Д.Оюун: 1994 оны Өвөрхангайн үерээс 4 хүүхэд амьд үлдсэний нэг нь би

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

-Дуучин Батсүх 1994 онд Өвөрхангайд үерт өртсөн хүүхдүүдийн бодит түүхээс сэдэвлэн клип хийлгэж байсан. Та тэр үерээс амьд үлдсэн дөрвөн хүний нэг. Тухайн үед яг юу болсон талаар яриач?

-1994 оны 7 дугаар сарын 7, 8-нд буюу наадмын өмнөхөн юм. Манай ангийнхан 10-р анги төгсөөд аймаг орж конкурсээ өгчихөөд бүгдээрээ уулзаж 11-үүлээ ЗИЛ-130 машинтай Хархориноос 10-аад км-ын зайтай Орхон голын эрэг дээр очсон юм. Хоёр хоног явна гэж байсан болохоор хүргэж өгсөн машин маань “Эргэж авна” гээд буцсан. Очсон эхний өдрөө хоол цайгаа идэж уугаад эрэг дээр нь хонолоо. Удахгүй наадам болох гэж байсан болохоор барилддаг нэг хүүхэд маань маргааш нь буцав. Одоо сайн барилддаг аймгийн цолтой бөх бий. Хоёр дахь шөнөө бид Орхоны наад захын салаа жижигхэн голыг туулаад тэр хоёрын дундах арал дээр майхнаа бариад хоносон юм.

Шөнө бороо ороод майхан доогуур ус орж ирээд байхаар бүх юмаа хураагаад унталгүй үүр цайлгасан. Тэгээд өглөө гэгээтэй болонгуут үерлэх шинжтэй байна гээд буцаад голоо гарах гэтэл шагайнаас дөнгөж дээгүүр татаж байсан жижигхэн гол чинь үерлэж тэлээд урсгал нь ширүүсчихсэн байв. Хоорондоо хэлхэлдээд ус туулах гэж үзтэл бүсэлхий цээжээр татаад, ширүүн урсгалд нэг л хөл алдах юм бол живчих гээд байлаа. Хоёр гуравхан метрийн өргөнтэй байсан нарийхан гол 20, 30 метрийн өргөнтэй болчихсон болохоор бид тэхий дунд нь ирээд зэрэгцээ хоёр бургаснаас зуурцгаагаад хаашаа ч хөдлөх боломжгүй болсон. Ихэнх нь сэлж чадахгүй болохоор нэг гайгүй сэлдэг маань сэлж гараад тусламж авахаар голын ойролцоох айл руу очсон юм.

-Өөр сэлдэг хүүхэд байсангүй юу? Аль эсвэл та хэдтэй ханьтай байя гэсэн үү? Хэдэн эрэгтэй хүүхэд явсан юм?

-Зургаан эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Уул нь бүгд усны ойролцоо өссөн улсууд. Тухайн үед эрэгтэйчүүд нь амиа бодоод сэлээд гараад явчихья гэж бодоогүй биз дээ. Урсгал хүчтэй байсан болохоор аль гайгүй сэлдэг нь эхлээд сэлсэн. 20 метрийн өргөнтэй голыг сэлж нөгөө эрэг хүрэхэд урсгалд туугдсаар 100-гаад метрийн доогуур гарч байгаа юм.

Хэл дуулаад олон ч хүн ирсэн,  усны түвшин ч улам нэмэгдээд байлаа. Нөгөө найз маань аргамжаар өөрийгөө ороогоод нэлээд дээрээс гол руу орсон ч бидэнд хүрч чадалгүй эргүүлээд хүмүүс буцааж эрэг дээр татаж гаргахад ухаан алдчихсан байсан гэдэг. Усыг нь гаргаад эмнэлгийн тэрэг аваад явсан ч ухаан орохгүй өөд болсон гэсэн. 

-Найз охин нь та хэдтэй цуг байсан. Түүнийг аврах гэж байгаа дүрслэлээр клипэнд гардаг л даа. Та нарын дунд найз охин нь байв уу? 

-8-р ангиасаа хойш үерхсэн найз охин нь бидэнтэй цуг бургасанд байсан. Тэр хоёрыг аав ээжүүд нь хүртэл мэддэг, их гоё үерхдэг байсан юм.  Түүн рүүгээ яарсан болоод ч тэрүү арай түргэдчихсэн юм шиг санагддаг. Бидний л төлөө амиа алдсан даа. Дөрвөн охиноос нэг охин өөд болоход тэр нь түүний найз охин байсан. Харамсалтай байгаа биз.

-Та нарыг аврахаар олон хүн ирсэн ч аварч чадахгүй хугацаа их алдсан байдаг. Аврахын тулд ямар арга хэрэглэж байв?

-Тэр голын эрэг дээгүүр чинь аав ээжүүд, ах дүүгээс аваад тэр сумын өдий төдий хүн ирсэн юм. Хүүхдээ усанд байхыг хараад аав ээжүүд чинь ус руу орчих гээд орилолдоод хүмүүс араас нь зууралдаад, одоо санахад аймаар байдаг юм. Машины хийлсэн дугуй шидэхээс авахуулаад адуу хүртэл тууж оруулахад бидэн дээр ирдэг юм байдаггүй. Хархорины хорих ангиас усанд сайн сэлдэг Сэлэнгийн гаралтай хоригдол хүртэл авчраад ялгаа байдаггүй. Тэдний нэг нь тэнд усанд үйгээд нөгөөдөх нь хожим хугацаанаас өмнө суллагдсан гэнэ лээ. Аймгийн аврах тусгай ангиас том дугуйтай хоёр машин авчраад ус руу оруулсан ч хөвөөд бидэн дээр ирж чаддаггүй. Тэд бас ирэх замдаа машин нь эвдрээд саатсан гэж ярьдаг.

Хэрвээ хот газартай ойрхон байсан бол бүгд л аврагдах байсан биз. Нисдэг тэргээр дээрээс нь шат буулгаад татаад авъя гэсэн ч сэнснийх нь салхинд ус үсрээд болохгүй байсан. Аав ээжүүд ч хүртэл “Больё” гээд орилолдоод болиулсан юм. Маргааш нь хотоос завьтай хүмүүс ирж нэг юм гаргаж авсан. Тэр үед амьд үлдсэн хэдэн хүүхэд завь руу аймаар зүтгэсэн гэж тэнд байсан хүмүүс хэлдэг юм. Бид ухаангүй шахам, дуу гарахаа больчихсон байсан. 

-Усанд хоёр өдөр нэг шөнө яажшуухан байв? Хажууд найзууд чинь ухаан алдаад, өөд болоод байсан болохоор их л хэцүү байсан байх даа? 

-Эхэн үедээ уйлалдаад орилолдоод л байсан. Аав ээжүүд цагаан хоолойгоор “Миний хүүхдүүд тэвчээрэй, одоо ийм тийм машин, хүмүүс ирнэ” гээд хашгирна. Сүүлдээ ч тэдний үг сонсогдохоо болиод ирсэн дээ. Цуг байсан найзуудаас маань дөрвөн эрэгтэй нэг охин нас барсан.

Тухайн үед ухаан алдахаар нь хажуу дахь бургаснаасаа бүсээрээ гарнаас нь уядаг. Уяхдаа хоёр хүн нэг нэг гараараа бургаснаасаа зуураад нөгөө гараараа найзыгаа бургасанд уядаг байсан. Хөдөөний хүүхдүүд байсан болохоор бүстэй явсан, тэрний буянаар найзуудынхаа цогцсыг авч үлдсэн. Тухайн үед нас барж байгааг нь мэдээгүй, живүүлчихгүй юмсан, амыг нь усанд хүргэчихгүй юмсан л гэж бодож байсан. Өндөр хүүхдүүд нь л амьд үлдсэн дээ. Нэг эрэгтэй жижигхэн хөнгөхөн биетэй болохоороо бургасанд зүүгдээд үлдсэн.

Бидний хөл усны ёроолд хүрэхгүй улаан хоормогон дотор хүйтэн гэж жигтэйхэн, цээжнээс доош мэдээгүй болчихсон байсан. Хүний зүрхэн хэсэг нь усан доор ороод ирэхээрээ ухаан алдчихдаг юм байна лээ. Тэгээд ч урсгал хүчтэй цохиод байсан болохоор намхан хүмүүс маань үлдэж чадаагүй. 

-Нэг хүүхдийн цогцсыг алдсан гэсэн? Дараа нь олсон уу?   

-Ёндон гээд хүүхэд бургаснаас уяатай байж байгаад хэзээ алга болсоныг нь мэдээгүй, маргааш өглөө нь байхгүй болчихсон байсан. Дараа нь сумаас эрлийн хүмүүс гараад ч олоогүй өнгөрсөн. Аль болох нэгнээ алдчихгүй л санаатай байсан. Сүүлдээ яаснаа ч мэдэхгүй байна. Эмнэлэгт ирж эмчилгээ хийлгээд л ухаан орцгоосон байх.

Бүх юм аймшигт зүүд юм шиг л санагддаг. Алга болсон Ёндон маань ээж нь багад нас барчихсан, аавтайгаа хоёулаа байдаг, айлын ганц хүүхэд байсан. Бурхан болсон хүүхдүүдийг бүгдийг нь нэг өдөр гаргаж нэг доор оршуулсан. Амьд үлдсэн дөрвөн хүүхдийн нэг нь Солонгост, хоёр нь Өвөрхангайд, би Улаанбаатар хотод амьдардаг.

Эх сурвалж: Шударга.мн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.