
ОХУ-ын тэрбумтан Алишер Усмановын 600 сая ам. долларын үнэтэй тансаг зэрэглэлийн завийг ХБНГУ-ын эрх баригчид хураан авчээ. 156 м урттай "Дилбар" нэртэй завь өнгөрсөн 10-р сараас хойш ХБНГУ-ын Хамбург хотын Blohm+Voss үйлдвэрт засварт байсан аж.
Тусгай захиалгаар бүтээгдсэн уг завин дээр том хэмжээний усан сан, саун зэргээс гадна нисдэг тэрэг буух хоёр ч талбай байдаг аж.
А. Усманов ОХУ-ын өөр бусад бизнес эрхлэгчдийн хамтаар барууны орнуудын хоригт багтсан билээ. Барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ-ын тэрбумтнууд завьнуудаа Мальдивийн арлууд руу илгээж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Mercedes-Benz компани ОХУ-д автомашин үйлдвэрлэл, нийлүүлэлтээ зогсоож буйгаа мэдэгдээд байна.
Компьютерийн программ хангамж хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх компаниудын нэг болох Oracle мөн л ОХУ-ын зах зээлээс гарч байна. H&M компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа бол ASOS бэлэн хувцасны цахим дэлгүүр ОХУ руу хүргэлт хийхээ больжээ.
Харин ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович хөлбөмбөгийн "Челси" клубээ зарахаар шийджээ. Тэрээр энэхүү шийдвэр тус клуб, клубын хөгжөөн дэмжигчид, ажилчид болон ивээн тэтгэгчдийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.