Е.Исинбаева: Охиноос минь чухал зүйл одоогоор алга

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Хөнгөн атлетикийн тулгууртай харайлтын төрлийн дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин Е.Исинбаева саяхан охинтой болсон. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцоогүй түүнтэй сэтгүүлч уулзахад ингэж ярьжээ.

-Та хэр өвдөж төрөв?

-Ёстой амархан төрсөн. Зурга­дугаар сарын 27-нд төрөх гээд өвдөх шиг болохоор нь нөхөртэйгөө Грэйс гүнжийн эмнэлэгт очсон юм. Гэтэл төрөхийн өвдөлт ч биш байсан юм байж. Гэхдээ эмч нар намайг хэвтэх болсон гэж үзээд тариа тарьж унтуулсан. Ингээд маргааш нь л амаржсан. Алгарын шаталбар гэдгээр (Нярайн эрүүл мэндийн байдлыг таван шинжээр үнэлж түвшин тодорхойлдог систем) охинд маань 10 буюу хамгийн сайн үнэлгээ өгсөн. Дараа нь би эмч нараас “Намайг Исинбаева болохоор охинд маань хамгийн дээд оноо өгч байгаа юм уу” гэж асуусанд “Үнэхээр сайн байгаа болохоор сайн гэхээс өөр яахав” гэж байна лээ.

-Хүүхэд асрахад туслах хүнгүй яаж болгож байна даа?

-Би охинтой болох гэж дэндүү их хүссэн болохоор хүнд найдахгүйгээр өөрийнхөө чадлаар өсгөе гэж бодсон юм. Гэрийнхэн маань туслалгүй л яахав, гэхдээ визийн хугацаа хязгаартай болохоор энд тэр бүр удаан байж чаддаггүй. Есдүгээр сард Ева бид хоёр гурван долоо хоног хоёулахнаа байхдаа дажгүй л байсан. Миний охин ёстой сайн хүүхэд байгаа юм, ээжийгээ юм хийх гэхээр ойлгоод тоглоомоороо тоглоод өөрийгөө саатуулаад байж байдаг.

-Охиноо хөхөөрөө хөхүүлдэг үү?

-Хөхөөрөө, хөхөөрөө. Тийм учраас юу идэж хэрэглэхээ нэлээд бодож, дэгтэй ханддаг. Шоколаднаас авахуулаад хүүхдэд халтай байж болох зүйл огт иддэггүй. Өглөөдөө тараг, зөөхий гэх мэт хөнгөн юм идээд өдөр нь охинтойгоо кафед орж хооллоно. Харин орой нь заавал шөл хийж уудаг. Охиноо наад зах нь хагас жил хөхүүлээд, дараа нь ногооны нухаш гэх мэт насанд нь таарсан хоолонд оруулна даа. Худалдаанд байдаг хүүхдийн сүү хэрэглэхгүй байж байгаад бор хоолонд нь оруулах санаатай.

-Таны бие галбир хэвээрээ байх юм. Амаржсан мөртлөө яаж ийм байж чадаж байна?

-Хамаагүй хоол иддэггүйг дээр хэлсэн. Мөн өглөө болгон гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Хүүхдийн бойжих орчин маш цэвэрхэн байх ёстой болохоор тэр. Харшил үүсэх вий гэж айгаад гэртээ хивс хүртэл байлгахгүй байгаа. Гуравт гэвэл, эндхийн цаг агаар сайхан болохоор болж л өгвөл гадуур салхилдаг. Төрснийхөө дараа галбираа хурдан барьсан маань ийм учиртай.

-Бэлтгэл сургуулилалтаа хэзээ эхлэх вэ?

-Дасгажуулагч Евгений Василье­вич Риогийн олимпийн наана хийх бэлтгэлийн хуваарийг маань гаргаад өгчихсөн. Гэхдээ одоохондоо миний юу хийхийг заах хүн гэвэл охин минь л байх шиг байна. Бид удахгүй гэртээ харина. “Охиноо гурван сар хүргэж байгаад Волгограддаа буцна” гэж нөхөртэйгөө ярьж тохирсон юм. Гэртээ харьж байгаад хөнгөн чанарын бэлтгэл бага сага хийж эхэлнэ. Гэхдээ охиноо хөхнөөс нь гаргахаас нааш сургуулилалтдаа шаргуу орно гэж байхгүй ээ. Би олимпоос гурав дахь алтан медалиа авмаар байна, авахын төлөө ч бүхнээ дайчилна. Гэхдээ охиноо эрүүл саруул бойжуулахаас илүү том зорилго алга. Амьдралдаа миний байгуулсан хамгийн том ялалт бол миний охин юм шүү дээ.

ОХУ-ын алдарт тамирчин Е.Исинбаева “Афин 2004”, “Бээжин 2008” Олимпийн наадмын алт, “Лондон 2012”-ын хүрэл, “Хельсинк 2005”, “Осака 2007”, “Москва 2013” дэлхийн аваргын алт, “Парис 2003”-ын хүрэл, Танхимын дэлхийн аваргаас 2004, 2006, 2008, 2012 онд алт, 2003 онд мөнгө, Дэлхийн цомоос 2006 онд алт, Хөнгөн атлетикийн дэлхийн шигшээ тэмцээнээс 2004, 2005, 2006, 2007, 2008 онд алт, Европын аваргаас 2006 онд алт, 2002 онд мөнгө, Европын танхимын аваргаас 2005 онд алтан медаль хүртсэн. Мөн 2009 онд тулгууртай харайлтаар 5.6 метр харайж дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд одоог хүртэл хэн ч эвдээгүй байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.