У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх вий гэж Төрийн тэргүүн миний бие сэтгэл их зовниж буйгаа та бүхэнд хэлье.

Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс олон түмэн шахаж шаардаж байгаа. Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим  шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёсзүйгүй бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлаас их харамсаж байна.

Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улсад өнөөдөр анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг Улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. Миний бие энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн, нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна" гэв.

Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална.  

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Ташрамд мэдээлэхэд УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 нийт 519 шүүгч ажиллаж байна. Өнөөдрийн чуулганд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид биечлэн оролцож байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.