ОХУ Чехийн дипломатуудад эх орон руугаа буцахад нь 1 хоног өгчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 19-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Чехийн эрх баригчид өнгөрсөн бямба гарагт Чехэд суугаа ОХУ-ын 18 дипломатыг эх орон руугаа 72 цагийн дотор буцахыг шаарджээ.

Энэ нь 2014 онд Чехийн Врбетице хотын ойролцоо байрлах зэвсэг хадгалах агуулахад болсон дэлбэрэлттэй холбоотой ба Чехийн эрх баригчид уг халдлагыг 2018 онд Их Британийн Солсбури хотод ЗХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан Оросын тагнуулын албаны 2 албан хаагч зохион байгуулсан гэж үзэж байгаа аж. Үүний хариуд ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн ням гарагт ОХУ-д суугаа Чехийн 20 дипломатчдад нэг өдрийн дотор эх орон руугаа буцахыг шаарджээ.

Чехийн эрх баригчид 2014 онд зэвсэг хадгалах агуулахад гарсан дэлбэрэлтэнд ОХУ-ыг сэжиглэж буй талаараа НАТО болон Европын холбоонд танилцуулсан ба Европын холбооны гадаад хэргийн сайд нар уг асуудлыг энэ даваа гарагт хэлэлцэх аж. АНУ-ын Төрийн департамент "ОХУ-ын Чехийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагааны хариуд" Прагын гаргасан шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Кремлийн зүгээс Чехийн эрх баригчдын шийдвэр ямар ч үндэслэлгүй хэмээн, Врбетице хотоос 300 км зайд байрлах зэвсэг хадгалах агуулахад гарсан дэлбэрэлт нь уг агуулахын эзэдтэй холбоотой хэмээн онцолжээ. Түүнчлэн Чехийн эрх баригчдын ОХУ-ын эсрэг гаргасан шийдвэр нь АНУ-д таалагдах гэсэн оролдлого гэжээ. Нөгөө талаас Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис Оросуудын зэвсэг хадгалах агуулахад явуулсан халдлагын зорилго нь уг агуулахад хадгалагдаж байсан зэвсгийг Болгарын зэвсгийн наймаачинд нийлүүлэх явдлыг таслан зогсоох байсан гэжээ.

НАТО Чехийн эрх баригчдын шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн пүрэв гарагт Вашингтон ОХУ-ын эсрэг хориг тавьсан ба АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Покровын засан хүмүүжүүлэх төвд хоригдож буй Оросын сөрөг хүчний тэргүүн хорих төвд нас барсан тохиолдолд Москва хариуцлага хүлээх болно хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.