БНХАУ-ын дарга Шинжаан-Уйгарт 10 мянган цэргээ байршууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд сүүлийн жил гаруйн хугацаанд халдлага ихээр гарах болсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бачу хошуунд халдага үйлдсэн алан хядагчдыг баривчлах үйл ажиллагаа явуулахад 21 хүн амиа алдаж байсан. Дээрх хүмүүсээс 15 нь цагдаагийн ажилчид, 6 нь энгийн иргэн байв. Шинжаан-Уйгарт Зүүн Туркестаны ислам хэт даврагч бүлэглэлийнхэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Мөн орон нутгийн исламын шашинтай оршин суугчид, уугуул иргэд Хятадын эрх баригчдыг эсэргүүцсээр ирсэн. Тэд хан үндэстнүүд олноор амьдрах болсныг буруушааж, хурц мөргөлдөөн болох нь элбэг байдаг.

Өмнөд хөршийн албаны хүн “Синьхуа”-д өгсөн ярилцлагадаа “Шинжаан-Уйгарт алан хядагчдын мөрдөх ажиллагаа үргэлжилж байна. Бид баривчилсан этгээдүүдээс мэдүүлэг авна. Алан хядагчдын тухай мэдээллийг иргэд өгсөн нь бидний ажилд асар их дэмжлэг болж байна. Цаашид иргэдээс мэдээлэл авна” гэжээ. Гэвч Уйгарчууд өөрсдийн “арми” гэгдэх Зүүн Туркестаны бүлэглэлийнхнийг илчлэхгүй. Хятадын хэвлэлүүд дээрх баривчлах ажиллагааны тухай мэдээллийг уйгар хүнээс авсан гэж ойлгуулахыг хичээж байгаа юм.

Хятадын баруун хойд нутагт гарч буй хүнд ноцтой гэмт хэргүүдийн 79 хувийг уйгар хүн үйлддэг хэмээн өнгөрсөн онд “Синьхуа” агентлаг албаныхан эх сурвалжийн мэдээлсний эш татаж уламжилж байв. 2009 онд Шинжаан-Уйгарын төв Өрөмч хотод уйгар болон хан үндэстний хооронд мөргөлдөөн болсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан. Нутгийн уугуул иргэдийн жагсаалыг Хятадын цагдаа нар хүчээр тараасан билээ. Энэхүү хэрэг явдал нь уйгарчуудын салан тусгаарлах үзлийг багасгахад тийм ч их хувь нэмэр оруулаагүй. Хятадын зүгээс Шинжаан-Уйгарт асар их хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламж орон сууцны харьцангуй хөнгөлөлттэй зээлд уугуул иргэдийг хамруулж байгаа юм.

Бээжингийн зүгээс “Уйгарчууд салан тусгаарлах үзлээ орхиж, боловсрол, ажил, орчин үеийн орон сууцтай болох талаар анхаарах шаардлагатай. Уйгар, хан үндэстнүүд хамтдаа эв найрамдалтай амьдарч чадна” гэх маягийн мэдэгдлийг байнга явуулдаг. Мөн исламын шашны хатуу ёс заншлыг аажмаар уусгаж, тэдний эв нэгдлийн баталгаа болсон шашныг нь үгүй хийхийг оролдож байгаа юм. Төвдөөс ялгаатай нь уйгарчууд баруун нутгаараа исламын шашинтай ахан дүүстэйгээ харилцаа сайтай. Энэ нь тэднийг Хятадаас тусгаарлахад чухал нөлөө үзүүлнэ гэж геополитикчид тайлбарлаж байна.

Дээрх хоёр сөргөлдөгч талын мөргөлдөөн одоо ч үргэлжилж  энэ сарын 21-ний өдрийн 13.00 цагт Хятадын Шинжаан-Уйгарын Кашгар хотноо гэмт этгээдүүд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрлээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус халдлагын үеэр Хятадын хоёр эргүүлийн цагдаа амиа алдаж, 45 хүн гэмтжээ. Кашгар хотын худалдааны захын өмнө болсон дээрх халдлагыг салан тусгаарлах үзэлтэй уйгар үндэстэнүүдийн үйлдсэн хэрэг гэж Бээжингээс мэдэгдсэн байна. Энэ үйл явдлын улмаас БНХАУ-ын дарга Си Зиньпин дээрх хоёр хотод 10 мянган цэргээ байршуулахаа мэдэгджээ. Эхний ээлж буюу 1500 цэрэг Урумчи хотноо эргүүлд гарч, уйгар хүмүүсийн гэрт гэнэтийн үзлэг хийж эхэлсэн байна. Энэ сард нийслэл Урумчи хотод гэмт этгээдүүд 12 удаа халдлага зохион байгуулж, 140 гаруй хүний аминд хүрсэн юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.