
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.
Цуврал 13: Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг
1. Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ.
Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.
Амарбаясгалант хийд Ивэн голын зүүн хойд тэгш сайхан дэнж чанх урагшаа харсан хаалгатай 208 метр урт, 176 метр өргөнтэй хэрмэн дотор оршдог. Мөн дөрвөн талаасаа гадна хэрэмнээс дотогш тус бүр тавин алхамын зайтай дотор хэрэм буюу давхар хэрэмтэй. Дотоод хэрэмний дотор голлох 16 дуганатай, харин гадаад их хэрэмний дотор дотор хэрэмний гадна 10 цагаан гэгдэх 10 дугана хойд баруун, зүүн талаар хагас тойрон хаанаас ч харсан дөрөв дөрөв харагдахаар сонин байрлалтай баригдсан байна.
Хэрмийн урдахь гол үүдний тамгын дуганаас урагш шөргөн хашаатай талбай бий. Энд хэн ч байсан мориноосоо бууж залбирах зарлигтай. Талбайн өмнө 16м урттай, 93 см өргөнтэй, 3м өндөр тоосгон Ямпай бий. Талбайн зүүн урд Номун хааны дуган бий. Энэ нь хэрмийн гадна байсан сүм дугануудаас үлдсэн ганц нь ажээ.Хийдээс баруун хойшоо хоёр саахалтын зайд ууланд Суврагын ам гэдэг газар бий. Тэнд Бурхан багшид зориулсан 8 суврага, уншлагын 3 сайхан дуган байсан нь үгүй болж зөвхөн 8 суврагын суурь л үлджээ.
Хэрмийн өмнөх үүдний орших Тамгын дуган нь 11м урт, 7м өргөнтэй багахан дуган юм. Дотор нь хоёр талын хананд том жаазанд Богдын хоёр тамга байрлуулжээ. Тамга нь “Нарангэрэлт Богд” гэсэн Хятад үсэгтэй.
Их хэрмийн урд Жин хэнгэрэгийн дуган байна. Урьд нь том хэнгэрэг байсан нь одоо үгүй болжээ. Түүний харалдаа зүүн талд Жин хонхны дуган бий. Үүний дотор 122см өндөртэй тойргоороо 133см амсартай, том хонх хэмхэрхий ч гэсэн байж байна.
Махаранзын дуган: Энэ дуганд 4 махаранз бий. 1938 онд орвонгоор нь устгасан 4 махаранзыг 1988-1989 онд Улаанбаатараас уран Жамба ирж дахин бүтээсэн нь Амарбаясгалант хийд дахин мандан дэлгэрэх алтан замыг нээсэн буянт үйл болжээ. Хөрөнгийг нь засгийн газраас гаргажээ. Нэг дуган нь 7,8м урт, 7,5м өргөнтэй бараг тэг дөрвөлжин юм.
Түүхийн хоёр дуган: Энэ нь хэмжээгээр жижигхэн, дотор нь Манжийн хааны зарлиг сийлж бичсэн хоёр том чулуун гэрэлт хөшөө юм.
Цогчин дугана: Энэ бол хамгийн том нь бөгөөд ер нь өөр байхгүй том, гоёмсог дуган байна. Цогчин дуган нь 32 х 32 метр хэмжээ бүхий талбайтай, 2 давхар барилга бөгөөд ур хийц, гоёл чимэглэлийн хувьд Монголд төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Дуганд байх 4 том гол багана нь голоороо ховилтойгоор хийгдсэн байдаг нь дээвэр дээрхи бороо цасны усыг гадагш зайлуулах үүрэгтэй ажээ. Тус хийдийг барьж байгуулахад оролцсон уран дархчуулд манжийн Энх-Амгалан хааны зарлигаар “Билигт дархан”, “Хэтэрхий зоригт дархан”, “Нягт хичээнгүй мужаан”, “Хурц дархан”, “Гоц уран”, “Арга билэгт мужаан”, “Ачит дархан” зэрэг цолыг тус тус олгож, лан мөнгө, хонь мал зэргээр урамшуулжээ.
Гаднах дөрвөн талдаа 36 баганатай, дотроо 44 баганатай хааш хаашаагаа 29м тэг дөрвөлжин модон дуган юм. Цогчин дуганы гол шүтээнүүд нь баримал том Намсрай, Богд Зонхов, Боржин чулуун Бурхан багш Жанрайсиг, зурмал олон манал, Далай ламын болон Богд Жавзандамбын хоёр сэнтий, шухан Ганжуур,Гүрү-дива Ринбочигийн Энэтхэгт бүтээлгэж авчиран бэлэглэсэн сайн цагийн мянган бурхан бий. Цогчин дуган нь хоёр давхар, сүрлэг гоё билээ.
Маналын дуган: Баруун урд өнцөгт оршдог 10,85м урт 7,3м өргөн. Хуучин олон хар Маналууд байжээ. Одоо Гүрү-Дива багшийн бэлэглэсэн 100 Аюуш бурхан, Лондонд хэвлэсэн Ганжуурын ботиудыг залжээ.
Сахиусын дуган: зуугийн зүүн урд өнцөгт бий.Заримыг нь зурсан, заримыг нь хүрлээр цутгаж алтадсан, 10 хангал сахиус энэ дуганд бий.Тэдгээр нь Лхам,Жамсран, Чойжоо, Гомбо, Намсрай, Чагдар, Жигжид, Гонгор, Цамба, Бүрэнхааны сахиус эдгээр юм. Дуганы урт 21м өргөн нь 13м аж.
Зуугийн дуган: Энэ дуганд Бурхан багш Санжаа, осрон гэдэг хоёр шавьтайгаа, Майдар бурхан хоёр шавьтайгаа, Сэмбээжид найман гэлэн, Дайждамдин, чадар, баримал 16 Найдаг, жүдүг зэрэг Балбын урчууд шинээр бүтээсэн шүтээнүүд байна.
Дөрөвдүгээр богдын шарилын дуган: Урт өргөн нь адилхан 9,7м тэг дөрвөлжин дуган.Доторнь дөрөвдүгээр богдын дүр, намтрыг нь бичиж тавьжээ.
Өндөр гэгээний шарилын дуган:Хэмжээ нь Дөрөвдүгээр Богдынхтой яг ижил: дотор нь Өндөр гэгээний Занданшуулсан шарил 1000ш Өндөр гэгээний баримал шүтээнтэй байсан.Одоо Өндөр гэгээний баримал дүр байна.
Лаврин дуган: зуугийн чанх ард байна.25,4м урт, 9м өргөнтэй том дуган юм. Дотор нь Өндөр гэгээний хоёр том баримал, хоёр Жавзан, Шалш, хэмээх догшид байна. Энэ нь богд ирэх үедээ залардаг дуган юм байна.
Лхүн-Лха буюу Богдод мөргөл үйлдэх дацан: 8,9м урттай, 7,95м өргөнтэй жижиг модон дуган бий.
Гэгээний Шар орд буюу Яамны дуган: Шүтээн нь Жанрайсиг бурхан юм.
Нархажидын сүм: 12м урт, 8м өргөн. Өндөр гэгээний бүтээсэн Нархажид бурхан байсан нь үгүй болсон. Энэ бурханыг урьд Өндөр гэгээн хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулан бүтээсэн байжээ.
Майдрын дуган: Хэмжээ нь Нархажидынхтай адил энд эргэдэг Майдар, суугаа хүний хэмжээтэй шинжтэй Лим шүтээн байжээ./Лим шүтээн нь-цутгаж бүтээсэн/
Эдгээр үндсэн гол 16 дуганаас гадна дээр дурьдсан 10цагаан дуган гадаад хэрэмний дотор бий. Ингээд Амарбаясгалант хийд одоо 26 дугантай, хоёр их суваргатай байна.
Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйл хийдэг. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 8 дугаар сард хийх бөгөөд Бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог. Бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй байна. Дахин тахиулахдаа энэ хийд дээр авчирч тахиулдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цэвэр цагаан мөнгөөр бүтээлгэх нь их байдаг. Гонгорын бумбыг “баяжихын бумба” гэдэг. Бумбыг бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог ажээ.
Жарун хашор суварга Амарбаясгалант хийдийн дэргэд Жарүн хашор буюу “Ам алдсан” хэмээх том суварга босгожээ. Энэ суваргын талаар ийм нэгэн домог байдаг. Өгөөмөр сэтгэлт нэгэн эмгэн буян хураахын тулд суварга босгохоор шийдэж хаанаас зөвшөөрөл хүсэхэд ”хүссэнээ хий” гэжээ. Нөгөө эмгэн дөрвөн хүү, нэг зарцын хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед, нутгийн ноёдууд “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд нь халтай” гэж үзэж суварга босгохыг нь болиулахын тулд хаанд айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцахгүй” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” буюу Жарүн хашор гэж нэрлэсэн гэнэ. Ийм суварга бүтээх үйлсийг Амарбаясгалант хийд нутаг дэвсгэр дээр нь оршдог Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилжээ. Мөн тус суваргыг Нүдэн суварга гэж нэрлэдэг бөгөөд мөргөж залбирхаар ирсэн хүн нүд рүү нь ширтэн харах юм бол нүгэл хилэнцээс салдаг хэмээн ярьдаг. Суварга тойруулан сүсэгтэн олны хандиваар 108 хүрдийг залсан байх агаад хүрд бүрт Г.Занабазарын бүтээсэн “Соёмбо”-ыг товойлгон дүрсэлжээ.
Энэхүү суваргын ард Богд зонховын сэргэг дүрийг 13 метр өндөртэйгөөр бүтээж, хоёр шавь болох Жалцавжий, Хайдавжийг залжээ. Богд Зонхов хүртэл 108 шат үргэлжлэх бөгөөд замын дунд 3 удаа түр амсхийн эргүүлэх 3 хүрд байрлуулжээ.
Амарбаясгалант хийдийн байршлийн нэг онцлог гэвэл дөрвөн зүгийн хаанаас нь ч очиход боломжтой, урьд нь, одоо ч олон замын зангилаан дээр байгуулагджээ. Амарбаясгалант хийд нийслэл Улаанбаатар хотоос шулуунаар бол 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог.
2. Соронзон хад
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь "Соронзон" юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг аж.
Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна. Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог аж.
Сүүлийн үед Соронзон хад олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюулд тулаад байгаа. Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал юм.
3. Хувьсгалын өлгий Алтанбулаг
Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгосон байна. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байв. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн юм. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн юм.
Солдат толгой: Алтанбулаг сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг “Заргачийн овоо”, “Солдат толгой” гэж нэрлэдэг. 1921 оны 6-р сарын 5-нд Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас монгол, зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтанд орж байсан байна. Энэ тухай сонирхуулахад Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд энэ тулаан гардаг. Энэ тулалдаанд цагаантны цэргийн удирдагч дошгин Баяргүн ялагддаг бөгөөд баригдан эцэст нь өөрийгөө буудан амиа хороодог билээ. 1921 оны 6-р сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож 7-р сарын эхээр Нийслэл хүрээг чөлөөлсөн юм. Алтанбулагт ардын засгийн анхны баяр наадмыг хийхдээ энэ овоог тахиж, түүний өвөрт наадам хийжээ. Энэ наадамд 64 бөх барилдаж засгийн газрын дипломат хэмээх Дамдин түрүүлж, Сайд ханын Цагаан нуурын Бат-Очир начин үзүүрлэж байсан байна.
4. Халуун рашаан
Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд далайн түвшнээс дээш 1150 м-ийн өндөрт оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.
Рашаан маань том жижиг 3-н худагтай. Том нь хамгийн халуун. Худагнуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн болгож янзалсан байдаг.
5. Тужийн нарс
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь 65548.56 га талбайг хамарсан Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
Тужийн нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан билээ. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг.
6. Ээж мод
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.
Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.
7. Сайханы хөтөл
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг.
Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.
Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргүүд сайхан тохижуулжээ. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ.
Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.
Мөн монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн барималыг бүтээжээ. Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн аж.
Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193
Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257
Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393
Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634
Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755
Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546
Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438
Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221
Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007
Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698
Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009
Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270
Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550
Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862
Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844
Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501
Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534
Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266
Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499
Эх сурвалж: www.mongolcom.mn
Бэлтгэсэн:
Зочин
(59.153.86.52) 2023-08-01 19:17Selengiin dvvjin gvvr haana bday be Ali hawitsaa
Хариулах
Зочин
(122.201.31.1) 2023-05-17 21:58Сэлэнгэ нутаг сайхан шүү
Хариулах
Зочин
(202.126.90.3) 2022-09-21 23:08wow
Хариулах
Зочин
(202.55.188.81) 2022-03-31 15:27Wow
Хариулах
Цэлмэг
(66.181.161.83) 2022-03-01 20:05Их сайхан үзэсгэлэнт газрууд
Хариулах
gandi mod esun bulag
(122.201.21.227) 2020-01-31 21:38hoihohoohohoh
Хариулах