Эрх чөлөөний мэнд

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Амьдардаг байр улсынх, арчилдаг мал нэгдлийнх, хэлдэг үг намынх, хийдэг ажил социализмынх, зорьсон зорилго коммунизмынх, зовдог зовлого л гагц өөрийнх байсан цаг үе улираад 30 жил өнгөрчээ.

Гадаад паспортгүй, гадаад хэлгүй, гадаад ном сэтгүүлгүй, гадаад явах мөрөөдөлгүй, гадаадаас ирсэн зочингүй хаалга үүд, хатавч гэгээвч бүгд хаалттай, бүрэн бүртгэлтэй, бүтэн данстай. Ганц хонь гаргаад шөл уучих эрхгүй, нэгдлийн даргаас бичгээр зөвшөөрөл авдаг, ганц өмд авчраад зарчих мэдэлгүй, гарал үүслийн байцаалтанд орж шар махтайгаа хатдаг тэр он жилүүдийг улсаараа туулж, түмнээрээ төлсөн дөө. Дутвал амьдралгүй, дуугарвал эрх чөлөөгүй... гаднаа хураасан, хураах, хураах гэж байгаа хөрөнгөгүй...зүрхэндээ асаасан, асаах, асааж магадгүй галгүй...гэхдээ ч төв Азийн цээжинд ардчиллын цучил өрдөж чадсан ард түмэн юм шүү, монголчууд.

Энэ бол бидний бахархал. Өнөөдөр Монголыг тодорхойлж буй үнэ цэнэ. Өөр олон улс орныхны бишрэн харж, хүндэтгэн үнэлж, нүдэндээ оч мэт хадгалж, сэтгэлдээ зорилго болгодог мөрөөдөл.Монголын ардчилал 30 нас хүрч байна. Хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийж, хөл хүрэх газар орон болгонд мөрөө гаргаж, хэл хүрэх мэргэжил боловсрол бүхэнд зорьж, чадал хүрэх бизнес болгоныг сорьж, чансаа шалгах ажил болгонд зүтгэдэг тийм л эрх чөлөө...мэдээж алдаа бий, оноо ч бий.

Ардчиллыг өмчилж, өөрсөдтэйгээ хамт аваад өвгөрч үхэх юм шиг аашилж, амьдрах арга, ахуй хөрөнгөө өсгөх зам болгосон хүмүүс ч бий. Монголын ардчилалд шинэ цус, шинэ хандлага, шинэ үеийнхний үзэл бодол дутагдан давжаарч буй нь ч үнэн. Гэвч нэг л юмыг хүлээн зөвшөөрье. Ардчилал монголчуудын амьсгалдаг агаар, амьдралын хэв маяг, харц, зүрх, сэтгэлтэй хамт торниж байна. Уулздаг нөхөд, унадаг унаа, уудаг дарс, учирдаг амраг, уурлаад савсан хаалга, ухаараад унагасан нулимс...энэ бүхнийг ганц намын хурлаар гавлаж байгаад шийддэг цаг үе өнгөрсөн.

Эрх чөлөөнд хүрч чадсан зүрхний сүүлчийн цохилт эрх чөлөө л байдаг. Би огтхон ч эргэлзэлгүй тэдний нэг байх болно оо. Эрх чөлөөний мэнд. 

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.