
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, 77 настай Жо Байден ялалт байгууллаа. Тэрээр сонгогчдын коллегийн төлөөлөгчдын 279 саналыг авч, Америкийн дараагийн Ерөнхийлөгч болоход шаардлагыг хангажээ.
Жо Байдений хувьд 35 гаруй жилийн турш Делавер мужийн сенатороор, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба тэрээр Америкийн Ардчилсан намын хамгийн туршлагатай бөгөөд нөлөө бүхий гишүүдийн нэг юм. 2021 оны 1-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох үед Жо Байден 78 нас хүрсэн байх ба тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгч болох аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон нөхцөлд коронавирусын цар тахлын эсрэг тэмцэх явдалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр коронавирусын цар тахал эхэлснээс хойш Жо Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх явдалд үргэлж цаг гаргаж байсан юм. Одоогийн байдлаар АНУ-д КОВИД-19 өвчний улмаас 225 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ. Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд өнгөрсөн сард коронавирусын халдвар авч, эдгэрсэн ба тэрээр коронавирусын халдвараас айх хэрэггүй хэмээн удаа дараа мэдэгдсэн бол Жо Байден америкчуудыг тогтмол амны хаалтаа зүүж, хоорондоо зай барьж, халдвараас урьдчилан сэргийлэх явдалд нухацтай хандахыг уриалсаар ирсэн билээ.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа коронавирусын цар тахлын эсрэг цаашид хэрхэн тэмцэх тухай төлөвлөгөө боловсруулж, амны хаалт зайлшгүй зүүх тухай журам батална хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдений гол зорилго нь АНУ-ыг нэгтгэх гэдгийг тэрээр онцолсон ба өөрийнх нь төлөө саналаа өгөөгүй иргэдийн төлөө мөн адил шаргуу хөдөлмөрлөнө гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр шинээр олон сая ажлын байр бий болгоно хэмээн амласан ба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд онцгой анхаарна гэдгээ онцолсон юм. Тодруулбал, тэрээр 2050 он гэхэд АНУ дахин сэргээгдэх эрим хүч рүү бүрэн шилжүүлэх зорилго тавьжээ.
Эх сурвалж: DW.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.