УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 13-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулжээ.

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг гэм буруугийн хуралдаа ирээгүй гэх үндэслэлээр цагдан хорих захирамж гаргасан. 

Уг шийдвэртэй холбогдуулан МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлээд буй юм. Шаардлагад Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа төдийгүй 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан гэдгийг дурдсан байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно”, 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно”, 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө” гэжээ.

Мөн уг шийдвэрийн талаар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат "Шийтгэлийн хуудсыг авсан. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул шүүх дээр очъё гэсэн бодолтой байна. Ийм шийдвэр гарах нь анхнаасаа тодорхой л юм шиг байсан юм. Намайг барьцааны дансанд 10 тэрбум төгрөг байршуул гэсэн. Надад 10 тэрбум бүү хэл, сонгуулийнхаа сурталчилгаанд 10 сая төгрөг олох гэж үйлээ үзэж байна. Зургадугаар сарын 9-ний дотор 10 тэрбумыг байршуул гэсэн шийдвэр гарсан юм байна билээ. Надад тэр мөнгө нь байхгүй тул дараагийнхаа шийдвэрийг гаргасан байх" гэх тайлбарыг хийгээд байгаа юм. 

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн

22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн

22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Х

      (202.9.40.22) 2021-03-10 17:35
      • 0
      • 0

      Шоронд орно гэхээс айж байгаа байхдаа

      Хариулах