
Цай Ин Вэн Америкийн Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзжээ
Хятадын Гадаад харилцааны яам Тайванийн тэргүүн Цай Ин Вэн, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кэвин МакКарти нарын Калифорнид хийсэн уулзалтыг "үгсэн хуйвалдсан" явдалтай зүйрлэж, БНХАУ тусгаар тогтнолоо хамгаалах болно хэмээн мэдэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ, "БНХАУ энэхүү үйлдлийг хатуу эсэргүүцэж, буруушааж байна. АНУ, Тайвань хоёрын үгсэн хуйвалдсан энэхүү үйлдлийн хариуд БНХАУ тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий, үр дүнтэй арга хэмжээг авах болно." гэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кэвин МакКарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг Калифорнид хүлээн авч уулзсан ба тэрээр Тайванийн төрийн тэргүүнийг Америкийн нутаг дэвсгэр дээр хүлээн авч уулзсан Америкийн төрийн хамгийн том албан тушаалтан болж байгаа юм.
Уулзалтын үеэр Кэвин МакКарти Хятадын зүгээс ирж буй заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед Вашингтоны зүгээс Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх явдлаа эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Хятадын Ардын их хурлын Гадаад харилцааны хороо пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ Кэвин МакКартигийн үйлдэл "АНУ Тайванийн асуудал дээр баримтална гэсэн амлалтаа ноцтой зөрчлөө" хэмээн дурджээ.
Бээжин ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн улсын нэг хэсэг хэмээн үздэг ба Вашингтон 1979 онд Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.