Төмөр замын бодлого эцсийн хэлэлцүүлэгт шилжинэ

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Чуулганы хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов. Уг төсөлд буй өөрчлөлт нь төмөр замын талаарх бодлоготой зөрчилдөж байгаа тул бодлогоо өөрчлөх тухай санал, байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналаар орж ирсэн 2 шинэ чиглэл, салбарыг хариуцсан сайд томилогдоогүй байгаа зэрэг нь шүүмж өрнөх үндэс болж байв.

Гишүүн М.Батчимэг  “Засаглалын хямрал нүүрлэж гүйцлээ.  Хэдий хүртэл энэ чухал бодлогыг хэлэлцэж байхад сайдгүй яамд байх билээ”  гэсэн бол М.Зоригт “Х.Баттулга гишүүн нүүрсийг л түүхийгээр нь зөөчихнө гээд байх юм. Аливаа түүхий эдийг алс холоос тээвэрлэхээ больчихсон. Амсар дээрээс нь аваад үйлдвэрлэл эрхлэдэг болчихсон шүү дээ. Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун төмөр зам тавихыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна” 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид зөвхөн нүүрс гаргах гээд байгаа юм биш. Хятадын нутгаар дамжин гуравдагч зах зээлд гарах гээд байгаа бодлого. Далан чинь босчихсон байна, одоо нарийн зүүнээ л шийдэх үлдлээ. Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр зарим өөрчлөлт орж.  Сайншанд Ханги гээд ороод ирж. Ингээд ороод ирэхээр дахиад Орос улстай яриа хийхэд маргаан үүсгэх зүйл болчих вий”  хэмээсэн юм.

Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар болж буй аж.

Дээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн шинэ маршрутаас болж Ж.Энхбаяр “Байнгын хороон дээрээс шинээр оруулж ирсэн хоёр маршрутыг тусад нь гаргаад санал хураалт явуулчихья. Үнэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын яриад буй болгоомжлолтой санал нэг байна” гэсэн бол С.Баярцогт “Байнгын хороо ийм заваан юм оруулж ирэх ямар хэрэг байгаа юм бэ. Бид бодлогын асуудлаа олон жил ярьсан, гэтэл гэнэт байнгын хороон дээр шинээр маршрут оруулж ирж будлиан тариад байхдаа яадаг юм” хэмээн шүүмжилсэн юм.

Гэвч гишүүд шинээр орж ирсэн маршрутаас болж дээрх чиглэл, царигийг заасан заалтыг бүхэлд нь унагахаас өөр арга байхгүй хэмээн үзсэн тул санал хураалтын үеэр тус заалтад эсрэг санал өгөв. Гэвч ингэж буй нь дээрх цариг чиглэлүүдийг эсэргүүцэж буй хэрэг биш бөгөөд Сайншанд-Ханги гэх  замын дундаас орж ирсэн 2 нэмэлт маршрутыг асуудлыг цэгцэлж, тусад нь хэлэлцэх өөр боломж байхгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл эцсийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын өргөн барьсан хувилбараар буюу чамгүй урт хугацааг зарцуулан байж шийдэлд хүрсэн хувилбараа дэмжих нь зүйтэй хэмээн гишүүд үзсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.