Гурван давхар өршөөлийн ноцтой заалтууд

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Хуулийн төслүүдийг түргэн шуурхай баталдаг “жишиг-туршлага” үе үеийн парламентад байсан. Яагаад ч юм, хэрэгжүүлэх хугацаа нь УИХ-ын чуулган хаахаас өмнө, эсвэл иргэдийн анхаарал, хяналт сулардаг наадам, шинэ жил, цагаан сараар ихэвчлэн тохионо. Олны хардлагаар энэ удаагийн “жишиг-туршлага”-ыг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд батлуулж чадаагүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл дээр ашиглах гээд байгаа бололтой. Засгийн газраас санаачилж УИХ-д нэгэнт өргөн барьчихсан найман зүйлтэй энэхүү хуулийг хэзээ мөдгүй батлах л байх. Учир нь, энэ хуулийн ард жирийн ажилтан, томоохон компанийн эзэд, сайд дарга нар, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс авахуулаад манай улсын эдийн засгийн эрх ашиг хөндөгдөх юм.

Энэ хуулийг баталбал иргэд хуулиас гадуур нуусан, татвараас бултуулсан хөрөнгөө ил гаргаж, улс тэднийг хариуцлагаас нэг удаа хэлтрүүлж, тэрхүү хөрөнгөөс татвар авч, ингэснээр эдийн засгийг сайжруулах сайн талтай. Харин нөгөө талд, хууль зөрчиж хөрөнгөжсөн бүлэглэлүүд хариуцлагаас мултрах гээд байна. Бид хуулийг баталсны дараа бус батлахаас нь өмнө сөхөе гэсэн юм.

Ардын дуу хүртэл эзэнтэй байхад энэ хуулийн төслийг хэн санаачилсан нь одоо ч тодорхойгүй. Ерөөсөө л Засгийн газрын санаачилсан хууль гэсэн ерөнхий тодотголтой өдийг хүртэл яваа. Захиалагч нь мэдээж “цаг үеийн шаардлага” гэх байх л даа. Гэхдээ үүний ард хууль бусаар хөрөнгөжсөн улстөр, бизнесийн бүлэглэл байгаа гэж олон нийт харддаг. Хуулийн төслийг “Эдийн засгийн өршөөлийнх” гэж тодотгож байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд нэг биш гурван давхар өршөөлийг үзүүлэх юм.  Нэгд, хуулийн хариуцлага буюу торгууль, хүүг өршөөнө. Хоёрт, нуусан татвар, төлбөрөөс нэг удаа бүрэн чөлөөлнө. Гуравт, хууль зөрчсөн түүхийг нь мартаж, устгаж, хэн ч сөхөхгүй болгож өршөөнө.

Өмнө нь үүнтэй төстэй хоёр ч хуулийг баталж байсан. 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан хуулиар татвар, нийгмийн даатгалд өртэй аж ахуйн нэгжүүдийг өршөөсөн бол 2008 оны хоёрдугаар сарын 6-нд дан татвараас өршөөсөн байдаг. Гэвч 2008 оны татварын өршөөл эцэг хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг 2012 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн цэц тогтоол гарган баталгаажуулсан. УИХ дээрх тогтоолыг хүлээж аваагүй. Хуулийн төслийн зургадугаар зүйл “Бусад зүйл” гэсэн анхаарал татахгүй нэртэй.

Тэгсэн мөртлөө хуулийн хамгийн анхаарал татах хэсэг энд бий. Тухайлбал, хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэн, хуулийн этгээдийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар чөлөөлөгдсөн үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага тооцох, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заажээ. Хууль хэрэгжүүлэх, сахиулах ажлыг хүн л хийнэ. Хэрвээ алдаа гарч, хуульд хамрагдах ёсгүй компани энэ хуулиар өршөөгдвөл нэхэн шалгаж болохгүй гэсэн санаа энд буужээ.

Хуульд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн болон албан татварын өр, нөхөн мэдүүлсэн хөрөнгө орлого, хөрөнгийн үнэлгээ, тоо хэмжээг нуух юм байна. Хуулийн төслийн 6.2-т зааснаар эдгээр мэдээллийг нотлох баримт болгон ашиглахыг ч хоригложээ. Ингээд үзэхээр ямар албан тушаалтан хэр хэмжээний татвараас зайлсхийж, хөрөнгөө нууж байсныг хэн ч мэдэх боломжгүй болж байна. Хуулийн төслийн нэрэнд “Ил тод байдлыг дэмжих” гэсэн үг орсон хэрнээ олж авсан хүн нь нотлох баримтын хэмжээнд ашиглах ч боломжгүй болгожээ.

Ингэж бүх мэдээллийг нууцалсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээхийг хуулийн төслийн 6.3-аар хаажээ. Хэрвээ хууль гарахаас өмнө тухайн хууль бус үйлдлийг илчилсэн бол түүнийг дахин хэвлэхийг хориглосон байна. Хэрвээ хууль хэрэгжүүлэхэд алдаа гарсан бол үүнийг илчлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугүй өнгөрөх шалтгаан болж байх шиг. Энэ нь олон нийтийн үнэнийг мэдэх эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Энэ хуулийн төслийн хамгийн ноцтой заалт нь 6.4-т бий. Үүнд, “Энэ хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож, шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан хувь хүн, хуулийн этгээдийн ийнхүү гаргаснаас өмнөх хугацааны буюу  2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тайлан, баланс, 2006-2013 оны  хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана” гэж заажээ.

Хэрвээ хуулийн төслийг энэ хэвээр нь баталбал, хууль зөрчигчдийн 2006-2013 онд нуусан бүх хөрөнгийн жагсаалт, мэдээлэл төрийн хууль, хяналтын байгууллагын ой санамжаас бүр мөсөн устах нь байна. Бүх нотлох баримт, мэдээллийн санг устгавал үүний цаана хэн хожих вэ. Тэднийг энэ асуудлаар нь дахин шалгахгүй, зарга шүүхгүй, сөхөж ярихгүй, хэвлэлээр ч бичихгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн үйлчлэлд нэг л хамрагдвал урьд нь хийсэн бүх гэмээ цайруулах боломж хууль заврхруулагчдад олдож байна.

Хэрвээ энэ хуулийн төслийг батлахаар бол 2007, 2008 оны санхүүгийн өршөөлүүдэд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Бас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдаж буй аж ахуйн нэгж, албан тушаалтнуудын мэдээллийг нээлттэй зарлая. Өмнө нь хоёр, эсвэл нэг удаа өршөөгдсөн компани нэрээ солиод ороод ирэхэд өршөөчихсөн байвал яах вэ. Зургадугаар зүйлээрээ бат нууцлан оруулж ирээд “болохгүй нөхдүүдийг” өршөөчихвөл яах вэ.

Эцэст нь хэлэхэд, манайх шиг хавтгайруулж өршөөдөг улс байдаг юм уу, мэдэхгүй. “Урбанек”-ын Лхагважав Казахстаныг нэрлэж байсан. Гэтэл Казахстан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн торгууль, хүүг өршөөсөн юм билээ. Ингэхдээ нуугдмал эд хөрөнгөний нийт үнэлгээнийх нь 10 хувьтай тэнцэх торгуулийг улсад төвлөрүүлсэн юм байна. Гэтэл манайх энэхүү гурван давхар өршөөлийн хуулийн төслийг боловсруулахдаа хийсэн тооцоо судалгаа гэж алга. Энэ хуулийн хүрээнд хэр хэмжээний нуугдмал хөрөнгийг ил болгох, хэдэн хуулийн этгээд, иргэнийг хамруулах нь тодорхой бус байна.

 

Сэтгүүлч Г.Улсболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.