлэгийн сайн санаат сувилагч нар Татьяна охиныг асрамжийн газар хүргэж өгсөн нь ирээдүйн хувь заяаг нь шийдсэн байна. Чухам тэр үед одоогийн Америк аав ээж нь Орост явж байхдаа түүнийг асрамжийн газраас өргөн авч эрх чөлөөний орондоо авч иржээ.

Мөн төрөлхийн явж чаддаггүй байсан ч /хоёр хөлгүй/ багаас нь усан спортоор хичээллүүлж, гэрийн багш хөлслөн авсан аж. Бэлтгэл сургуулиа цаг хором бүрийг алдалгүй шаргуу хийж байсан Татьянад аав, ээж нь Жессика Лонг гэдэг шинэ нэрийг өгсөн юм. Улмаар Жессика Лонг нэрээрээ тэмцээн, уралдаанд орж эхэлсэн. 2003 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Сибирийн охин 2004 оны Афины паралимпт анх удаа оролцохдоо 100, 400 метрийн чөлөөт, 4х100 метрийн буухиа сэлэлтэнд гурван алтан медаль энгэртээ зүүж, дэлхийн хэмжээний тамирчин болсон гэдгээ харуулсан. Жессика багаасаа гимнастик, гүйлт, тэр байтугай хаданд авиралтаар хичээллэсэн байдаг.

Үүнээс хойш ур чадвар нь өсөхийн хэрээр олон улсын тэмцээнүүдээс зөвхөн алтан медаль хүртэх болсон. 2008 оны Бээжингийн паралимпээс 100, 400 метрийн чөлөөт, 100 метрийн эрвээхэй, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд 4 алт, 100 метрийн араар даллалтын төрөлд мөнгө, 4х100 метрийн буухиа сэлэлтээр хүрэл медаль, 2012 оны Лондонгийн зуны наадамд 100 метрийн эрвээхэй болон чөлөөт сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн мэлхий сэлэлт, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 5 алт, 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 2 мөнгө, 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн дэлхийн аваргын тэмцээнээс 2006 онд 3 алт, 2009 онд 4 алт, 2011 онд 2 алтан медалийг хүртэж, манай гарагийн өнцөг булан бүрт түүний нэр алдар нь цуурайтсан. Яг энэ үед Татьянаг эмнэлгийн орон дээр орхиод явсан ээж нь таньж, хэмжээлшгүй ихээр харамссан гэдэг. Төрүүлсэн эх нь охинтойгоо холбогдож уулзах хүсэлт гаргахад Татьяна зөршөөрчээ.

Америк аав, ээж нь түүний бага насыг дурсахдаа “Жессика төрөлхийн явж чадахгүй хоёр хөлгүй хүүхэд байсан. Гэхдээ бид хоёр өдөр бүр түүнтэй цагийг хамт өнгөрөөж орчлонг таньж мэдэхэд нь туслахыг хичээдэг байсан. Бас усанд оруулахад уснаас гарахгүй уйлдаг хүүхэд байсан болохоор нь усан спортын тамирчин болгоё гэж шийдсэн” гэж ярьжээ. Мөн Америк аав ээж нь түүнийг дүүтэй болгож, мөн Оросын Сибирийн нэгэн өнчний газраас эрэгтэй хүүхэд өргөж авч хамт өсгөжээ.

Татьянагийн төрсөн аав, ээж одоо ч ОХУ-д амьдарч байна. Тэд өнөөдрийг хүртэл салаагүй бөгөөд гурван хүүхэдтэй болжээ. Төрсөн ээжтэйгээ уулзахыг хүссэн Татьяна 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын зүүн хязгаар Сибирьт очсон байна. Төрсөн ээжийг нь Наталья гэдэг бөгөөд охинтойгоо 20 жилийн дараа уулзсан юм. Орчлонд салах жам байдаг ч учрах тавилан бас байдаг.

 

Эх сурвалж:  www.Google.com, www.Wikipedia.com, www.youtube.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.