Э.Бат-Үүл: Тэд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө

Twitter Print
2022 оны 01-р сар 18-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

"Гэр хороолол хөдөлгөөн"-өөс Хотын дарга асан Су.Батболд, С.Амарсайхан нарыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгчээ. Тэд дахин төлөвлөлт, нийслэлийн бүтээн байгуулалтын гавьяаг хотын дарга асан Э.Бат-Үүлд оноож буйтай санал нийлэхгүй байгаа учир түүнийг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж байна гэв. Мөн Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар тэрхүү 1,3 тэрбум төгрөгийг завшсан гэсэн нотлох баримт байхгүй гэлээ.

Тэд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эсэргүүцсэн Су.Батолд, С.Амарсайхан нар үүнийг санаачилсан Э.Бат-Үүлд хилс хэрэг тохон хэлмэгдүүлж, ял оноолоо. Шүүх хуралдаанд оролцсон хөндлөнгийн мэргэжлийн шинжээчид Нийслэлээс нэхэмжилсэн хохирол гээд буй 1,3 тэрбум төгрөг нь ямар ч үндэслэлгүй, мөнгөн дүн нотлогдохгүй байна гэдгийг тодорхойлсон. Су.Батболд, С.Амарсайхан нарыг дараах АТГ-т шалгуулахаар өгч байна.

Нэгдүгээрт, 2016 онд НИТХ-ын сонгуулиар МАН олонх болох үед Су.Батболд Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон даруйдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоох шийдвэр гаргасан. Тэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтэд төсөвлөсөн 40 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, Хотын захиргааны шинэ байрыг СХД-т барих байсныг өөрчилж бусдын эзэмшилд байсан ХУД-ийн Нүхтийн аманд татвар төлөгчдийн 97 тэрбум төгрөгөөр Хотын захиргааны байрыг дутуу хагас барьж албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл,

Хоёрдугаарт, гэр хорооллын иргэд газраа барьцаалж хөрөнгө, санхүүгээ босгоход чиглэсэн Засгийн газрын тогтоол бүхий "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоож хууль зөрчсөн үйлдэл,

Гуравдугаарт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан гэр хорооллын иргэдийн Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмаар 30 хувийг тооцон газрын үнэ цэнийг үнэгүйдүүлж, бусдын өмч хөрөнгийг хууран мэхэлж ашигласан үйлдлийг тус тус шалгуулна" гэлээ.

Энэхүү мэдээллийнхээ төгсгөлд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, хоригдож буй Э.Бат-Үүл гэр хорооллынхонд хандан бичсэн дараах уриалгыг "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс уншиж танилцууллаа.

"Миний бие, 2002 оны 11-р сард Сүхбаатар талбайд "Трактортой цуглаан" зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн. Үр дүнд нь УБ хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн. Түүнээс хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцсээр ирлээ.

2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр худалдаж байх шийдвэрийг гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсөж, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон.

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар АН ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг зогсоож, үүнийг зориглож хийх гэсэн компаниудын санхүүжилтийг гацааж, өрөнд оруулсан.

Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлган, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэрх "Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэсэн прокурорын үг нотолж байна. Тэд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон их наядаар хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ.

Гэр хорооллын иргэдээ, та нар битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй. Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна. Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү. Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.

Эрдэнийн Бат-Үүл" гэжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.