
NIKE...
НАЙКИ компани нь АНУ-ын Орегон мужийн Бивертон хотод төвтэй олон улс оронд салбар нэгжтэй спортын гутал, хувцас, тоног төхөөрөмж, хэрэгслийн дизайн, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм...
2020 оны байдлаар тус компани нь дэлхийн 170 оронд үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй салбар дэлгүүртэй, 76,700 орчим ажиллагсадтай, жилийн орлого нь 44.7 тэрбум ам доллар (2021), “Fortune 500” компаниудын дунд орлогоороо 89-д жагсдаг (2018) компани юм...
Найки гэдэг нэр нь Грекийн ялалтын бурхны нэрнээс үүдэлтэй.
Үүсгэн байгуулагдсан нь:
1964 оны 1-р сард Орегоны Их Сургуулийн хөнгөн атлетикийн тамирчин Фил Найт, түүний дасгалжуулагч Билл Боверман хоёр “Blue Ribbon Sports” нэртэй компани байгуулсан нь хожмын алдарт Найки компанийн суурийг цутгасан явдал байлаа...
Сургуулиа төгсөөд удаагүй байсан Фил дасгалжуулагчдаа нэгэн захидал илгээжээ.
1963 онд Японд тэмцээнд оролцож явахдаа Японы гүйлтийн гутал үйлдвэрлэдэг “Onitsuka Tiger” хэмээх компанийн төлөөлөгчтэй уулзан АНУ-ын 13 мужид тэдний бүтээгдэхүүнийг борлуулж болох тохиролцоонд хүрснээ дурдаад багшийгаа хамтраач гэж гуйсан байна...
Энэ захидал дасгалжуулагч багшийнх нь амьдралыг өөрчилсөн захидал байсан юм. Мэдээж тэр зөвшөөрсөн.
Тэр хоёр анхандаа машиндаа “оффислон” Японд үйлдвэрлэсэн гүйлтийн гуталны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэр жилдээ 1,300 хос пүүз борлуулж 8,000 долларын орлоготой ажиллажээ.
Дараа жил нь улам амжилттай ажиллаж борлуулалт нь 20,000 ам долларт хүрэв.
1966 онд анхны дэлгүүрээ нээж удаах жил нь зүүн эрэг рүү хүрээгээ тэлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
1971 он гэхэд Япон компанитай байгуулсан харилцаа нь төгсгөл болжээ.
Өөрийн гэсэн гутлын брэндээ гаргахаар шийдсэн тэр хоёр компанийхаа нэрийг Филийн санал олгосон Грекийн Ялалтын бурхны нэр болох Найки гэдэг нэрээр солихоор шийдсэн юм.
Компанийн өвөрмөц логог сургуулиа төгсөөд удаагүй байсан график дизайнер Каролин Давидсон урласан бөгөөд түүнийгээ 35.0 доллараар зарсан байна.
Энэ тэмдэг нь “шуугин өнгөрөх салхи, шингэний чимээ”-г илэрхийлдэг ажээ.
Орегоны Их Сургуулийн стадионд саяхан тавигдсан гүйлтийн талбайны уретан материалтай гадаргуу дасгалжуулагч Боверманы болон тамирчдын толгойны өвчин болж байлаа.
Уламжлалт төмөр хадаастай шаахайнууд гадаргууг сэгчиж тамирчид шаардлагатай үрэлт, түлхэлтээ авч чадахгүй байв.
Талбайн гадаргууг сүйтгэхгүй шороо, зүлэг, үртэс зэрэг бусад гадаргуу дээр ашиглаж болох илүү зөөлөн хадаасны тухай Боверман өдрийн бодол шөнийн зүүд болж байсан гэдэг.
Гэтэл, 1971 оны намрын тэр нэгэн өглөө Найкийн ирээдүйг тодорхойлсон санааг Боверман гал тогооны өрөөнөөсөө олсон юм.
Эхнэр нь өглөөний цай бэлдэж байхдаа аль дээр үед буюу 1936 онд хуримын бэлэг болгон авч байсан өрмөнцөрийн хуучин индүүгээр нөхөртөө вафли хийж өгсөн нь Боверманы толгойд чийдэн асахад хүргэжээ. Пүүзний улны хаймар буюу резиныг тусгай хэвэнд цутгаж хийх санаа эндээс ингэж төрсөн юм...
Бусад нь бол зүгээр л түүх.
Найкигийн тухай сонирхолтой баримтууд:
• Пүүзний, ялангуяа гүйлтийн шаахайны эх биед зориулан ер бусын олон материал туршсан байдаг: имжны арьс, буганы арьс, хамба хилэн, загасны арьс гэх мэт.
• Анхны пүүзийг дулаан уур амьсгалтай Нью Мексист үйлдвэрлэсэн байсан, илүү сэрүүн орчинд туршаагүй байсан тул өвлийн улирал болоход ул нь хагарч гологдол үүссэн тул үйлдвэрлэлээ зогсоож 10 доллараар зарж байсан бүх пүүзүүдээ 7.5 доллараар борлуулж дуусгасан.
• “Air Max” брэндийн пүүзээ 1987 онд сурталчлахдаа Битлсийн “Revolution” дууг ашигласанд тэд уурсаж “Бид пүүз, триконы наймаа хийдэггүй” хэмээн Найкийг шүүхэд өгөн 15 сая доллар нэхэмжилсэн. “EMI-Capitol” Битлсийн альбомын эрхийг авсан байсан тул уг дууг Найкад ашиглах эрхийг өгч болно гэж маргасан. Найк эсэргүүллээ илэрхийлэн 1988 он хүртэл сурталчилгааг үргэлжлүүлэн цацсан байдаг.
• Найкигийн лоозон алуурчны сүүлчийн үгнээс гаралтай.
Гари Гильмор гэгч хүн амины хэргээр ял авсан этгээд 1977 онд буудуулахынхаа өмнөхөн “Let’s Do It” буюу “Алив хийцгээе” гэсэн үг Найкийн сурталчилгааны агентлагын захирлын санаанд арван жилийн дараа орж ирснээр бага зэргийн өөрчлөлт оруулан “Just Do It” буюу “Зүгээр л хий” болгоод санал болгосон нь дэмжигдсэн юм...
• Найкийн үүсгэн байгуулагчид компаниа (анхны компани нь “Blue Ribbon Sports” нэртэй байснаа сүүлд Найк болсон) байгуулж байхдаа дансандаа ердөө 1,200 доллартай байсан. 1980 онд олон нийтийн компани болоход нь 1,000 долларын хувьцаа худалдаж авсан бол өнөөдөр 729,575 доллартай болсон байх нь (хүүгийг нь дахин хөрөнгө оруулахгүйгээр)...
• Майкл Жордан коллежид байхдаа ч, мэргэжлийн карьерийнхаа эхэн үед ч “Adidas” брэндийг л дэмждэг байсан...
Тус компани санхүүгийн асуудалтай тулж гэрээтэй холбоотой асуудал үүсмэгц Жорданы төлөөлөгч Дэвид Фалк түүнийг Найктай уулзахыг зөвлөсөн боловч Жордан татгалзаж “Adidas”-тайгаа үлдэхийг хүссэн байдаг...
Аав ээж хоёр нь Жорданыг хүчилсний дараа буюу 1984 онд Найктай гэрээ зурж анх удаагаа “Nike” брэндийн пүүзийг өмссөн гэдэг...
• Найкигийн хамгийн том дэлгүүр Английн Лондон хотын Оксфорд гудамжинд байдаг. Нийт 3,100 метр квадрат талбайтай...
Сүхбаатарын Эрдэнэбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.