Н.Алтанхуяг: Намуудын санхүүжилтийг улсын төсвөөс олгодог байх зарчимд хоёр нам нэгдсэн

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн 2020 он хүртэл сунгаж ажиллахаар болсон билээ.  Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам олонхи болоогүй. Гэхдээ олуулаа болсон. Монгол Улсад өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол олонхиороо засаг байгуулдаг. Тийм учраас Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, бусад намуудын саналыг сонсож ярилцаад, МАХН-МҮАН хоёрын байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллах, хоёрдугаарт ИЗНН-тай хамтарч ажиллах шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж хоёр жил гаруй хугацаанд ажиллаа. Энэ дөрвөн нам хамтран ажиллах явцад гэрээнд заагдсан зарим заалтыг өөрчлөе, гэрээгээ шинэчилье гэсэн санал МАХН-аас удаа дараа гарч байсан. Тухайлбал, хамтраад Засгийн газар байгуулаад явж байхад нэг намых нь нэг гишүүн, нөгөө намынхаасайдыг огцруулахаар өргөн барьдаг. Энэ бол хуучин гэрээнд зохицуулалтгүй байгаа юм.Тиймээс үүнийг хасах, нөгөө талаасаа Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийгээд эхэлсэн. Энэ тохиолдолд анх гэрээнд тавигдсан квот маань хэвээрээ хадгалагдах уу үгүй юу, мөн боловсон хүчнүүдээ дэмжиж ажилладаг байх гэсэн саналуудыг тавьсан. Ер нь цаашдаа яах вэ. Энэ дөрвөн нам 2016 оны сонгууль дуусгаад хамтрахаа болих юм уу, эсвэл итгэлцлээ бэхжүүлэхийн тулд дараагийн УИХ-ын сонгуульд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа өргөтгөж ажиллах уу, зэрэг асуудлыг ярилцлсан” гэлээ. 

Түүнчлэн энэ гэрээг дан ганц МАХН-тай байгуулсан юм биш гэдгийг онцлоод бусад намууд ч гэсэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Оюун хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Ирэх бямба гарагт ИЗНН цаашид хэрэхэн хамтарч ажиллах талаараа саналаа ирүүлнэ гэжээ.

АН, МАХН хоёрын байгуулсан гэрээнд "УИХ-ын сонгуулиудад бодлого үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох, аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд АН, МАХН хоёр хамтарч Засгийн газар байгуулах бодлого баримтлах болно" гэжээ. Мөн АН, МАХН нэг эвсэл болж 2016 оны УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж оролцох эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзаж шийдэхээр тусгасан байна.

Түүнчлэн можаратор тойрогт хоёр намын нэр дэвшигч нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлж, хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулж зохицуулах зарчмыг баримтлахаар заажээ.

Одоо УИХ-д яригдаж байгаа Улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр нам хоёр зүйл дээр санал нэгдэж байгааг Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Нэгдүгээрт УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс олгодог зарчимд шилжүүлэх, хоёрт намууд өмч хөрөнгөтэй байхыг хориглосон заалт дээр хоёр нам санал нэгдсэн байна. 

Ардчилсан намын ихэнхи гишүүд, дэмжигчид нь МАНАН байгуулж болохгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн гэв.

Ж.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.