С.Даваа: Дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчгүй гачигдаж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 07:03 цагт
Мэдээний зураг,

Эдүгээгээс хагас зуун  жилийн өмнө  МУИС-ийн дэргэд Цөмийн шинжилгээний лаборатори байгуулагдсан. Энэ  цагаас эхлэн цөмийн физикийн салбар Монгол Улсад хөгжих суурь тавигдсан гэж үздэг юм билээ. 1997 онд Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Цөмийн шинжилгээний лаборатори болон ШУА-ийн Цөмийн физикийн судалгааны секторыг нэгтгэн Цөмийн судалгааны төвийг байгуулжээ. Энэ үеэс эхлэн МУИС-д Цөмийн технологийн ангийг нээж, элсэлт авч мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон байна. Цөмийн судалгааны төв нь Цөмийн өгөгдөл зүйн, Цөмийн аналитик арга зүйн, Цөмийн эрчим хүч, технологийн салбар, Цөмийн физик, технологийн тэнхим гэсэн бүтэцтэйгээр цөмийн физикийн суурь болон хавсарга судалгаа, сургалт эрдэм шинжилгээг хослон явуулдаг. Тус төвд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, мэргэшсэн судлаачид ажиллаж байна.

Одоогоор 26 эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, 100 гаруй оюутан, магистрантур, докторантурт суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цөмийн судалгааны төв нь электроны хурдасгуур-микротрон, нейтроны генератор, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, альфа, бетта, гамма цацрагийн спектрометр, рентген флуоресценцийн спектрометрүүд зэрэг багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 10 гаруй лабораторитой. Манай улсын ураны нөөцийг  тогтоон, олон улсад зарласан   “Арева” группын охин компани болох “Кожеговь”-ийн үйл  ажиллагаатай холбоотойгоор маргаан дэгдээд байгаа. Өнөөдөр бидний зөв, буруу гэж мэтгэлцээд  байгаа цөмийн станц, ураныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хэлэх  мэргэжлийн хүмүүс зөвхөн энд л байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ингээд МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор  С.Даваатай ярилцлаа.

-Атом, цөм хоёрын ялгаа юу вэ?

-Атом гэдэг зүйл бол химийн урвалд хуваагдахгүй хамгийн жижиг хэсэг. Атом дахь цөм, электрон хоёр ямар ч тохиолдолд цааш задрахгүй. Байгаль дээр 92 төрлийн атом байгаа. Хамгийн хөнгөн нь нэг цэнэгтэй устөрөгч, хамгийн хүнд нь 92 цэнэгтэй уран. Үүнээс цаашихыг нь химийн урвалын аргаар гаргаж авсан байдаг. Гэхдээ ямар нэг ач холбогдол байхгүй. Ийм цэнэгтэй атом байж болно гэж судалдаг. Задраад алга болчихдог тул тогтворгүй. Энэ нь  атом гэхээсээ илүү цөм  юм. Жишээ нь айлын гэрийг атом гэж бодох юм бол зуух нь цөм юм. Айлаас утаа гарч байгааг зуухнаас нь утаа гарч байна гэж хэлж болно. Айлаас утаа гарч байна гэж ч үзэж болно. Үүнтэй л адил.  ОХУ-д Атомын цахилгаан станц гэж бий. Олон Улсын Атомын Энергийн агентлаг гэж байдаг. Барууны орнуудад харин Цөмийн цахилгаан станц гэж ярьдаг. Цацраг ч юм уу, технологи талаасаа атом гэж ярих нь буруу. Яагаад гэвэл рентген туяа зэрэг нь атомын хэмжээний зүйл. Харин нейтрон, протон, гамма туяа зэрэг нь цөмөөс гарч байгаа, гэрэл мэдрэх чадвартай. Үүнийг цөмийн цацраг, цөмийн технологи гэж ярьдаг. Эрчим хүч талаас нь атом, цөмийн алинаар нь ч ярьсан болно.

-Манайхан уранаа  ашиглах цаг хугацаа нь болсон уу?

-Цаг хугацааны хувьд гэвэл одоо л ашиглах цаг. Дэлхий дахины прогнозоор шатах ашигт малтмалаас газрын тос 40 жил, байгалийн хий 60 жил, нүүрс 164 жил, уран 85 жилийн нөөцтэй гэж байгаа. Гэхдээ уран дотроо олон янз. Өнөөдөр хамгийн өргөн хүрээнд ашиглаж байгаа нь “уран-235”.  “Уран-235” нь байгальд байгаа ураны дөнгөж 0.07 процент, 0.1 процент ч хүрэхгүй. 99.3 проценттой  “уран-238” гэж бий.  Үүнийг өнөөдөр ашиглаагүй байна. Өөр технологи шаардлагатай. Гэхдээ байгалиас энэ хоёр ураныг зэрэг олборлодог. Гэхдээ 0.07 проценттой ураныг ашиглаад, 99.3 проценттойг нь хадгалдаг. “Уран-235”-ыг нь ашиглахад 2500 жилийн нөөц байна. Ирээдүйд 100, 200 жилийн дараа гэхэд дэлхийн эрчим хүчний суурь чадал нь цөмийн эрчим хүч байхаас өөр аргагүй. Үүнээс  бусад нар, ус, салхи, газрын гүний дулаан бол ураны  хажууд  туслах үүрэгтэй.

Атомын цахилгаан станц, уран, шар нунтаг гэдэг чинь тус тусдаа ойлголт

-Байгалийн баялгаа хадгалж ирээдүйдээ үлдээн, өвлүүлэх гэсэн монгол зан ч гэх үү, манайханд байдаг. Үүцээ задлахгүй үлдээвэл  ямар вэ?

-Нэг ч машин мотоцикль, техник  хэрэглэхгүйгээр монголчууд бид бүгдээрээ малаа хариулаад, морио унаад, цэвэр агаарт, экологийнхоо цэвэр бүтээгдэхүүнийг идээд явж болно. За яахав, гар утас, телевизийн хэрэглээ нь байг. Малаа маллаад явдаггүй юм гэхэд бид өөрсдийгөө 100 жил хангачихаар нүүрс, нар байна. Өнөөдөр ажиллуулж байгаа дулааны цахилгаан станцаа ажиллуулж болно. Болохгүй зүйл үгүй. Гэхдээ бид ийм байдлаар хөгжих үү. Хүн төрөлхтөний техник техологитой хөл нийлүүлээд урагшаа явах нь бидний ирээдүйгээ угтах алхам. Магадгүй, хэдхэн жилийн дараа олон улс нүүрсний станцыг барихаа больж, хоцрогдоно. Дараа нь байгаль орчныг бохирдуулдаг тул татварын үнэ өснө.  Манайд 100 жилийн өмнө дулааны цахилгаан станц байгаагүй. Тэр үед манайд энэ станцыг нэвтрүүлэхэд “Нүүрс түлэх нь аймаар хорт утаа гаргадаг. Улаанбаатар хотыг хордуулна, хүн амьтны нас богиносно” гэсэн яриа гарч л байсан байх. Гэвч тэр үеийн төр, засгийнхан “Улаанбаатар хотыг маань 2014 он гэхэд бохирдуулаад, хүн амьтныг хордуулах юм байна. Аргалаа түлээд, малаа маллаад байя” гэсэн шийдвэр гаргаж болохгүй байсныг бид өнөөдөр харж байна. Бид дулааны цахилгаан станцтай болсоноос хойш цахилгаантай, дулаан байранд амьдарч, халуун хүйтэн устай асар их дэвшил хийсэн. Үүнтэй л адил.   Аль ч талаас нь бодсон шинжлэх ухаан, техникийн дэвшлийг өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх шаардлага тулж байна. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, хөгжил, хангалуун амьдралын гол нөхцөлийн нэг. Ядуурлыг бууруулах чухал хүчин зүйл. Өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчгүй гачигдаж байна. 2030 он гэхэд одоогийн эрчим хүчний хэрэглээ 50 хувиар, түүний дотор хөгжиж байгаа орнуудынх 70 хувиар өсөх таамаглал байна. 2008 оны байдлаар дэлхийн эрчим хүчний 67.7 хувийг шатах ашигт малтмалаас гаргаж байсан. Гэвч эрчим хүчний шатах ашигт малтмал цөөн жилийн нөөцтэйг дээр дурдлаа. Тиймээс дэлхий дахин эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд  цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын зэрэгцээ салхи, нар, био түлш зэрэг сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, үнэ өртгийг бууруулахад чиглэгдсэн дэвшилтэт технологийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах том асуудал чухал байдаг. Дэлхий дахин цаг уурын ноцтой өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд 1990 оныхоос 50 хувь бууруулах зорилттой байгаа. Цөмийн цахилгаан станц ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг нүүрс, шатаадаг станцаас 44 дахин, шатдаг хийн станцаас 20 дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Аливаа юм гэдэг хоёр талтай шүү дээ. Өнөөдөр бид ертөнцийг өөр нүдээр харах ёстой. Бид өнөөдөр атомыг эсэргүүцээд байвал 100 жилийн дараа Монгол л нүүрс түлдэг, атомын цахилгаан станцгүй  хоцрогдсон орон  байж болохгүй. Гурван сая монголчууд бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй.

-Манай хоёр хөрш Атомын цахилгаан станцыг хэр хэрэглэж байна вэ?

-Маш их. Манай хоёр хөрш бол дэлхийн том гүрнүүд. Ялангуяа сүүлийн жилүүдэд атомын цахилгаан станц ихээр барьж байгаа орнууд бол Орос, Хятад хоёр. Орос улс дараагийн шатандаа орж, гадаад улсад барьж өгч байна. Энэ хоёр улс бол нутаг дэвсгэр томтой, зах зээл өргөнтэй. Тиймээс атомын цахилгаан станцаас гарч байгаа түлшний хаягдлаа өөрсдөө шийдвэрлэдэг.

Монгол Улс бусад орноос цөмийн хаягдал авч булшлахгүй гэдгээ албан ёсоор НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн. Гэтэл Орос, Хятадын нутаг дээр Атомын цахилгаан станцын хаягдал ямар нэг хэмжээгээр булшлагдаж л таарна.  Энэ үйл ажиллагаа нь улсад нөлөөлөх үү гэвэл нөлөөтэй. Тухайн газарт нь газар  хөдлөөд, дэлбэрэлт болоход хөрш орнуудаас манайд цацраг ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ингээд тэр ч болохгүй, энэ ч болохгүй гээд байвал хүнийг ч хөгжүүлэхгүй, өөрөө ч хөгжихгүй.

-Уранаа олборлоод гадагш нь зөөгөөд байх зөв үү? Хуулиндаа шар нунтгийг зөвхөн олборлоно гэж заасан юм билээ.

-Энэ нь зөв. Уран гэдэг чинь маш их шат дамжлагатай, нарийн технологи шаарддаг зүйл. Шар нунтаг гэдэг чинь мэргэжлийн хэлээрээ хүдрийн баяжуулалт хийж байгаа зүйл. Ураны төвшний баяжуулалтыг “уран-235”-ын хэмжээнд үйлдвэрлэх шаардлагатай. Ураны түвшний ийм баяжуулалтыг дэлхий дээр дөрөвхөн газар л хийдэг. Өмнөд Солонгост олон атомын цахилгаан станц байна. Атомын цахилгаан станц гаргадаг барьдаг, өөрөө түлшээ хийдэг. Гэхдээ ураны баяжуулалтаа гадаад орноор хийлгэдэг.  Энэ бол асар нарийн технологи. Бид бүх зүйлийг хийнэ гэх юм бол асар их хугацаа, бэлтгэл орно. Тиймээс бүгдийг нь олборлоод баяжуулна гээд хэрэггүй.  Атомын цахилгаан станц, уран гэдэг ойлголт заавал хамт байх асуудал биш. Жишээлбэл, Автрали улс Атомын цахилгаан станц байхгүй, гэхдээ уран ашигладаг. Өмнөд Солонгос ураны ямар ч нөөцгүй, гэхдээ Атомын станцтай. Манай улсын хувьд гадаад оронтой хамтарч ажиллаад Атомын цахилгаан станцтай болмоор байна, технологийг нь оруулаач гэх наймаалцах хэрэг гарна. Тэд манай ураныг зөрүүлээд санал болгох байх. Хэнд юу байна, түүнийгээ харилцан солилцдог наймааны зарчим. Бид шар нунтгийнх нь хэмжээнд уранаа баяжуулаад гаргана. Өнөөдөр хамтарч ажиллаж байгаа Францын “Арева” групп уранаа боловсруулаад явж ч болно. Дараагийн шатны Атомын цахилгаан станцтай болох асуудлыг манай улс аль ч улстай ярьж болно. Түлшний асуудлыг зөвхөн атомын цахилгаан станц бариулсан тухайн улстайгаа л ярьдаг. Жишээлбэл, бид Оросоор Атомын цахилгаан станц бариулж болно. Тэр үедээ бид танай түлшийг авахгүй, өөрийн уранаар хийсэн түлшээ авна гэсэн асуудал байхгүй. Цаашид бид цөмийн эрчим хүчийг ашиглана гэж бодож уранаа олборлох нь зөв.

Манай улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн бүрэн эрхт гишүүн. Энэ байгууллага маш их түшиг тулгуур болно. Ураны уурхай дээр ч, атомын цахилгаан станц дээр ч ялгаагүй энэ байгууллага  байгаль орчныг хордуулж байна уу, зохих түвшиндээ байна уу, зэвсэг үйлдвэрлэх гэж байна уу гээд давхар хяналт тавина. Цацрагийн асуудалтай холбоотой янз бүрийн дүрэм, журмын зөвлөмжийг мөрдөөд явахад аюул байхгүй. Бид харанхуй зүйл рүү нүдээ аниад орох гээд байгаа юм биш. Дүрэм, журам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой бий. 

-Ашигласан түлшийг яах вэ? гэдэг асуудал үүсч байна.

-Тийм ээ, энэ бол маш хортой зүйл. Үүнийг зөвхөн станц барьж, түлшийг нь өгөх гэж байгаа оронтой ярьдаг асуудал. Шар нунтаг гаргаж байгаа манай улсын хувьд түлшний хаягдлыг нь буцаан авна гэсэн ойлголт дэлхий дээр  байдаггүй юм.  Гэрээ хийж байгаа талуудын ярих асуудал. Хэрвээ манайх Атомын цахилгаан станцын түлшний хаягдал нь өнөөдрийн хайгуул хийж байгаа  шар нунтагтай ямар ч холбоогүй. Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал өөр гэдэг шиг атомын цахилгаан станц, уран, шар нунтаг гэдэг ойлголт чинь тус тусдаа шал өөр зүйл.

Иргэний хөдөлгөөнийхөн санхүүжилтээ нууцлаад хэлэхгүй байгаа нь хардлага төрүүлдэг

-Манай иргэний хөдөлгөөнийхөн уранаар асуудал дэвшүүлж, хор хөнөөлийн талаар ярьж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Иргэний хөдөлгөөнийхөн хяналт тавьж байгаа нь зүйтэй. Ураныг хянадаг, зөвшөөрлийг нь өгдөг төрийн байгууллага бий. Тэдний хяналт хангалттай биш. Орон нутгийн оршин суугчид зэрэгцэн хяналт тавих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл иргэний хөдөлгөөнийхөн төрийн хяналт тавьдаг байгууллагад ч үгээ хэлэх эрхтэй. Үйлдвэрлэл явуулж байгаа байгууллагыг ч хянах эрх бий. Харин иргэний хөдөлгөөнийхний ярьж байгаа зүйл, тавьж байгаа шаардлагад үнэнд хэр нийцэж байна вэ гэдэг нь чухал. Байгаль орчин, эх орныхоо төлөө зүтгээд байна уу эсвэл гэж зарим тохиолдолд эргэлзээ төрүүлдэг. Манай иргэдийн үг үү, гаднын санхүүжилттэй, өрсөлддөг компанийн зүгээс явуулаад байгаа гар хөл үү гэх хар төрдөг. Яагаад гэвэл тэд их хэмжээний санхүүгийн хөшүүрэг, урамшуулалтай байж, тухайн хэмжээнд ажиллана. Янз бүрийн мэдээлэл авч, янз бүрийн киног орчуулаад телевизээр нэвтрүүлж байна. Хэрвээ биднийг ингэж ажилла гэвэл хөрөнгө хүч дутна. Тиймээс тэд санхүүгийн хөшүүрэгтэй хийж байна.  Харин иргэний хөдөлгөөнийхөн хаанаас энэ санхүүжилтээ аваад байгаагаа манайд тайлбарлаж болно. Гэвч нууцлаад хэлэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Манайх цэвэр судалгааны байгууллага. Тийм учраас төр, иргэний хөдөлгөөнийхөн аль алинд нь үйлчлэхэд бэлэн. Хөрсний дээжийг авчраад шинжлүүлж болно. Бид мэргэжлийн талаасаа хэнтэй ч ажиллахад бэлэн байна.

-Цацрагийн хэрэглээ нэмэгдлээ гэж байна. Энэ асуудлаар танайд иргэд хэр хандаж байна вэ?

-Жирийн хүмүүст энэ талаар сайн ойлголт байхгүй. Цөмийн цацрагийг ашигладаг газар олон байна. Үйлдвэрүүдэд, эмнэлгүүдийн аппарат, уул уурхайд хайгуулын чиглэлээр. Цацрагийн үүсгэвэр ашиглах бүртээ Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг нэг хуудас өргөдөл бичээд авчихгүй. Ямар хүчин чадалтай байх зэрэг тодорхойлолт гаргаж өгнө. Аюулгүй ажиллуулдаг дүрэм, хариуцдаг мэргэжлийн ажилтан зэрэг шаардагдах мэдээллээ өгнө. Аюулгүй ажиллах нөхцөл нь бүрдэж байж эрхийг нь авна. Цацраг ашигладаг байгууллага жил бүр тайлагнана. Энэ нь маш чанга хяналт дор явагддаг. Ер нь өдөр тутмын хэрэглээндээ бид байнга цацрагтай харьцаж байна. Цахилгаан соронзон долгион буюу цацрал нь хүний бие эрхтэнд таагүй нөлөөлөх талтай. Ялангуяа урт хугацааны туршид үйлчлэх сул цахилгаан соронзон долгион үүсгэгчид хамгийн аюултай гэдэг. Тийм үүсгүүрийн тоонд аудио-видео болон ахуйн техник хэрэгсэл ордог. Хүний биед хамгийн их нөлөө үзүүлдэг нь гар утас, хэт богино долгионы зуух, компьютер, телевизор юм. Цахилгаан соронзон долгион нь хүний дархлаа, мэдрэл, дотоод шүүрэл болон нөхөн үржихүйн системд хамгийн их нөлөөлдөг. Мэдрэлийн системд нөлөөлснөөс цочромтгой болох, хурдан ядрах, ой санамж сулдах, нойр муудах улмаар уймраа болдог. Тиймээс цахилгаан соронзон орны нөлөөнөөс хамгаалахын тулд цацрал үүсгэгч техник хэрэгсэлтэй ажиллах горимыг зохистой сонгох, үүсгүүрээс аль болох хол зайд байх хэрэгтэй. 

-Танайх хаана хаана судалгаа хийдэг вэ?

-Манайх 1986 оноос хойш Багануурын уурхай орчмын цацраг идэвхийг судалсан.  Улсын стандартын газраас цацрагийн хэмжилт  хийх итгэмжлэгдсэн лабораторийн үнэмлэхтэй. Янз бүрийн барилгын материал, экологийн судалгаа хийж байгаа, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг газруудад бид дээжийг нь аваад цацрагийн судалгаа хийдэг. Манайд тодорхой мэдээлэл бий. 

Мал үхсэн асуудал цацрагтай ямар ч холбоогүй

-Норсүрэн гуайн тугал юунаас хордож үхсэн гэж дүгнэж байна вэ?

-Манайх энэ асуудалд оролцоогүй. Улсын комисс ажилласан. Мэргэжлийн тайланг бидэнд танилцуулсан. Танилцуулгаас мал үхсэн асуудал нь цацрагтай ямар ч холбоогүй гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Тэр орчмын хөрс, шороог шинжилж үзэхэд сeлени ердийн байх хэмжээнээсээ их гарсан байна лээ. Малын эрхтнээс ч гарсан гэсэн. Селени хаанаас гарсныг бид мэдэхгүй. Харин цацрагаас хордсон бол хяналтыг хаана алдав гээд асуудал үүсэх байлаа. “Арева” группын охин компани “Кожеговь” ХХК тэнд 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ цацраг нөлөөлсөн бол том жижиг хүн, амьтан гэж ялгахгүй хордох байлаа.  Хэр зэрэг удаан хугацаанд, хэр хэмжээний шарлага өгч вэ гэдгээс хамаардаг. Цацрагаас хордсон байвал олон настай, бүдүүн малд нөлөөлнө. Түүнээс бус нэг настай, хэдхэн сартай тугал хордохгүй. 10 настай үхэр, хэдхэн сартай тугал нэг дор байна.  10 настай үхэр 10 жил хордсон байж таарна. Ингээд энгийнээр бодохоор 10 настай үхэр нь үхсэн баймаар. Гэтэл нь тугал үхсэн гэдэг цацрагаас болоогүйг батлаад байгаа юм. 

-Манайд хайгуулын ажиллагаа явуулж байгаа “Арева” компанид итгэл үзүүлж болох уу? Мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-“Арева” групп ураны технологиороо дэлхийд тэргүүлэх топ компанийн нэг. Манай Монгол Улс “Арева”-тай олон жил ажиллалаа. Дээр нь Японы “Мицүбиши” компани хамтарч байна. Хариуцлагатай уул уурхай гэж байдаг шүү дээ. Хариуцлага бизнес талаас нь Япон, Франц хоёртой хамтарч байгаа нөхцөлд  итгэхээс өөр арга байхгүй. Бизнес итгэлцүүр дээр явдаг. Харин бид хяналтаа л сайн тавих ёстой. Дэлхийн том компаниуд ашгаа бодох нь мэдээж ч, өөрийнхөө нэр хүндийг бас бодно. Бидний ярьдагаар энэ компаниуд аварга бөхчүүд гэсэн үг. Аварга бөхчүүд нэг  талаас хүн хүндэлнэ. Нөгөө талаас нэр төрөө бодно.

-Манайх “Оюутолгой”-гоо эхлүүлсэн чинь зэсийн үнэ олон улсад унаад, “Тавантолгой”-гоо ажиллуулахад нүүрсний үнэ хэд дахин буурчихлаа. Одоо уранаа олборлохоор бас ханш нь буурчих вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Харин ийм учраас бид зэс, алт, нүүрс, ураныг аль алиныг нь гаргах хэрэгтэй. Цаашлаад малын арьс шир, ноолуур, мах гээд 10-аад зүйлийг экспортод гаргах шаардлагатай. Олон улсын зах зээлд хоёр, гурван барааны ханш унахад үлдсэн хэд нь эдийн засгаа аваад явчихна. Олон улсад зэсийн үнэ унахад манай эдийн засаг энд дагаж унаад, хямраад байж болохгүй. Эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг. Эдийн засагт олон тулгуурт бодлого хэрэгтэй. Аливаа бизнест хүн өөрийн давуу талаа ашиглах нь зүйтэй. Манайд давуу тал байна шүү дээ.

-Уул уурхайн томоохон олборлолт явуулж байгаа газарт суурин байгуулж хөгжүүлэх шаардлагатай гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Оросууд манайд үйлдвэр барихдаа хот, суурин барьж байгуулж өгч байсан. Сүүлийн үеийн томоохон уул уурхайн компаниуд кемп барьж үйл ажиллагаа явуулаад, ажлаа дуусахаар буцаагаад ачаад явдаг. Орон нутагт үлдэх юм алга гэх шүүмжлэл байна. Үүнтэй та санал нийлдэг үү?

-Тийм  зүйл ажиглагдаж байна. Ялангуяа Оюутолгой дээр 14 хоног ажиллаад, буцаж яваад. Ураны хувьд тийм зүйл байхгүй байх. Нэгдүгээрт ураны уурхайн ойрхон хот байгуулаад байх шаардлагагүй. Шар нунтгийн үйлдвэрлэл учраас тэр түвшинд нь хүдрийн баяжуулалт хийгээд гадагш гаргана. Орон нутгийн санал санаачлагыг дэмжиж, хүн амын нийгмийн асуудалд анхаарсан олон ажлыг “Арева” группын “Кожеговь” компани хийдэг гэж би ойлгодог. Харин иргэний хөдөлгөөнийхөн, сумын Засаг дарга  хувьдаа юм авч болохгүй. Нийтийг хамарсан, нийгмийн асуудалд гадаадын хариуцлагатай компаниуд энэ тал дээр туслахад бэлэн байдаг шүү дээ.

Н.Энх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.