Манайх Банкны засаглалтай улс болох гэж байгаа юм уу, Лхагвасүрэн гуай?

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Монголын 2.7 сая иргэний хадгаламж, зээл, гүйлгээ гээд хамаг мөнгө, эд хөрөнгийг хамаардаг Хаан банкны эзэн цаашдаа хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол тус банкны 37 орчим хувийг эзэмшдэг Таванбогд грүппийн Баатарсайхан, Хулан нарын асуудал төдий биш, Хаан банкаар үйлчлүүлдэг хэн бүхний хэтэвч, хөрөнгөний хувь заяаг хөндсөн, цаашлаад Монголын банк санхүүгийн салбарын тэнцвэртэй, нээлттэй, тогтвортой байдалд шууд нөлөөлөх сэдэв учраас анхаарахгүй байх аргагүй. Тэр тусмаа ноён Савадагийн эзэмшдэг Хаанбанкны 54.4 хувийн хувьцааг улсын эзэн, ХХБ-ны 90 хувийг эзэмшдэг сахал хэмээх Эрдэнэбилэг, мөн Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хувьцаа эзэмшдэг Сумъяабазар, Дагвадорж нар хавсран авахаар зэхэж байгаа нь үнэн бол аюул гэдэг чинь тэр шүү дээ.

Хөөрхий муу Хаанбанк мангасын аманд манараад яваад орчихлоо л гэсэн үг. Сумъяабазар Дагвадорж хоёр банкны бизнест бараадахгүй гэдгээ Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хоёроороо удаа дараа нотлон харуулсан. Эдүгээ эл банкууд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой компаниудын буюу төрийн нийт 200 гаруй тэрбум төгрөгийг залгичихаад өгч чадахгүй гурван жил таталдаж байгаагаас ах дүүсийн банкны бизнесийн баларсан түүх харагддаг. Сахал Эрдэнэбилэгийн ХХБ Хаанбанкны улс даяар байгуулсан 570 орчим салбартай харьцуулахад цомхон, дээр нь Улаанбаатар банктайгаа хавсарч байж чанаргүй зээлүүдээ хаацайлан нөхдөг.

Өөрөөр хэлбэл банкны салбарт төдийлөн оройлон урагшилж чадаагүй, дундаж үзүүлэлттэй эдгээр банкуудын нууц эзэд нууцгай хэлэлцэн, албан тушаал, эрх мэдлийн далбаан дор Хаанбанкны дийлэнх хувийг япончуудаар хаацайлан авч байгаа нь үнэн бол цаашдаа Монголд юу болох вэ? Төрийн ордон ХХБ-ны байр руу нүүх юм уу? Монголбанк татан буугдана гэсэн үг үү? Мэдээж, утгаараа улсын эзэн ганцхан банк боллоо гэсэн үг. Ноён Савада өөрийн хувийг 300 сая ам.доллараар үнэлсэн гэдэг юм билээ. Энэ мөнгө хаанаас гарах уу? ХХБ-ны хадгаламж эзэмшигчдийн халааснаас гараад, алсдаа Хаанбанкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр нөхөгдөн төлөгдөнө гэсэн үг.

Банкийг банкаар цохин унагаах энэ үйлдлийн цаана Хаанбанкны 2.7 сая үйлчлүүлэгчийн хөрөнгө мөнгөний асуудал хөндөгдөнө. Нөгөө төрд буцааж өгч чадахгүй байгаа Сумъяа, Дагваа нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өр болох 200 гаруй тэрбум төгрөг ч мөн л Хаанбанкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр төлөгдөнө гэсэн утга цаана нь харагдаж байна.

Дээр нь Хаанбанкны дийлэнх хувьцаатай холбоотой энэ наймааг Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчин зөвшөөрсөн тухай мэдээлэл дэлгэгдлээ. Энэ нь Банкны тухай хуулийн 36.15-д заасан нэг банкны хувь эзэмшигч нь нөлөө бүхий өөр банкинд хувь эзэмшиж болохгүй хэмээн заасныг зөрчиж байна. Хаанбанкны хувьцааг худалдан авах зөвшөөрлөө халаасласан Метакапитал ХХК нь ХХБ-ны хувь эзэмшигч байж болзошгүй тухай Б.Лхагвасүрэн ч бас өөрийн албан бичигтээ дурдсан аж. Хууль зөрчих болсон хуудуутай алхмынх нь цаана Женкогийн нэр ч явж байна.

Ямартай ч банк санхүүгийн салбарт том наймаа, том луйвар, том дээрэм явагдаж болзошгүй болчихлоо. Нэг л асуулт их сонин байна. Бүх банк ганцхан эзэнтэй болчихвол иргэд, аж ахуйн нэгжүүд цаашдаа яах билээ? Манайх Банкны засаглалтай улс болох гэж байгаа юм уу?

Мөнгө хүүлэгчдийнхээ өмнө улсаараа, төртэйгээ,түмэнтэйгээ, намтайгаа, нанчилдаантайгаа мөлхөөд байж дээ. Өрсөлдөөнгүй юм чинь өр зээлийн хүүгээ дураараа өсгөж, дунд чөмгийг маань барьцаалаад хэвтчих байлгүй дээ. Доржханд гишүүний асуугаад шаардаад байгаа нь зөв шүү дээ.

Лхагвасүрэн гуай та энэ улсыг ингээд банкны засаглал руу түлхэн оруулж, бүдүүн бүлэглэлд үйлчилж байгаа чинь үнэн бол тайлбараа тодорхой хийнэ үү. Тэр тусмаа Хаанбанк 20 хувиа иргэддээ хувьцаа болгон өгөх гээд энэ оны хоёрдугаар сараас хойш бэлтгэлээ базааж, арилжаалах брокер компаниа хүртэл сонгочихоод байхад ингэж олон түмнээ дээрэмдэж болох уу?

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.