Ял эдэлж буй Т.Чимгээгээс 4 жил шахам хугацаанд захиалагчтай холбоотой нэг ч байцаалт аваагүй гэв

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар эмэгтэйчүүдийн эрхийн өдөр С.Зоригийн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээг эргэжээ. Түүнд шүүхээс хорих ял оноосноос хойш 4 жил шахам хугацаанд захиалагчтай холбоотой байцаалт нэг ч удаа аваагүй гэдгийг тэр хэллээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтний амийг хөнөөсөн явдал нь улс төрийн захиалга гэж нийтээрээ хүлээн зөвшөөрдөг атлаа яагаад өнөөдрийг хүртэл захиалагчийг илчлэхгүй байгаа юм бэ!!! Хэрэг үйлдсэн гэх хүмүүсээс Захиалагчийн талаар асууж байцаахгүй байгаа нь нэг бол захиалагч хэдийнэ тодорхой болсон ч түүнийг нуун дарагдуулах улс төрийн хүчтэй лобби байсаар байгаа эсвэл угаас тэд юу ч мэдэхгүй “золиос” гэдгийг нь мэдэж байгаа болохоор асуухгүй байгаа л гэж ойлгогдож байна шүү дээ.

Хэргийн мөрөөр орсон хэд хэдэн хүн “зуурдаар” нас барсан нь үнэнд ойртсоноос үүдэлтэй болов уу гэсэн хар төрүүлдэг. Хэрэв энэ хоёр хүн үнэхээр хэрэгтэн байсан бол тэд ч бас аль хэдийнэ “золгүй” үхлээр төгсөх байсан биз. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасныг бид хонгилд хийгдсэн бичлэгээр мэддэг болсон. Бас нэг зүйлийг мартаж болохгүй. Тэднийг буруутай гэх нэг ч баримт байхгүй. Зөвхөн ялтан Амгаланбаатарын амаар буруутгаж ялласан ч, тэрээр хожим 500 сая төг болон эрх чөлөө амлангуут хууртаж, хуурамч мэдүүлэг өгснөө хүлээсэн. Ингээд хоёр жилийн өмнө Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хэлснийг дахин сануулъя.

С.ОЮУНЦЭЦЭГ: 61 ХУУДАС ХАВТАСТ ХЭРЭГТ МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ БУРУУТГАХ НЭГ Ч НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ

Хэргийн газарт үзлэг хийхэд гарсан хурууны хээ, гутлын мөр, үс гэхчлэн олон баримт бий. Эдгээрээс энэ хэрэгт холбоотой гээд байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох ямар ч баримт гараагүй. ДНК-ийн шинжилгээгээр ч нотлогдоогүй.

Хэрэг гарах үед шатан дээр байсан гэх хоёр хүү, С.Зориг агсны гэргий Булган нарын гурван гэрчийг оролцуулж таньж олуулах ажиллагаа хийсэн. Тэд энэ хүмүүсийг биш, эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан хүн байсан гэж хэлсэн нь тухайн үеийн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах шугамаар зарлагдсан мэдээлэл болон сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч нөгөө хоёр хүнээсээ 20 хүртэл см-ээр намхан. Тиймээс эмэгтэй нь өндөр байсан байтал одоо яагаад намхан болчихов оо гэдгийг анхаарч үзэх ёстой байсан. Таньж олуулах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралд оролцсон өөр хоёр гэрч өмнө нь өгсөн “би энэ хүмүүсийг таньж байна” гэсэн мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг шийтгэсэн. Мөн холбогдох шинжээчдийн дүгнэлтээр энэ хүмүүсийг хэрэгт холбох нэг ч дүгнэлт гараагүй.

Ц.Амгаланбаатар “би алсан шдээ” гээд байхад энэ хүнийг хоёр жил гаруй хугацаанд гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг. Ц.Амгаланбаатарыг гэрч болгосон нь бусад хүмүүсийг дарамтлуулах зорилготой байсан. Монгол Улсын түүхэнд хоёр жил гаруй гэрчээр байцаагдсан түүх байдаггүй. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа мэссэж бичсэн байдаг. Гэтэл Амгаланбаатар өөрөө мэссэж бичиж чадахгүй гэж хэлдэг. Шоронгоос бичээд байсан тэр дугаарын эзний нэр тодорхой, регистерийн дугаар тодорхой байгаа учраас өмгөөлөгч нар энэ хүний утас яагаад Ц.Амгаланбаатарт очсоныг шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаагүй. Эдгээрээс дүгнэхэд, энэ хүмүүсийг зөвхөн яллах талаас шалгаж байсан нь тодорхой харагддаг.

Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцахад зөвхөн нүд нь гарсан, масктай залуучууд 20-30 мин зайтай солигдож, хянаж байсан. 00 оръё гэхээр “та зөвшөөрсөн үед л өрөөөнөөс гарна шүү” гэдэг, тэгээд буутай хүмүүс 00 руу дагаж ордог. Сүүлдээ гэр бүлийнхэн рүү маань халдаж эхэлсэн. Хүүхдийг маань хар тамхины хэрэгт холбож шалгаж эхэлсэн, дараа нь хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчдөд хэргийг нь хүлээлгэ гэсэн шаардлага тавьж, шахаж байсан. Үйлчүүлэгч өөрөө “хэрэг хийгээгүй ээ” гээд байхад өмгөөлөгч нь “чи хэрэг хүлээчих” гэж хэлэх эрх байхгүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой хуралд явж байхад хажуунаас машинтай ирж мөргөх, араас дагах, утас чагнах зэрэг дарамт байнга үзүүлдэг байсан. Энэ хуралд оролцсон өмгөөлөгч нараас ганцхан би үлдсэн. Бусад өмгөөлөгч нар ямар нэг шалтгаанаар өмгөөллөөсөө татгалзсан. Ямар нэг дарамт шахалтаар л өмгөөлөгч хүн алга болох байх.

61 хуудас хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч нар 5 хоног шүүх хурал дээр маргалдсан. Шүүгч нар хэлэхдээ “хамгийн сүүлд хийсэн гүйцэтгэх ажиллагааны шугамаар олдсон нотлох баримтад үндэслэж яллаж байна гэсэн. Тэр нь яг ямар нотлох баримт юм бэ гэхээр эх сурвалж нь нууц гээд үзүүлээгүй.

Эрдэнэбалын Ирэхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.