Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Төрийн ордонд хуралдаж АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр АН болон МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг хоёр намын хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх байхгүй. 2012 оны 7 дугаар сарын 19-нд “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээний үйлчлэл 2016 оныг дуустал хэрэгжиж байгаа. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэн ажиллаж байна. Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН -ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хоёр нам хоорондын урт хугацааны стратегийн асуудлууд туссан байгаа учраас  намын зохих шатны  эрх бүхий байгууллагаар батлах саналыг намын удирдлагуудад хүргүүлэхээр боллоо" гэлээ.

Мөн УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд АН-ын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл гаргаж, намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэлээ?

-Нийслэлийн АН мэдэгдэл гаргасан байна. Э.Бат-Үүл намын удирдлагын нэг. АН-ын удирдлагад намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Ардчилсан намын дарга ордог. Тиймээс энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Хоёр намын гэрээнд тусгасан ямар заалтыг өөрчлөх ёстой гэж АН-ын бүлэг үзсэн бэ?

-Хамтран ажиллах гэрээний төсөл дээр тойрогтой холбоотой асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Улс төрийн бодлогод зарим нэг үйлдвэржилт, хөрөнгө оруулалтыг тусгах нь зөв үү, буруу юу гэдгийг ярилцах нь зөв юм байна гэж үзсэн. Мөн урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас энэ гэрээний хугацааг аль хүртэл авч үзэх ёстой вэ гэдгийг эргэн ярина.

-Ерөнхий сайдыг танай бүлэг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Огцруулах үндэслэлийг саналаа өргөн барьсан гишүүд гаргасан байсан. Огцруулах үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн үндэслэл бүхий шаардлага тавьсан. Зарим нэг шаардлага нь хувь хүний асуудал руу хэтэрхий хандсан байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ийм асуудал үүсгэж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ерөнхий сайд үнэхээр гэм буруутай бол нотлоод, тогтоосны дараа хариуцлага тооцох нөхцөл байдал үүсч болно. МАН-ын бүлэг зохион байгуулалттайгаар Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн үйл ажиллагаа хийж байна.

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.