Н.Алтанхуяг: Намын эрх бүхий байгууллага баталсаны дараа гэрээ хүчин төгөлдөр болно

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

АН-МАХН ирэх хоёр сонгуулийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээтэй холбоотоой ташаа мэдээлэл сүүлийн хэдэн өдөр олон нийтэд хүрсэн. Иймд тус хоёр намын дарга хамтран ажиллах гэрээний талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай  холбоотой ойлголтууд зөрөөтэй байна. Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. Ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна.

Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.

Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.

Төгсгөлд нь хэлэхэд, сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал их тараах шинжтэй боллоо. Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацлаа. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана. Та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр:

МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаагаа  илэрхийлье.

Дээр нь нэмээд ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлье.

Нэгдүгээрт, энэ гэрээ яагаад байгуулагдсан бэ гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэгэн нам дангаараа Засгийн эрх авах боломжгүй, Засгийн газар байгуулах боломжгүй, өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан санал өгсөн. Энэ утгаараа Ардчилсан нам манай намд хандаж, хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тавьсан. Бид саналыг хүлээж авсан, хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар хамтын  ажиллагааны үйл ажиллагаа зохицуулагдсан байх нь зөв гэж үзэж энэ гэрээг байгуулсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газарт хамтраагүй хоёр нам гэнэт гарч ирээд байгуулсан гэрээ огт биш.

Гэрээний тухай асуудал нэлээд хэрэн сар яригдсан. Гэхдээ Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчилье, засъя, баяжуулъя, улам тодорхой болгоё гэж ажил хэрэгчээр хандаж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд, намын даргын хувьд ийм санал гаргасныг манай нам дэмжиж байгаа. Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж байж сайн гэрээ болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараагаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэж гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм.

Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллая гэсэн саналыг илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван  хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн  соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.

Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход  том алхам болно гэж найдаж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.