2021 оны дэлхий дахины онцлох үйл явдлууд

Twitter Print
2021 оны 12-р сар 31-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

2022 оны босгон дээр ирээд буй энэ цаг дор шилжрэн одож буй 2021 онд болсон дэлхийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 

1.АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр Жо Байден томилогдов.

2021 оны онцлох үйл явдлуудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден томилогдсон явдал байсан билээ. Тэрээр 2020 оны 11-р сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трамптай өрсөлдөж, ялалт байгуулсан ба 1-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. Түүнтэй өрсөлдсөн Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн мэдэгдсэнээс болж түүний дэмжигчид Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран орж, үймээн самуун үүсгэсэн юм. Тухайн үед Конгрессийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эцэслэн батлахаар хуралдаж байсан юм. Уг үймээний үеэр 5 хүн амиа алдсан ба хэдэн зуун хүнийг баривчилсан юм.

2. ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хорив.

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг өнгөрсөн 1-р сарын 17-ны ням гарагт Шереметьево нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан билээ. 2020 оны 8-р сард А. Навальныгийн бие онгоцон дотор огцом муудаж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн билээ. Түүнийг гэр бүлийнхэн нь ХБНГУ-ын эмнэлэгт шилжүүлсэн ба ХБНГУ-ын эмч нар түүнийг ЗХУ-ын эрдэмтдийн гаргаж авсан "Новичок" төрлийн бодист хордсон байна хэмээн оношилсон юм. Биеийн байдал нь сайжирсны дараа А. Навальный өөрийг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины захиалгаар хордуулсан хэмээн мэдэгдсэн ба АНУ болон барууны орнууд ОХУ-аас уг хэрэг явдалд ямар нэг тайлбарыг өгөхийг шаардсан юм. 

ХБНГУ-д эмчлүүлж байгаад 5 сарын дараа эх орондоо ирж, онгоцноос буусан даруйд А. Навальныйг онгоцны буудал дээрээс баривчилж саатуулсан юм. 

А. Навальныйгийн хувьд өнөөдрийн байдлаар Владимирск мужийн Покров хотод байрлах Засан хүмүүжүүлэх 2-р хорих ангид ял эдэлж байгаа ба өнгөрсөн 2-р сард Москва хотын шүүхээс түүнд тэнсэн харгалзах ялаа эдэлж байхдаа удаа дараа зөрчил гаргасан хэмээн жирийн дэглэмтэй хорих ангид 2.8 жил хорих ял оноосон билээ. 

Түүнийг баривчилсны дараахан А. Навальныйгийн Авлигатай тэмцэх сан YouTube цахим сүлжээнд "Путинд зориулсан ордон" нэртэй эрэн сурвалжлах баримтат бичлэг нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. 2 цаг үргэлжлэх тус баримтат бичлэг хэдхэн цагийн дотор хэдэн арван сая үзэлттэй болсон юм. "Хамгийн том авлигын хэрэг" хэмээн тодорхойлсон уг бичлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсын болон хувийн компаниудын мөнгөөр Хар тэнгисийн эрэг дээр өөртөө зориулж ордон бариулсан тухай гардаг. Уг бичлэг гарсаны дараагаар В. Путин өөрөө болон гэр бүл, ойр дотныхон нь бичлэгт дурдагдсан аль ч үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэггүй болохоо мэдэгдсэн юм. 

3. Мьянмарт төрийн эргэлт гарав

Мьянмарт 2-р сарын 1-ний өглөө төрийн эргэлт болж, цэргүүд ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чийг баривчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон юм. 

Мьянмарын цэргийн томоохон албан тушаалтнууд 2020 оны 11-р сард болсон парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаар цэргийн эргэлт зохион байгуулжээ. 

Мьянмарын парламентын сонгуулийн албан ёсны үр дүнгээр Аун Сан Су Чигийн "Ардчиллын төлөөх үндэсний лиг" нам нийт сонгогчдын 70 гаруй хувийн саналыг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан байсан юм. 

Мьянмарын армийн удирдлагууд төрийн эрхэнд гарснаас хойш Мьянмар даяар иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэж, Аун Сан Су Чийг суллахыг шаардан жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулсаар байгаа ба эрх баригчдын зүгээс тэдгээр жагсаал цуглааныг хүчээр тараах арга хэмжээ авсаар байгаа билээ. 

НҮБ-аас мэдээлж байгаагаар цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаануудын үеэр 1100 гаруй хүн цэргүүдийн гарт амиа алдаж, 8000 гаруй хүн баригдаж, 230 мянга гаруй хүн орон гэрээ орхиж явахад хүрчээ. 

Мьянмарын төрийн эрхэнд гарсан цэргийн удирдлагууд Аун Сан Су Чийг гэрийн хорионд байлгаж байгаа ба шүүхээс түүнийг нийт 11 зүйл заалтаар буруутгаж байгаа аж. Энэ сарын эхээр болсон шүүх хурлын үеэр түүнд эхний ээлжинд 4 жил хорих ял оноожээ. 

Мьянмарын төрийн эргэлтийг барууны орнууд буруушааж буйгаа илэрхийлэн, Аун Сан Су Чи болон бусад улс төрийн хоригдлуудыг даруй суллахыг шаардаж байгаа билээ. 

4. Суэцийн сувагт ачааны хөлөг онгоц гацсаны улмаас дэлхийн худалдааны салбар их хэмжээний хохирол амсав.

Хөлбөмбөгийн 4 талбайг нийлүүлсэнтэй адил урттай аварга том ачааны усан онгоц дэлхийн хамгийн их ачаалалтай усан тээврийн замуудын нэг болох Суэцийн сувагт өнгөрсөн 3-р сард 6 хоногийн турш гацсан билээ. 

Тайванийн Ever Given хөлөг онгоц Суэцийн сувагт гацсанаас болж тус сувгаар дамжин өнгөрөх гэсэн 400 гаруй хөлөг онгоц тус сувагт гацаж ба үүссэн нөхцөл байдлаас болж олон улсын тээвэр зуучийн компаниуд тээврийн хуваарь, хөлөг онгоцнуудын чиглэл зэргийг өөрчилж, зарим хөлөг онгоцнуудаа буцаах хүртэл арга хэмжээ авсан юм. 

Азийг Европтой холбох далайн хамгийн дөт зам болох Суэцийн сувгаар дэлхийн нийт худалдааны 12 хувь нь дамжин өнгөрдөг байна. 

Суэцийн сувгийн хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ тухайн үед 4 хувиар өссөн юм. 

Египетийн төрийн өмчит Суэцийн хоолойн удирдлагын албаны дарга Осама Раби Суэцийн хоолойн хөдөлгөөн зогссоноор өдөрт Египет улс 14-15 сая ам. долларын алдагдалд орж байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Ever Given ачааны хөлөг онгоц Суэцийн хоолойд 6 өдөр гацсан ба үүнээс болж олон улсын худалдааны салбар 6-10 тэрбум ам. долларын алдагдалд орсон юм. 

5. Япончуудыг талцуулсан Токиогийн Зуны Олимпын наадам

Коронавирусын цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Токио-2020 Олимпын наадмыг дахин хойшлуулах эсэх дээр япончуудын санал хуваагдаж байгааг иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгээс харуулж байлаа. Иргэдийн нэг хэсэг нь Олимпын наадам нь коронавирусын халдварын голомт болно гэж үзэж байсан бол зохион байгуулагчдын зүгээс гарч болох бүр эрсдлүүдийг тооцсон хэмээн мэдэгдэж байлаа. Иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулсан нь тухайн үед Японы Ерөнхий сайд байсан Ёшихидэ Сүгагийн нэр хүнд унаж, Токиогийн Олимпын наадмын дараа албан тушаалаасаа өөрийн саналаар огцрох шалтгааны нэг болсон ч гэж үзэж байгаа билээ. 

Нийт 15.4 тэрбум ам. долларын хөрөнгөөр зохион байгуулагдсан Токиогийн Зуны Олимпын наадамд нийт 206 улсын 11 091 тамирчин 41 спортын төрлийн нийт 339 тэмцээн уралдаанд өрсөлдсөн юм. 

Цар тахлын улмаас тэмцээн уралдаанууд үзэгчгүй явагдсан ба эцсийн байдлаар Токиогийн Зуны Олимпын наадамд АНУ нийт 39, БНХАУ 38, Япон улс 27 алтан  медаль тус тус хүртсэн бол ОХУ-ын Олимпын хорооны нэрийн доор оролцсон ОХУ-ын баг тамирчид нийт 20 алтан медаль хүртсэн юм. 

Токио-2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссын дарга Тоширо Мүтогийн мэдээлснээо Олимпын наадмын үеэр өдөр болгон 30 мянга гаруй шинжилгээ авч байсны ачаар коронавирусын халдвартай тамирчид, ажилчдыг шуурхай илрүүлж, цаг алдалгүй тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлж чаджээ. 

6. Коронавирусын вакцины эрх тэгш хүртээмжийг хангах КОВАКС хөтөлбөр

Дэлхий даяар коронавирусын эсрэг вакцины хүртээмжийг эрх тэгш хуваарилах КОВАКС хөтөлбөр энэ оны 2-р сараас эхэлсэн билээ. 

Вакцин болон дархлаажуулалтын олон улсын эвслийн удирдлага дор ДЭМБ, ЮНИСЕФ зэрэг байгууллагуудын хамтаар эхлүүлсэн КОВАКС хөтөлбөрийн коронавирусын эсрэг вакцины эхний ээлжний 600 мянган тун Гана улсад буусан билээ. 

КОВАКС нь баян, өндөр хөгжилтэй орнуудын хандиваар бага болон дунд орлоготой 92 улсын хүн амын багадаа 20 хувийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилготойгоор эхэлжээ. 

Анх уг хөтөлбөр нь 2021 онд нийт 2 тэрбум тун, 2022 оны эхэнд 1.8 тэрбум тун вакцин нийлүүлэх зорилго тавьсан байсан ч 11-р сарын 29-ны байдлаар КОВАКС хөтөлбөрийн дагуу дэлхийн 140 гаруй улсад нийт 563 сая гаруй тун вакцин нийлүүлээд байна.

Монгол улс КОВАКС хөтөлбөрийн дагуу Pfizer/BioNTech, AstraZeneca компаниудын 1 сая гаруй тун коронавирусын эсрэг вакциныг хүлээж аваад байна. 

Дэлхий даяар нийт хийгдсэн коронавирусын эсрэг вакцины 73 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад хийгдээд байгаа ба зөвхөн 0.9 хувь нь л бага орлоготой орнуудад хийгдсэн нь вакцины хүртээмж тэгш бус байгааг харуулж байна. Дан КОВАКС хөтөлбөрт найдаж буй Африкийн орнуудын нийт хүн амын зөвхөн 12.5 хувь нь л коронавирусын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ. 

7. Минск Ирландын зорчигч тээврийн онгоцыг нислэгийг саатуулж, сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлав.

Беларусь Ирландын зорчигч тээврийн онгоцыг замаас нь буулгаж, тус онгоцонд зорчиж байсан сэтгүүлчийг баривчилсан явдал олон улсыг цочирдуулж, улс орнуудыг Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэсэн юм.

Өнгөрсөн 5-р сард Афинаас Вильнюс хотын чиглэлтэй нисч байсан Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцыг Беларусийн зүгээс онгоцонд нь тэсрэх бөмбөг байж болзошгүй, яаралтай Минск хотын нисэх онгоцны буудалд газардахыг шаардсан аж. Ryanair компанийн онгоц Минскт газардсаны дараа Беларусийн аюулгүй албаныхан онгоцонд орж, тус онгоцоор зорчиж байсан Беларусийн сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг найзын хамтаар баривчилсан юм.

АНУ болон Европын улс орнуудын удирдагчид тухайн үед Беларусийн эрх баригчдын уг үйлдлийг буруушааж, энэ нь "онгоц барьцаалах" гэмт хэрэгтэй дүйцнэ хэмээн мэдэгдэж байсан ба Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ. 6-р сард Европын холбоо Беларусийн төрийн өмчит агаарын тээврийн компаниудын онгоцуудыг Европын холбооны дээгүүр нисэхийг, Европын холбооны газар нутагт байрлах нисэх онгоцны буудлуудад газардахыг хориглосон ба Япон улс мөн адил шийдвэр гаргасан юм. 

8. Беларусь- Польшийн хил дээрх хурцадмал байдал

Өнгөрсөн сард Беларусь-Польшийн хил дээр Европын холбоо, ХБНГУ руу дүрвэх гэсэн олон мянган цагаачид цугларч, хоёр улсын хил дээрх нөхцөл байдал хүндэрсэн билээ. 

Европын холбоо уг явдалд Беларусийн талыг буруутай хэмээн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусийн эсрэг олон тооны хориг арга хэмжээ тогтоосны хариуд Европын холбооны хил дээр санаатайгаар  дүрвэгсдийн хямрал үүсгэж байна гэсэн бол А. Лукашенко Европын холбоо болсон явдалд өөрсдөө буруутай хэмээн хариу мэдэгдэл хийсэн юм. 

10-р сараас хойш Беларусиар дамжин Европын холбоо руу дүрвэх гэсэн иргэдийг Польшийн тал хүлээн авахаа зогсоосон ба үүнээс болж хоёр улсын хилийн зурваст олон зуун хүн гацсан билээ. Беларусийн тал дүрвэгсдийг хилээрээ буцааж нэвтрүүлэхээс татгалзсанаар голчлон Ирак, Сири, Афганистан зэрэг Ойрх Дорнодын улс орнуудаас ирсэн дүрвэгсэд хоёр хилийн хооронд байрлах ойд, цаг агаарын хүндхэн нөхцөл байдалд гацаж, үүнээс болж хэд хэдэн хүн амиа алдаад байгаа билээ. Өнөөдрийг хүртэл хоёр улсын хил дээрх дүрвэгсдийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. 

9. Тэрбумтнуудын сансрыг байлдан дагуулах гэсэн өрсөлдөөн

2022 оны хувьд сансрын аялал жуулчлалын хувьд онцгой жил боллоо. 2001-2009 оны хооронд ОХУ өөрийн Союз сансрын хөлөг онгоцоороо сансарт нисэх хүсэлтэй цөөхөн хэдэн хүнийг Олон Улсын Сансрын станц руу аялуулж байсан билээ. Тухайн үед сансрын жуулчдыг Оросын тал 1 жил орчим хугацаанд Оддын хотхондоо бэлтгэдэг байсан ба 2009 оноос хойш ОХУ жуулчин авч нисэхээ зогсоосон билээ. 

Энэ оны 7-р сарын 11-нд Английн тэрбумтан 71 настай Ричард Брэнсон Virgin Galactic сансрын хөлөг онгоцны 2 нисгэгч, Virgin Galactic компанийн 3 ажилтны хамтаар Unity хөлөг онгоцоор сансрын анхны аяллаа хийсэн юм. Unity хөлөг онгоц дэлхийгээс хөөрсөныхөө дараа ойролцоогоор 1 цагийн дараа дэлхий дээр эргээд амжилттай газардсан ба аяллын явцад хөлөг онгоцонд зорчиж байсан хүмүүс сансарт 4 минут орчим жингүйдлийг мэдэрсэн аж. 

Уг үйл явдлаас хойш 9 хоногийн дараа Америкийн тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безос Blue Origin компанийхаа Нью Шепард сансрын хөлөг онгоцоороо анхны зорчигчтой нислэгээ үйлдсэн ба тэрээр дүү Марк Безос, 82 настай Уолли Фанк, 18 настай оюутан залуугийн хамтаар дэлхийн гадаргуугаас дээш 100 км өндөрт гарч, хэдэн минутын турш дэлхийг дээрээс тольдож, жингүйдлийг мэдэрчээ. 

Дэлхийн хамгийн баян хүн, Таймс сэтгүүлийн оны хүнээр тодорсон Илон Маскийн SpaceX компанийн Dragon хөлөг онгоц сансрын 4 жуулчны хамтаар өнгөрсөн 9-р сарын 16-нд сансрын аяллаа эхлүүлж, дэлхийн гадаргуугаас дээш 575 км өндөрт гарсан ба сансарт 72 цагийг өнгөрүүлснийхээ дараа амжилттай газардсан билээ. 

Ричард Брэнсоны Virgin Galactic, Жефф Безосын Blue Origin компанийн сансрын аяллын тийз 250 мянган ам. доллараас 500 мянган ам. долларын үнэд хүрч байгаа бол Илон Маскийн Dragon хөлөг онгоцны 3 өдрийн аяллын зардал 200 сая ам. долларт хүрч, уг зардлыг тус хөлөг онгоцонд зорчсон тэрбумтан Жаред Айзекман төлсөн аж. 

Одоогийн байдлаар сансрын аялал жуулчлалын салбар нь “тэрбумтнуудын тоглоомын талбар” болоод байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.

10. АНУ Афганистанаас цэргээ гаргав.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын цэргүүдийг энэ оны 8-р сарын 31 гэхэд Афганистанаас бүрэн гаргаж, "АНУ-ын хамгийн олон жил оролцож буй дайныг эцэслэхээ" мэдэгдсэнээс хойш Талибан хөдөлгөөний үйл ажиллагаа эрчимжиж, 8-р сарын 14-нд талибууд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж тус улсын төрийн эрхэнд гарснаа мэдэгдсэн юм. 

АНУ-ын тал Кабулын нисэх онгоцны буудлыг хяналтандаа авч Афганистанд алба хааж буй цэргүүд, дипломатуудаасаа гадна АНУ-ын иргэдийг Афганистанаас гаргах ажиллагааг эрчимжүүлсэн юм. АНУ-ын цэргүүдийг явж, Афганистаны төрийн эрхийг талибууд барих сургаар Афганистанаас явах хүсэлтэй олон мянган иргэд Кабулын нисэх онгоцны буудал дээр цугларсан юм. 

АНУ-ын цэргүүдийг суулгасан зэвсэгт хүчний онгоцнуудыг хөөрөх үеэр иргэд нислэгийн зурваст орж ирэн, онгоцонд зүүгдэн, ямар ч аргаар хамаагүй Афганистанаас явахыг оролдож, хэд хэдэн хүн амиа алдсан юм.

8-р сарын 14-өөс 8-р сарын 31 хүртэлх хугацаанд АНУ Афганистанаам АНУ-ын цэргийн албан хаагчид, дипломатууд, АНУ-ын иргэд болон АНУ-ын түнш улс орнуудын иргэд, Афганистаны иргэд зэрэг нийт 120 мянга гаруй хүнийг Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн байна. 

АНУ-ын цэргүүд Афганистанаас явж Талибан хөдөлгөөн төрийн эрхэнд гарахдаа илүү зөөлөн бодлого баримтална хэмээн мэдэгдсэн ба үүнд эмэгтэйчүүдийн тал дээр баримтлах бодлого ч багтаж буйг онцолсон билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдэд их дээд сургуульд сурах, ажилд хөдөлмөр эрхлэх эрхийг олгоно гэсэн юм. 

Нөгөөтэйгүүр талибууд их дээд сургуулиудаас эмэгтэй оюутнуудыг эрэгтэй оюутнуудаас тусад нь өөр танхимд суулгахыг шаардаж, хувийн их дээд сургуулиудад эмэгтэй оюутнууд зөвхөн нүд нь ил гардаг никаб хэмээх өмсгөл өмсөх ёстой гэж заасан юм.

Түүнээс гадна талибууд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон ба Эмэгтэйчүүдийн яамыг татан буулгасан юм. 

НҮБ-ын мэдээлж байгаагаар олон улсаас тогтоосон хориг арга хэмжээ болон Талибан хөдөлгөөний үйл ажиллагаанаас шалтгаалан Афганистаны хүн амын 95 хувь нь хоол хүнсний хомстолд өртөөд байгаа ба 9-р сард ДЭМБ-аас олон улсын тусламж дэмжлэг багассанаас болж Афганистаны эрүүл мэндийн тогтолцоо нурахад ойрхон байгаа хэмээн мэдэгдэж байв.

11. Pandora Papers: Улс орнуудын удирдагчдын нууц хөрөнгийг ил болгов.

Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн холбоо дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс тэр дундаа улс орнуудын төрийн тэргүүнүүд, тэрбумтнууд, улс төрийн зүтгэлтнүүдийн нууц өмч хөрөнгө, гэрээ хэлэлцээрүүдийг ил болгосон 12 сая орчим баримтыг өнгөрсөн 10-р сард олон нийтэд дэлгэв. Уг баримтуудыг ил болгоход дэлхийн 117 орны 600 гаруй сэтгүүлчид ажилласан байна. 

Pandora Papers сэтгүүлчдийн эрэн сурвалжлах баримтанд дэлхийн улс орнуудын одоогийн бөгөөд өмнөх төрийн тэргүүнүүд, 300 гаруй төрийн албан хаагчдын оффшор компаниудтай холбоотой баримтуудыг дэлгэсэн байна. 

Эрэн сурвалжлах сэтгүүлчид Британийн Виржинийн арлууд, Панама, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур болон Швейцарь зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 24 компанийн 12 сая орчим баримтыг судалж, ил болгосон байна. 

Улс төрчид болон бизнес эрхлэгчид ихэвчлэн татвараас зайлсхийх, өмч хөрөнгөө ямар нэг шалтгаанаар нуун дарагдуулах зорилготойгоор оффшор данс нээдэг байна. 

Pandora Papers-т дурдагдаж буй жагсаалтад манай улсын Ерөнхий сайд асан С.Батболдын нэр багтжээ.

С.Батболдын хувьд төрийн алба хааж байхдаа уул уурхайтай холбоотой гэрээ хэлэлцээр хийхдээ хэдэн зуун сая ам. долларын авлига авсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур болон АНУ-ын шүүхэд шалгагдаж байгаа юм. 

2006 оны 4-р сард С.Батболд Монголын Худалдааны сайд байхдаа Ла Маншийн хоолойд байрлах Гарнси арал дээр Квантум Лэйк Траст нэртэй компанийг байгуулжээ. 

Уг компанийг Британийн Виржинийн арлуудын Премьер Эдж ХХК оффшор компани эзэмшдэг ба 2005 онд С. Батболд тус компанийн анхны хувьцаа эзэмшигч болсон байдаг. 

2006 онд Премьер Эдж ХХК нь Лондон хотод байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны барилгаас 2 байрыг 8.8 сая ам. Доллараар худалдан авсан тухай Pandora Papers-т онцолжээ.

12.ОХУ-Украины хурцадмал байдал

Украины зүүн хил орчим болон Крымийн хойгт ОХУ олон арван мянган цэргүүд болон цэргийн машин техник байршуулж, Украин руу цэрэг оруулах бэлтгэл хийж байна хэмээн Украин болон барууны орнууд үзэж байна. Украины Тагнуулын албаны мэдээллээр мөн энэ сарын 13-нд Америкийн хиймэл дагуулын Maxar Technologies компанийн сансрын хиймэл дагуулаас  авсан зурагнаас харахад Украины хил орчим ОХУ танкууд, пуужингийн артиллерийн систем, ойрын зайн пуужингийн системүүдийг байршуулжээ. Түүнээс ОХУ-ын 100 мянга гаруй цэрэг тухайн бүс нутагт байрлаж байгаа аж.

ОХУ-ын зүгээс армиа өөрийн нутаг дэвсгэрт дотроо чөлөөтэй байршуулах эрхтэй хэмээн мэдэгдэж, Украин руу довтлох ямар ч санаа агуулаагүй хэмээн удаа дараа онцолсон юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО Украин дахь цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, Украины армийг зэвсэглэхээ зогсоохгүй бол “цэрэг-техникийн хариу арга хэмжээ авч, дайсагнасан алхам хийсэн тохиолдолд хатуу хариу үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар 12-р сарын 7-нд Украины асуудлаар цахим уулзалт хийсэн ч талууд тодорхой үр дүнд хүрээгүй юм. Уулзалтын дараа ОХУ-ын зүгээс НАТО болон АНУ-д шаардлага хүргүүлсэн ба уг шаардлагадаа НАТО-гоос Зүүн Европын улс орнууд дахь үйл ажиллагаагаа хязгаарлахыг шаардсан нь мэргэжилтнүүдийн үзэж буйгаар биелүүлэх боломжгүй шаардлагууд аж.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.