Ой хээрийн түймрийн улмаас коала баавгайн тоо толгой 30 хувиар хорогджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Австралийн Байгаль орчны сайдын мэдээлж байгаагаар тус улсын хойд эргийн Нью Саут Уэльс муж дахь коала баавгайн тоо толгой ой хээрийн түймрийн улмаас 30 орчим хувиар хорогджээ.

Өнгөрсөн 9-р сараас дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас Австрали даяар нийт 5 сая га гаруй газар шатаж, 9 хүн амь үрэгдэж, зуу зуун орон гэр шатаж үгүй болсон юм. Нью Саут Уэльс мужид дангаараа 15 мянгаас 28 мянга хүртэлх тоо толгой коала баавгай амьдардаг ба Австралийн Байгаль орчны сайд Сьюзан Лэйгийн мэдээлж байгаагаар коала баавгайн амьдардаг нутаг дэвсгэрийн 30 хувь нь шатсан учраас коала баавгайн тоо толгой ч 30 хувиар хорогдсон гэж хэлж болох гэнэ.

Түүнчлэн ой хээрийн түймрийн улмаас коала баавгай устаж, ховор амьтдын тоонд багтах боллоо гэсэн мэдээллүүд нь буруу ташаа хэдий ч коала баавгайн тоо толгойд аюул заналхийлж байгаа нь гарцаагүй аж. 1990-2010 оны хооронд Нью Саут Уэльс болон Квинсленд мужид коала баавгайн тоо толгой 42 хувиар хэдийн буурсан байсан ба Нью Саут Уэльс мужийн Байгаль орчин хамгааллын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жэймс Трэмэйны хэлж байгаагаар коала баавгайн тоо толгой сүүлийн 20 жилд "аажмаар" цөөрсөөр байгаа аж.

Firefighter with koala in Adelaide

Үүнд нэг талаас хүмүүс өөрсдөө газар тариалан эрхлэх, мод бэлтгэх зорилгоор мянга мянган га газрыг зориудаар шатааж, цэвэрлэн коала баавгайн амьдрах орчинг устгаж байгаа нь нөгөө талаас дэлхийн цаг уурын өөрчлөлт нөлөөлж байгаа гэнэ. Энэ баасан гарагаас эхлэн ой хээрийн түймэрт өртсөн Нью Саут Уэльс, Саут Австралия, Виктория зэрэг бүс нутгуудаар агаарын хэм дунджаар цельсийн 40 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь ой хээрийн түймрийн хүч эрчимжиж, илүү өргөн газар нутгийг хамрах аюул заналхийлж байгаа аж.

Холбоотой Зураг

Одоогийн байдлаар Австралийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймрийн 100 гаруй голомт асч байгаагаас хамгийн том нь Сидней хотоос баруун зүгт асч байна. 

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.