
Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск Twitter нийгмийн сүлжээний компанийг 44 тэрбум ам. доллараар худалдан авсан талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Илон Маск өөрийн твиттер хуудаснаа, "Шувуу чөлөөлөгдлөө." хэмээн бичсэнээс гадна твиттерийг худалдан авах болсон шалтгаанаа мөн бичиж нийтэлжээ.
Илон Маск Твиттерийг худалдан авсан гэсэн мэдээлэл гарсантай зэрэгцэн тус компанийн хэд хэдэн удирдах албан тушаалтан халагдсан тухай мэдээлэл гарчээ. Тэдгээрийн дотор Твиттер компанийн Ерөнхий захирал Параг Агравал, Санхүү хариуцсан захирал Нед Сигал нар багтсан талаар Financial Times сонин мэдээлсэн байна.
Твиттер компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хараахан гаргаагүй байгаа ч хөрөнгө оруулагчдынх нь мэдээлснээр Илон Маск албан ёсоор тус компанийн эзэмшигч болсон аж.
Илон Маскийн хувьд өмнө нь нэг бус удаа Твиттерийн бодлогыг шүүмжилж байсан ба Твиттерийг хүн төрөлхтний сайн сайхны төлөөх, шинэлэг бөгөөд нөхөрсөг цахим талбар болгохыг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.
Твиттер компани хувь хүний эзэмшилд очиж байгаа иул тус компанийн хувьцааг үнэт цаасны бирж дээр худалдаалахыг зогсоожээ.
Твиттер компанийн удирдлагыг Илон Маск атгаснаар тус нийгмийн сүлжээнээс хасагдсан олон хүмүүс тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп буцаад аккаунтаа сэргээх боломжтой болох магадлалтай юм.
Ерөнхийлөгч асан Доналд Трампын аккаунтад твиттерээс хориг тавьсан явдлыг тухайн үед Илон Маск "тэнэг" үйлдэл хэмээн тодорхойлж байсан юм.
Түүнээс гадна Илон Маск Твиттер компанийн зүгээс "бүх зүйлийг багтаасан аппликэйшн" гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн ба ажиглагчид тус аппликэйшн нь Хятадын WeChat шиг мессеж бичих, нийгмийн сүлжээнд орох, төлбөр тооцоо хийх, хоол захиалах зэрэгтээ ашиглаж болох супер аппликэйшн болох магадлалтай гэж таамаглаж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.