"ZTE"-ийн хэрэгт "Скайтел" компанийг шалгаж эхэллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 26-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

АТГ-ын мөрдөгчид татварын гэх тодотголтой Ч.Гансүхийн  хэргийг шалгах явцад  Монголын хуулийг уландаа гишгэсэн “ZTE” компанийн удирдлагуудад холбогдох авлигын хэргийн үзүүрээс атгажээ. Эхэндээ татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдсэн “ZTE” компанийн захирлууд, өдгөө хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт холбогдоод байна. Тухайлбал, мөрдөн байцаалтын үеэр “ZTE” компанийн захирлууд албан тушаалтнуудад авлига өгсөн нь тогтоогдсон учраас татварын хэргээс нь  тусгаарлан шалгах шаардлага гарсан байна.

Нэг хэсэг дуулиан шуугиантай Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан тус компанийн захирал Б.Соёлт, Г.Баатар нар сар ч хүрэхгүй хугацаанд эрүүл мэндийн  байдлын улмаас хорихоос суллагджээ. Монголын нутаг дэвсгэрт дураараа дургисан  “ZTE” компанийн удирдлагуудын дээлээ нөмрөхөөр дуншиж буй  хэргийн баримтуудаас сөхье.

Тухайлбал “ZTE” компанитай холбогдуулан  “Скайтел” компанийн санхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар эх сурвалжийн мэдээлэл байна.

 “Скайтел” компанийн тухайд Хятадын хөрөнгө оруулагчийг Монголд 2004 онд орж ирэх үеэс хам­тарч ажиллаж эхэлсэн. Ингэхдээ хамтарч CDMA-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлсэн юм.

Иймд Авлигатай тэмцэх газраас “Зайлшгүй шалгах шаардлагатай” хэмээн үзсэн талаар эх сурвалж баталж байна. Харин энэ талаар “Скайтел” компаниас тодруулахад “Шалгалт ороогүй” гэдэг тайлбарыг өгч буй ч албаны эх сурвалжийн мэдээллээс харахад энэ долоо хоногийн турш “Скайтел” компанийн санхүүд шалгалт хийж буй гэдгийг баталж байна.

Ч.Гансүхтэй ямар сэжмээр холбогдов

Уг компанитай холбоотой бас нэгэн баримт гэвэл Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхтэй сүлбэлдэн татвараас зайлсхийсэн хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа юм.

Манай улсад 2004 оны аравдугаар сараас эхлэн цахилгаан холбооны салбарт зах зээлийн судалгаа хийх чиглэлээр ажиллахаар орж ирсэн ”ZTE” компанийн захирлууд болох  Б.Соёлт, Г.Баатар нар компаниараа дамжуулан Монголын бүх л  зах зээлийн салбар руу үсчиж  олон жилийн турш орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийж ирсэн гэх мэдээлэл бий.

Баримт сөхвөл, Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар удаа дараагийн шалгалтаар 2004, 2005, 2006 онд үйл ажилллагаа явуулсан хэр нь ашиг орлогоо нуусан “ZTE” компанид акт тавьсан боловч 1.3 сая ам.долларын торгуулиас мултарсан нь  хуулийнхны овоо хараанд өртөж шалгуулах үндэслэл болсон байна.

Н.Жаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.