Кесарово хагалгаанаас шалтгаалан нуруу өвддөг үү

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

КЕСАРОВО ХАГАЛГААНААС ШАЛТГААЛАН НУРУУ ӨВДӨХ ҮҮ?

Хүүхдээ төрөх замаар нь төрүүлэх гээд өвдөөд умайн хүзүү бүрэн нээгдсэн хэдий ч хүүхдийн толгойн хэмжээ том, аарцаг ясны хэмжээтэйгээ тохирохгүй байгаа, хүүхдийн толгой буруу тавигдсан, хэт удаан өвдсөн, ургийн ус түрүүлж гарснаас ураг бүтэх эрсдэл үүссэн, умайн булчин цуцсан, төрөх хүчний хүндрэл үүсээд байгаа зэрэг тохиолдолд яаралтай заалтаар иргэдийн нэрлэдгээр хийсвэр хагалгаа гэж нэрлэгддэг мэс заслын аргаар хүүхдийг нь төрүүлэх ажилбар хийгддэг. Ийм аргаар төрсөн бүсгүйчүүдийн ихэнхэд хагалгааны улмаас нуруу өвддөг боллоо, нугас руу хатгаж мэдээ алдуулалт хийснээс болоод нуруу өвддөг болсон гэсэн ойлголт байдаг. Үнэхээр энэ хагалгаанд орсон хүний нуруу өвддөг юм уу гэвэл үгүй гэж хэлэхээр байна.

Учир нь үнэхээр таны төсөөлж байгаа шиг хагалгааны үед мэдээ алдуулалт буруу хийгдсэн бол хагалгаанаас хойш биш, харин мэдээ алдуулалт үйлчлэхээ болингуут, хагалгааны дараа шууд мэдрэгдэх ёстой. Нөгөө талаас мэдээ алдуулалтыг туршлагатай мэргэжлийн эмч нар хариуцаж нугас руу биш, харин нугастай ойролцоо хийдэг юм.

Үнэндээ өвдөлтийн жинхэнэ шалтгаан нь огт өөр. Хүүхэд тээх 10 сарын турш ихэс, ураг орчмын шингэн урагтайгаа нийлээд 10-12 кг ачааг жирэмсэн хүн нуруундаа үүрч явахад хүрдэг. Энэ ачааллын улмаас жирэмсэн ээжүүд биеийн тэнцвэрээ хадгалахын тулд гэдсээ урагш болгож зогсох, алхах шаардлагатай болдог нь нурууны хэвийн хотойлтыг ихсэхэд хүргэдэг байна. Ингэснээр нуруунд хэт хотойлт үүсч, энэ нь төрсний дараа нэлээн хугацааны дараа буцаад хэвийн байдалдаа ордог байна. Ийм нурууны хэт хотойсон байрлалд биеийн жин бүсэлхийн L4-5 нугалам дээр илүү төвлөрдөг.

Бүсгүйчүүд маань төрөхөөр төлөвлөсөн бол төрөх бэлтгэлээ базааж, эмчид хандан нурууны өвчин байгаа эсэхээ оношлуулж, хэрэв төрөх үед өвдөлтийн шалтгаан болж болзошгүй өвчин байвал жирэмслэхээсээ өмнө нуруугаа эмчлүүлчхээд, тохирсон дасгал хөдөлгөөн хийж, эрүүл агаарт алхаж байвал төрсний дараах нурууны өвдөлтөөс бүрэн сэргийлж чадна.

Нурууны булчин чангаралтай, өмнө нь нуруу нь өвддөг байсан, жирэмслэлтийн үед ирэх ачааллаас шалтгаалан нуруу нь өвдөх магадлалтай байсан ээжүүдийн хэвлий дэх хүүхэд нь томорч, нурууны ачаалал ихсээд ирмэгц нуруу нь өвдөж эхэлдэг.

Төрснийхөө дараа эхийн бие махбодод олон төрлийн уураг, амин хүчил, витамин, эрдэс төдийгүй цус их хэмжээгээр дутагдалтай байдаг төдийгүй хүүхдээ 3 нас хүртэл нь нойр дутуу байдгаас булчингийн хүч сул, үе холбоос суларсан байдаг. Иймээс биеийн хүчний ачааллын үед өвдөх, түүнчлэн нуруу нугалам, үес гэмтэх нь хялбар байдаг. Төрсний дараа 2-5 жилд эхийн бие бүрэн төлжиж хэвийн байдалдаа ордог бөгөөд энэ хугацаанд эхийн биеийг сайтар тордох, гамнах шаардлагатай байдаг.

Ээжүүд хүүхдээ буруу байрлалд хөхүүлэх, буруу суух, буруу байрлалд удаан хэвтэх, хүүхдээ гэдсэн дээрээ эсвэл ташаан дээрээ буруу тэврэх, хүүхдээ газар эсвэл орон дээрээс шууд хэт тонгойж тэвэрч өргөх зэрэг шалтгаанаар нуруугаа өвчлөхөд хүргэх алхмуудыг хийсээр байдаг. Хүүхдээ буруу тэврэх үед жирэмсэн үед өөрийн эрхгүй нуруугаа хотойлгодог байсан дадал хэвшил хэвээрээ үргэлжилсээр байна.

Төрсний дараа ихэнх ээжүүд хүүхдээ хөхний сүүгээрээ цатгах гэсээр жин нэмэх хандлагатай байдаг нь нурууны үенд ирэх ачааллыг улам нэмэгдүүлдэг.

Ийм учраас ихэнх бүсгүйчүүд нуруу өвдөж байгаа өвдөлтөө хагалгаанаас боллоо гэж ойлгодог ч үнэндээ бидний амьдралын буруу дадал хэвшлийнх л байдаг. Тэгэхээр таны нуруу төрснөөс хойш 3-аас дээш сарын хугацаанд өвдвөл, эмчид хандан MRI зураг авхуулж, нурууны өвчнөө оношлуулж, шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Х.Алтанхундага

Уламжлалт эмчилгээ, нурууны эмчилгээний Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.