
Чойжин ламын сүмийн барилга нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, бүтээлүүдийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга юм.
Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.
Сүсэгтэн олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршиж 50 орчим хурлын лам, 5 сүм, 3 жасаатайгаар шашин номын үйл ажиллагаа эрхэлж байжээ. Ардын засгийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогссоны улмаас 1937 онд сүмийг хаасан байна.
БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон.
Музей нь 1965-1990 онд Музейн удирдах газар, 1990-1991 онд Улсын музей, 1991-2000 онд шашны түүхийн музей зэрэг байгууллагуудад харьяалагдаж байв. Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.
Музейн тасалбараа дараах холбоосоор орж аваарай: https://shoppy.mn/t/tickets
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.