
Кофе болон хөхний хорт хавдрын эрсдэл хоёрын хоорондын хамаарлын талаар олон тооны судалгаанууд хийгдсэн байдаг.
Энэ удаа Испанийн Жаений их сургуулийн судлаачид SUN (Seguimiento Universidad de Navarra)-ийн дагах Кохорт судалгааны 10,000 орчим эмэгтэйчүүдийн дээтанд анализ хийж үзэхэд цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн кофены хэрэглээ ба хөхний хорт хавдрын эрсдлийн хооронд урвуу хамаарал ажиглагдаж буйг олж тогтоосон судалгааны үр дүнг "Европын шим тэжээл" сэтгүүлийн 2020 оны 1-р сарын 18-ны дугаарт нийтлүүлжээ.
Судалгаанд Наварра их сургуулийг төгссөн, судалгааг эхлүүлэх үед хөхний хорт хавдар тусаагүй 1,812 испани эмэгтэйг хамруулан, кофены хэрэглээг 136 зүйл бүхий хүнсний давтамжийн асуулга (FFQ : food-frequency questionnaire) ашиглан үнэлсэн. Судалгааны суурь түвшин дэх кофены хэрэглээ болон судалгааны дагах хугацаан дахь хөхний хорт хавдрын өвчлөл хоорондын хамаарлыг Cox регрессийн загвар ашиглан үнэлсэн байна. Мөн үүнээс гадна цэвэршилтийн өмнө болон дараах төлөв байдлаар нь ангилж анаилз хийжээ.
Үндсэн үр дүн дараах байдал байна.
• 115,802 хүн жилийн дагах хугацаанд 101 тохиолдол хөхний хорт хавдраар өвчилсөн байна.
• Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн дунд өдөрт нэгээс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүдэд нэгээс бага аяга уудаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний хорт хавдрын өвчлөл бага байсан (аюулын харьцаа: 0.44 ).
• Цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй байна.
Кофенд дурлагчийн үг:
Судалгааны үр дүнгээс харахад кофе нь цэвэршилтын дараа эмэгтэйчүүдэд хөхний хавдарын эрсдлээс сэргийлэхэд нь бага боловч үр дүнтэй байгаа юм байна.
Хоолны дэглэм ба амьдралын хэв маяг гэх мэт олон хүчин зүйлүүд нь хөхний хорт хавдрын өвчлөлийг тодорхойлох хүчин зүйл болдог. Хөхний хорт хавдрын тархалт дэлхий даяар нэмэгдэж байгаа энэ цаг үед чухал ач холбогдолтой мэдлэг болж болох юм.
Кофе болон түүний хэрэглээний хэмжээ хүмүүсийн эрүүл мэндийг дэмжихэд олон янзын нөлөө үзүүлдэг болох нь зарим нэг архаг өвчний тухайд нэлээдгүй өргөн хүрээгээр судлагдаад байгаагын нэг жишээ болов уу.
За бүсгүйчүүд минь амттай аагтай кофегоо тохируулаад уугаад байгаарай.
Эх сурвалж: Coffee consumption and breast cancer risk in the SUN project.
European journal of nutrition. 2020 Jan 18; doi: 10.1007/s00394-020-02180-w.
Ойдовын Батгэрэл
Анагаах ухааны доктор
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.