Зүгээр л зөнд нь орхичих

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Гадаадын хөрөнгө оруулалт 80 хувиар буурснаас болж ам.долларын ханш огцом өссөн. Эдийн засаг доголдож, төгрөгийн худалдан авах чадвар суларснаас нь тэтгэвэр, тэтгэмжийнхний нуруун дээрээ үүрэх ачаа хүндэрсээр л байна. Төв банкны хэлсэн инфляци өсөөгүй гэдэг үг үнэн байж болно. Харин үнэ бол өнгөрсөн жилийнхээс өссөн гэдгийг захын иргэн ч хэлээд тайлбарлаад өгөх болов уу. 

Сав л хийвэл хөрөнгө оруулагчдыг үзэн яддаг, боломж гарвал айлгаж дарамталдаг эх орон, газар шороо, уул усны хөдөлгөөнийхөн хөрөнгө оруулалт огцом буурч, олон арван иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байхад хар цагаан дуугүй нам жимхэн болцгоожээ.  Хөрөнгө оруулагчид л байхгүй бол бүх юм сайн сайхан болно гэж хөөрөөд байсан эх орончдоос  одоо эдийн засгаа аврахыг шаардах нь зүйн хэрэг байх.  Үнэндээ хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэхэд нөлөөсөн нэг хүчин зүйлс  нь манай эх орончид гэдгийг хэн хүнгүй мэднэ.  Муурын самардалт, барын базалт гэх гоё нэртэй жагсаалыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчид руу буу шагайж явсан нөхөд хаачив.  Хөрөнгө оруулалт буурахын хэрээр эдийн засагт ямар байдалд орж байгааг,  ядахнаа валютын хөөрөгдөл, үнийн өсөлтөөс тэд сургамж авсан гэж найдая. 

Олон улсын хөрөнгө оруулагчдад зориулсан “Дисковер Монголиа” чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Урьд өмнө нь хөрөнгө оруулагчдийн хөлд дарагдах шахам өнждөг байсан  Хүүхдийн ордон эл хульхан, төлөөлөгчийн тоо дөнгөн данган 500 шүргэснээс харахад манай эх орончид “татар ажиллагаа”-г сайн явуулжээ.  Оролцсон цөөхөн нь нөгөө л ярьдаг зүйлээ хэлж, Монголын улстөрчдийн тогтворгүй араншин, хууль эрх зүйн таагүй орчин бизнес хийхэд халгаатай байгаа талаар шүүмжилсэн.  Монгол дахь хөрөнгө оруулалтыг буурахад гол нөлөөлсөн зүйл нь УИХ-аас баталсан эрх зүйн дутуу бойжилттой, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чадваргүй хуулиуд  гэдэг нь нэгэнтээ бодит амьдрал дээр нотлогдчихоод байна.

Нөгөө талаар татварын болон мэргэжлийн хяналтын байцаагчдын хүнд суртал, авлига хээл хахууль, эх орон, газар шороо, уул ус гэж худлаа дөвчигнөсөн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй нөхдүүдээс болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  ажлаа тайван хийхэд бэрхтэй болсныг нуух юун. Нутаг дэвсгэр дээр нь ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явагддаг аймаг, сумын  Засаг дарга нар сарынхаа цалинг хураагаад ч авч чадахааргүй үнэтэй ганган машин унах нь ердийн үзэгдэл болсон. Адаг сүүлдээ багийн дарга, байгаль хамгаалагч нь хүртэл мөнгө нэхэж , өгөхгүй нэгнийх нь үйл ажиллагааг хүртэл зогсоодог болсон гэнэ лээ.  Дуртай нэг нь эх орон газар шороо, төр улсынхаа нэрийг бариад дургүй хүргэсэн нэгнээс мөнгө салгахад амархан болчихсон.   Улстөрчид нь хуулиар дарамталж, татварынхан болоод мэргэжлийн хяналтынхан, сум ,багийн засаг дарга, байгаль хамгаалагчид нь төрөөр айлгаж, эх орон, газар шорооныхон нь иргэдийн нэрээр сүрдүүлдэг Монгол Улс шантаажаа болихгүй бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөөд ч өөрчлөгдөх юм үгүй байж мэдэх талтай.

Монгол Улсын эдийн засаг ойрын арван жилдээ ашигт малтмалын салбараасаа хамааралтай байх нь тодорхой гэдгийг салбарын сайд нь хүртэл өөрөө хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Тэр тусмаа дэлхий дахинд нүүрсний хэрэглээг багасгаж,нар салхи, уранаас эрчим хүч үйлдвэрлэх бодлого баримталж байгаа үед үнэд хүрч байгаа дээр нь нүүрсээ, төмрөө зарах нь Монголын эдийн засагт  ашигтай болов уу. Эс бөгөөс алтан дээр суусан гуйлгачин хэвээрээ үлдэхийн хүсээгүй л бол эх орончид минь  гадаадынхан гэхээрээ л харшаад эхэлдэг зангаа засах хэрэгтэй байна. Хэрэглээ нь байгаа үед төмрөө, нүүрсээ ухаад зарахгүй бол цаг минутаар өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлийн хурдад гүйцэгдэн, газрын хэвлий доорх ашигт малтмалаа “хог” болгохгүй гэх баталгаа байхгүй юм.  Нөхөн сэргээлтийг нь цаг тухайд нь хийлгэх, байгаль экологид хөнөөл багатай орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд анхаарч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал болохоос хэн нэгнийг дарамталж, ашиг олох нь эх орончдын болоод төрийнхний үүрэг биш. 

Уул уурхайн бизнес эрхлэх боломжийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад олгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд татварын арга ашиглаад үзэхэд яагаад болохгүй гэж. Нөхөн сэргээлтээ цаг тухайд нь хийгээгүй компаниас илүү татвар авдаг байх зохицуулалтыг  тусгаж, харин хариуцлагатай компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх маягаар  уул уурхайн салбарт хариуцлагыг нэмэгдүүлж  болно.  Харин хөрөнгө оруулагчдаа хөөж болохгүй. Тиймээс “эх орон” гэж цээжээ дэлдэх дуртай эх орончид маань шантаажаа л больчих. Мятав авна уу, Готов нь авна гэгчээр хөрөнгө оруулагчдад гай болохгүй л бол эх орончдын зүгээс эдийн засагтаа үзүүлж буй гавьяа нь тэр юм шүү. Нэг болохоор хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, нөгөө зангаа хөдлөхөөр  найр тавин долигноод байлтгүй зүгээр л зөнд нь орхичих.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.