Ерөнхийлөгч Азийн наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр  Монголын үндэсний Олимпийн хороонд хүрэлцэн очиж БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XYII наадамд амжилттай оролцсон баг тамирчидтай уулзаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ. Монголын  баг тамирчид Инчёны наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт болсон юм.

Энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Энд хуран цугларсан та бүхэнтэйгээ өнөөдөр уулазх боломж гарч байгаад баяртай байна. Спортыг манай төр, засгийн зүгээс онцгой анхаарч дэмжиж ирсэн сайхан уламжлалыг бид цаашаа үргэлжлүүлж явах ёстой. Зөвхөн өнгөрсөн социализмын үед ч биш, түүнээс өмнө манай ард түмэн спортоо дэмждэг сайхан уламжлалтай байсан. Их Монгол гүрнийг байгуулж явахдаа хүртэл спортын уралдаан зохиодог, түүнийгээ наадам гэж нэрлэдэг, сайхан наадаж цэнгэж, эрдэмтэй чадалтай хүмүүс, хүлэг морьдоо уралдуулж  байсан нь монголчуудын уламжлалд байсан зүйл юм. Энэ нь орчин үед улам өргөжин дэлгэрч байна.

Түүхэн уламжлалтай, түүхэн спорттой улс үндэстэн гэдэг бол хэдийгээр цөөхөн хүн амтай ч хүчтэй байдаг.  Үүгээрээ улс үндэснийхээ нэр хүндийг гаргаж явдаг уламжлалтай. Спортод анхаарал тавих нь тодорхой алба хашиж байгаа үед биш, үүнд оролцож сэтгэл санаагаа гаргаж яваа хүн бүхний амьдралын цаашдын зорилго болох ёстой гэж би хувьдаа боддог. Миний хувьд ч цаашдаа спортод тавьдаг анхаарал, спортын хүмүүстэй ойрхон байдаг энэ ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож явдгаа хэлье. Би 1998 онд Ерөнхий сайд болоод тив, дэлхийн томоохон наадмуудад тодорхой амжилт гаргаад ирсэн тамирчдаа мөнгөөр урамшуулах анхны шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэцүү л байсан. Богинохон хугацаанд Ерөнхий сайдаар ажиллахдаа гаргасан цөөхөн үлдэцтэй шийдвэрүүдийн нэг нь энэ байгаа юм. Бас урлагийн томоохон наадам тэмцээнд оролцсон хүмүүст урамшуулал хүртээх тухай тэр шийдвэрт тусгаж байсан. Үе үеийн Засгийн газар энэ шийдвэрийг хэрэгжүүлж ирсэнд туйлын баяртай байна.

Олимп, дэлхийн аваргын төрлүүдэд амжилт гаргасан болон амжилт гаргаж байгаа тамирчдад мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг бид олон жил ярьж байж тодорхой хэмжээнд улс төрийн зориг гаргаж шийдвэрлэсэн. Манай ард иргэд бүхий л салбарт хүч хөдөлмөрөө зарцуулж ажиллаж байгаа. Спортынхныг яагаад ингэж онцолж үзэж байгаа вэ гэдэг асуудал тавьдаг. Тамирчид бол амьдралыныхаа туршид гаргаж болох бүх боломжоо тодорхой богинохон хугацаанд гаргадаг. Хамаг хүч чадлаа зарцуулдаг. Гаргасан амжилт нь цаашдаа амьдралынх нь баталгаа болж байх юм бол монголчуудад, нийт залуу үеийнхэнд хэрэгтэй. Спорт бол зөвхөн тив, дэлхий, олимпийн наадамд амжилт гаргаж байгаа хүмүүсийн хэрэг биш. Монголчуудын хэрэг болж хувирч байгаа юм. Бүгдээрээ спортлог байя. Бүгдээрээ үүний төлөө явдаг байя. Ямар нэг спортын төрлөөр насан туршдаа өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэндээ авч явдаг байя гэдэг чиглэл рүү хүмүүсийг урамшуулах гэж оролдож байгаа хэлбэр. Манайд уламжлалт амжилт гаргадаг спортын цөөхөн төрөл бий. Энэ төрөл нэмэгдэж байгаад би их баяртай байгаа. Шигшээ багийн зохион байгуулалтад ороод, энэ төрлүүдээ улам нэмээд цаашаа явах боломж харагдаж байна. Наадмаас наадамд, уралдаанаас уралдаанд арга хэмжээнүүдийг харж байхад манайхны гаргаж байгаа амжилтууд сайн байгаа. Бөх, жудо, боксоор тодорхой тамирчин, өөрийнхөө чадлаар тоглож байгаа боловч түүний цаана, түүний төлөө ажиллаж байдаг багш, дасгалжуулагч, эмч гээд олон хүн ажилладаг. Бас л нэг талаараа багийн спорт юм.

Сая Инчёны наадамд манай сагсан бөмбөгчид үнэхээр цахиур хагаллаа. Сонсоод байхад манай сагсчид энд тэнд очоод тоглож байгаа тоглолт бүрээсээ улам чангарч, амжилт нь нэмэгдэж байна. Монголчууд жинхэнэ багаараа тоглодог спортод амжилт гаргах боломж байна. Хамгийн сайхан зүйл нь манай хүүхэд, залуучууд, жишээлбэл, хөлбөмбөгт сайн болж байна. “Дэрэн” гэж клуб байна. Намайг Хойд Солонгост очиход манай хүүхдийн баг хамт очсон. Тэднийг Хойд Солонгосын хүүхдүүдтэй тоглуулахад нэг их дутах юм байгаагүй. Тэднийг сургаж, дасгалжуулаад үргэлжийн үйл ажиллагаагаар дэмжээд өгвөл томоохон багийн спортуудад манай залуус амжилт гаргах боломж харагдаж байна.

Одоо хүндрэлтэй асуудал бол бэлтгэл хийх байр. Бизнес зэрэг салбарт гайгүй ажиллаж байгаа хүмүүс тамирчдын бэлтгэл хийх байр барих юм бол их зөв. Ингэж явах ёстой юм. Иймэрхүү санал санаачилга надад ирж байгаа. Түүнийг дэмжие гэж бодож байгаа. Заавал улсын төсвөөр байр барих биш, спортын тодорхой төрлөөр дасгал сургууль хийдэг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг байртай болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатарт стадион маань багадаж байна. Аймгийн төв, бусад хотуудад байгаа спортын байгууламжууд багадаж эхэлж байна. Эдийн засаг цаашаа тэлээд, гайгүй болоод ирвэл улсын зүгээс ч үүнд анхаарал хандуулж олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Дээр нь хувийн хэвшлийнхний гаргаж байгаа хичээл зүтгэлийг дэмжиж ажиллах нь их чухал. Бид Бөхийн өргөө барих гэж хэдэн жил зүтгэлээ. Бас л нөгөө алдарт 1996-1998 онд шүү дээ. Би УИХ дахь Олонхийн бүлгийн дарга байхдаа тэнд 800 сая төгрөг оруулсан. Тэр жилийн улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800 сая төгрөг байсан. Түүнийг хуваалгүйгээр 30-40 хувь нь босоод байсан Бөхийнхөө өргөөг гүйцээж босгоё гэж шийдвэр гаргаж оруулж байсан. Нэг ийм арга байдаг. Хувийн хэвшлийнхэн нэг ажил хийгээд 40-50 хувийг босгоод өгвөл төрийн зүгээс үлдсэн хувийг хийгээд өгдөг ч юм уу. Ингэх юм бол хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр спортын байгууламж барих сайхан боломж бий. Улсаас 100 хувь хийнэ гэж байхгүй. Боломжтой төсөл байгаад над руу, Засгийн газар руу хандах юм бол мөнгө төгрөг босгохын төлөө хамтраад явъя. Спортын төлөө олон түмнээс мөнгө, хандив гуйхад ичиж зовох зүйл байхгүй.

Нөгөө талаас багш, дасгалжуулагч нар онцгой анхаарч ажиллах ёстой. Зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй. Хамгийн гол нь эв найрамдалтай байх хэрэгтэй.  Хэрүүлтэй газар  амжилт гаргахад хэцүүбайдаг. Үүн дээр манай спортынхон онцгой анхаарах шаардлагатай. Олон улсын томоохон тэмцээн үзээд, дэлхийн олон удаагийн аварга болсон хүмүүсийн барилдаж байгааг хараад, өөрсдийнхөө барилдаж байгаатай харьцуулаад сууж байхад манайхан чамлахаар л харагддаг шүү дээ. Цаад хүмүүс бол спортыг амьдралынхаа зорилго, мэргэжил болгосон байдаг. Дэлхийд Монголынхоо нэрийг гаргах сайн тамирчид төрүүлэхийн тулд хүүхдүүдийг бүр багаас нь бэлдэх ёстой юм. Дөрөв, тав, найман настайгаас нь бэлдмээр байгаа юм. Үнэхээр сайн хөлбөмбөгч төрүүлье гэвэл  дөрвөн настайгаас нь хөлбөмбөг өшиглүүлж гүйлгээд, тав, зургаа, арван настайд нь шилж сонгоод цаашаа явдаг шүү дээ.  Бүх спорт ижил гэж би бодож байна. Хүүхэд, залуусыг багаас нь спортод оруулахад анхаарах хэрэгтэй. Дагалжуулагч нар, сургууль дээр ажиллаж байгаа хүмүүс, ялангуяа цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч  нар үүнд их анхаарах хэрэгтэй. Ингэж байж спортод амжилт гаргана. Манайханд байгалийн үзүүлэлт байгаа. Бор зүрхээрээ амжилт гаргах гэж үзээд байгаа. Үүнийг мэргэжлийн болгох чиглэлд онцгой анхаарахгүй бол болохгүй. Спортын салбарт гаргаж байгаа амжилтыг хараад хүүхэд, залуучуудын давалгаа орж ирдэг нь сайн зүйл юм. Тамирчдын спортын салбарт гаргаж байгаа амжилт, төр, засгийн дэмжлэг, ард нийтийн шүтэн биширч байгаа дэмжлэг нийлж байж амжилтад хүрнэ.

Бразильд 2016 оны долдугаар сард олимп болно. Үүнд манай дасгалжуулагч, тамирчид бэлтгэж байгаа. Үүний наана дэлхий, тив, бүсийн тэмцээнүүд байна. Энэ бүхнийг бага гэж хаялгүй онцгой анхаарах хэрэгтэй. Бидний зүгээс ч үүнийг дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, түрээсээ чөлөөлөх зэргээр харж үзэх хэрэгтэй. Мөн 2016 оны долдугаар сард Улаанбаатарт Ази, Европын том улстөрчид бүгд цугларахаар боллоо. АСЕМ-ийн хурлыг Монголд авна гэдэг бол бас л тэмцээнтэй адилхан. Зүтгээд үзье гэж нэлээд удаан ажилласан. Тэгсэн чинь 53 орны төр, засгийн тэргүүнүүд үүнийг бүгдээрээ дэмжсэн. Ингээд Монгол авч чадсан. Бид их зориг гаргасан. Нийт монголчууд, улсынхаа нэрийг сайнаар гаргаж яваа хүмүүс бүгдээрээ үүнд хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. Манай улс дэлхийд танигдаж байгаа нь Монгол гэдэг нэрийг олон улсад гаргаж байгаа бүх хүнтэй холбоотой. Улстөрчдийг дагаад бизнесийн дэмжлэг орж ирнэ. Бүх салбарт энэ үнэлгээ гарч ирэх байх гэж би найдаж байгаа. Бид нар тив, олон улсын гээд бага гэлтгүй спортын наадмуудыг улсдаа зохион байгуулж байгаа. Одоо Зүүн Азийн тоглолтод нэрээ дэвшүүлээд зүтгээд үзэх хэрэгтэй. Эхлээд дутагдах, гачигдах зүйл гарах л байх. Дараа дараагийн удаагаас сайжраад явна. Аль ч улс оронд ийм байдаг. Өөрийгөө гололгүй зорилго тавиад, түүндээ хүрэхийн төлөө явах хэрэгтэй.

Инчёны наадамд оролцоод ирсэн тамирчиддаа, спортынхондоо ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд ирж баяр хүргэе гэж бодлоо. Та бүхэн сайн оролцсон. Энэ амжилтаа улам цаашаа баталгаажуулах хэрэгтэй. Монголын нэрийг гаргахын төлөө сайн зүтгэсэн. Одоо амжилтаа улам нэмж цаашаа явах хэрэгтэй. Тамирчин хүн амжилтаараа гялалзаж, шүтэж биширдэг хүмүүсийнхээ дэмжлэгийг авахын төлөө явдаг.  Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газрын зүгээс, олон нийтийн байгууллагын зүгээс, та бүхнийг дэмждэг аж ахуйн нэгж, хамт олны зүгээс, та бүхнийг шүтэн биширч дэмждэг хүмүүсийн зүгээс яаж улам цаашаа дэмжлэг нэмэх вэ, яаж үүнийг зохиолн байгуулалтад оруулах вэ, хэн яаж энэ сайн үйлс рүү хувь нэмэр оруулах вэ гэдгийг бодох шаардлагатай.

Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Бидний өмнө томоохон зорилтууд байна. Зүтгэж ажиллая. Миний хувьд спортынхонтойгоо үргэлж хамт байна. Та бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ хэлье” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Инчёны наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал буюу Ерөнхийлөгчийн хишиг  хүртээлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.