Хормойн өвчин амьсгалын замын халдвар шиг тархаж байна

Twitter Print
2020 оны 10-р сар 22-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Амьдарч буй орчин нөхцөл, нийгмийн анги давхарга, нас, хүйсээс үл хамааран тархдаг өвчнийг амьсгалын замынх гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар хэнийг ч ялгахгүй халдварладаг. Гэтэл манайд бэлгийн замын халдварт өвчин яг л амьсгалын замынх шиг тархаж байна гэвэл та итгэх үү.

Магадгүй бид итгэхийг хүсэхгүй, тийм байсан ч юман чинээ тоохоо больж. Өнгөрсөн есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдэхэд хэн ч цочирдоогүй нь үүнийг гэрчлэх мэт. Уг вирусээр халдварласан хүний тоо өдгөө 302 болж, 47 нь нас баржээ. Ганцхан сарын дотор таван хүн “үхлийн өвчин” тусчихаад байхад энэ нь цөөхөн монголчуудад хамаагүй сэдэв гэж үү.

...2020 оны эхний есөн сард улсын хэмжээнд 57 863 жирэмсэн эмэгтэйг тэмбүүгийн шинжилгээнд хамруулахад 1011-ээс нь өвчин илэрчээ. Мөн 906 нь трихомониазын халдвартай байсан аж. Тэднийг эмчилгээнд хамруулсны үр дүнд төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг энэ онд өнгөрсөн жилийнхээс 21-ээр цөөрүүлсэн гэв...

Дахин хэлье. Монголчуудын нэрлэдэгээр хормойн буюу бэлгийн замын халдварт өвчин амьсгалынх шиг тархаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн энэ оны эхний есөн сарын судалгаагаар, улсын хэмжээнд 31 төрлийн халдварт өвчинд 24 761 хүн өртжээ. Харамсалтай нь, үүний 51.5 хувь нь буюу халдвартай хоёр хүн тутмын нэг нь “хормойн” өвчтэй гэж оношлогдож. Өнгөрсөн жилүүдэд бэлгийн замын өвчин халдварын нийт тохиолдлын 40 хувиас хэтэрдэггүй байв. Албаныхан халдварын тархалт өдгөө 50 хувь давсныг тайлбарлахдаа бэлгийн замын өвчин тэгтлээ нэмэгдээгүй. Халдварт өвчин буурангуут бэлгийн замынх нь эзлэх хувь 50-иас дээш “заах” болсон гэв.

Коронавирусээс сэргийлэх хүрээнд манай улс хязгаарлалтын дэглэм тогтоосноос хойш төрөл бүрийн халдварт өвчин буурсан нь үнэн. 2020 оны эхний есөн сард 24 761 хүн халдварт өвчинд өртсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7514-өөр цөөн үзүүлэлт юм. Гэхдээ бэлгийн замын халдвар тууштай өссөөр байна. Тухайлбал, он гарснаас хойш бэлгийн замын халдварын 12 744 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2019 оны мөн үеийнхээс 776-гаар нэмэгдсэн дүн аж. Гэтэл үүнийг “хэвийн өсөлттэй” гэж тайлбарлах нь утгагүй хэрэг. Тодруулбал, тэмбүү өвчин өнгөрсөн оны мөн үеийнхээс 515, трихомониаз 303, ДОХ-ын халдвар дөрвөн тохиолдлоор тус тус нэмэгджээ. Бэлгийн замын өвчний 12 744 тохиолдлын 40.8 хувь нь тэмбүү, 31.5 хувь нь трихомониаз, 27.5 хувь нь заг хүйтэн, 0.2 хувь ДОХ-ын халдвартай байж.

ДЭМБ “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги 2016-2021” үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн жилийн өмнө баталсан. Зорилго нь 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг 100 000 төрөлт тутамд 50-иас цөөрүүлэх, дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах. Үүний дагуу манай улс 2017 онд Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр боловсруулсан. ЭМЯ-наас 2019 онд бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах ажлыг эрчимжүүлэхээр “Тэмбүүг устгая” кампанит ажлыг үндэсний хэмжээнд хоёр жилийн хугацаанд өрнүүлэх болсон билээ. Уг ажлын хүрээнд эм, тариа, оношлуур худалдан авах, эмч нарыг сургах, иргэдэд ухуулга сурталчилгаа хийхэд дөрвөн тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн юм. Хүн амыг бэлгийн замын халдвараас сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлж, үзлэг, шинжилгээнд хамруулж, өвчилснийг эмчлэхэд эл санхүүжилтийг зарцуулна гэж байв.

“Тэмбүүг устгая” кампанит ажлын явц өдгөө ямархуу байгааг ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт, судалгааны албаны дарга, анагаах ухааны доктор Ж.Даваалхамаас тодруулсан юм. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын 2019 оны долдугаар сарын 3-ны А/327 дугаар тушаалаар хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” кампанит ажлыг үр дүнтэй үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бид давхардсан тоогоор 855 613 хүнийг шинжилгээнд хамруулж, тэмбүү өвчний 10 174 тохиолдлыг илрүүлж, эмчлээд байна. Энэ төрлийн халдварын үед өвчтөний хамтран амьдрагчийг цугт нь оношилж, эмчилгээнд хамруулах нь үр дүнтэй. Тиймээс өвчтэй хүмүүсийн хавьтлыг илрүүлж, эмчлэх ажлыг давхар хийдэг гэсэн үг. Уг кампанит ажилд нийслэл, орон нутгийн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд идэвхтэй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарынхан бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг хумих, өвчилснийг илрүүлж, эмчлэх гэж чадлаараа л тэмцэж байна. Хамгийн гол нь хүн бүр үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байж чадвал тэмбүүгийн тархалтыг хумих бүрэн боломжтой. Бэлгийн замын өвчин нь дархлаа тогтдоггүй. Хувь хүний хариуцлагатай холбоотойгоор дахин хэдэн ч удаа халдварлаж болдог учраас иргэд үүнийг ухамсарлах нь чухал” гэсэн юм.

Манайд жилд дунджаар 13-17 мянган хүн бэлгийн замын халдварт өвчин тусдагийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно. Энэ нь Ази, Номхон далайн баруун бүсийн орнууд дундаа өндөр үзүүлэлт буюу дээгүүр жагсах шалтгаан аж. Бүсийн орнууддаа тэр дундаа “хормойн” өвчний тархалтаараа дээгүүр цоллуулна гэдэг ичгэвтэр биш гэж үү. 1983-1992 онд улсын хэмжээнд 10 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар 5.1, 2003-2012 онд 13.3, 2013-2018 онд 22.2 тохиолдож байв. Өөрөөр хэлбэл, уг өвчин 2003 оноос хойш эрс нэмэгдсэн. Уг өвчний халдварлах зам нь тодорхой байхад иргэд эрсдэлт зан үйлээсээ татгалзаж, засаж чадахгүй, газар авсаар байгааг эмч нар хэлсэн. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь ердөө л эхнэр, нөхөртөө үнэнч байх, аль болох тохиолдлоор бэлгийн харьцаанд орохгүй, бэлгэвч хэрэглэх гэсэн.

Дээрх кампанит ажлыг эхлүүлээгүй бол шинээр илрүүлсэн, тэмбүүгийн халдвартай 10 170 тохиолдол өдгөө 20 000, магадгүй 30 000 болж нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй гэж ХӨСҮТ-ийнхөн хэлнэ лээ. “Тэмбүүг устгая” ажлын бас нэг үр өгөөж нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулсан явдал аж. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлснээр эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн байна. 2020 оны эхний есөн сард улсын хэмжээнд 57 863 жирэмсэн эмэгтэйг тэмбүүгийн шинжилгээнд хамруулахад 1011-ээс нь өвчин илэрчээ. Мөн 906 нь трихомониазын халдвартай байсан аж. Тэднийг эмчилгээнд хамруулсны үр дүнд төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг энэ онд өнгөрсөн жилийнхээс 21-ээр цөөрүүлсэн гэв. Он гарснаас хойш ийм өвчтэй 18 хүүхэд мэндэлсэн юм байна. Өнгөрсөн онд 39 хүүхэд тэмбүү өвчтэй төржээ.

ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт, судалгааны албаны судалгаагаар, 2019 онд тус кабинетаар үйлчлүүлэгчдийн 27 хувиас нь тэмбүүгийн халдвар илэрчээ. Өмнө нь уг үзүүлэлт 3-5 хувьтай байсан гэнэ. Энэ нь тэмбүүгийн халдвар ихэссэн гэхээсээ хүмүүс сайн дураараа ханддаг болсон аж. Өвчтэй нь өөрийгөө “сэжиглэж” сурч байна гэж албаныхан сайшаасан. Цусны донорууд харьцангуй эрүүл хүмүүс байдаг. Гэтэл энэ жил нийт донорын нэг хувиас тэмбүү илэрсэн гэнэ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гээд бод.

Тэмбүүг илрүүлэх кампанит ажлын ухуулга, сургалт, сурталчилгаанд төсөвлөсөн мөнгө нь дууссан тул уг аяны талаарх иргэдийн ойлголт “бүдгэрчээ”. Тиймээс эрсдэлт бүлгийнхэн буюу 15-64 насныхан харьяа аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хандан, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд хамрагдахыг албаныхан зөвлөсөн. “Хормойн” өвчтэй хүмүүсийн дийлэнх хувь нь 20-24 насных. Харамсалтай нь, удам сударт нь, генийг нь хүртэл өөрчлөх хорон үр дагавартай тэмбүүгээр бүх хүн өвчилнө. Нэг настай хүүхэд хүртэл хүчирхийллийн улмаас ийм халдвар авсан гэх зүрх зүсэм баримт байна. Томчуудын буруугаас болж хүүхдүүд тэмбүүтэй төрж, эсвэл хүн араатнуудын зүй бус үйлдлийн уршгаар олноор “хормойн” өвчинд өртөж байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс ухамсарт хүн та үйлдэл бүрээ хичээж, үр удмаа эрүүл авч үлдээрэй. Тэмбүүгийн тархалтыг 5000-аар бууруулахад зөвхөн эмчилгээний зардлаас 75 сая төгрөг хэмнэдгийг ташрамд сонирхуулъя.

О.Бат-Ундрах

Өнөөдөр сонин 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.