Хумхаа өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийж эхэллээ

Twitter Print
2021 оны 10-р сар 07-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас хумхаа өвчний эсрэг дэлхийн анхны бөгөөд цорын ганц вакциныг хумхаа өвчний халдвар ихээр бүртгэгддэг Африкийн улс орнуудад хүүхдүүдэд товлолоор хийж эхэлсэн нь түүхэн үйл явдал гэдгийг онцолжээ.

Гана, Кени, Малави зэрэг улсын хүүхдийн эмнэлгүүдэд хэрэгжсэн хумхаа өвчний эсрэг вакцинжуулах хөтөлбөр 2019 онд эхэлсэн ба уг хөтөлбөрт 800 мянга гаруй хүүхэд хамрагджээ.

Хөтөлбөрийн үр дүнд Mosquirix (Москьюрикс) нэртэй хумхааны эсрэг вакцин нь аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй, тээвэрлэхэд хялбар мөн хумхаа өвчний халдвар авсан тохиолдолд хүндрэх явдлыг 30 хувиар бууруулдаг нь тус тус тогтоогджээ.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус, "Энэ бол түүхэн үйл явдал юм. Хүүхдүүдэд зориулсан хумхаа өвчний эсрэг вакцин нь шинжлэх ухааны салбар, хүүхдийн эрүүл мэнд, хумхаа өвчний тархалтыг хянах явдлын хувьд чухал нээлт юм.

Уг вакциныг хумхаа өвчнөөс сэргийлэхийн тулд авч ирсэн бусад арга хэмжээн дээр нэмснээр жилдээ хэдэн арван мянган хүүхдийн амийг аварч чадна" хэмээн онцолжээ. Африкийн эрдэмтдийн бүтээсэн уг вакциныг хүүхдүүдэд 5 сартайгаас нь хойш 4 удаагийн тунгаар хийх аж.

Хумхаа өвчин нь шумуулнаас хүнд халдварладаг, урьдчилан сэргийлж эмчлэгдэх боломжтой өвчин хэдий ч Африкт жилд дунджаар 5-аас доош насны 260 гаруй хүүхэд уг өвчний улмаас нас бардаг байна. Хумхаа өвчний эсрэг вакцин нь биед орсон хумхааны шимэгч өсч, элгэнд очиж үржих үйл явцыг нь зогсоодог аж.

Клиникийн туршилтаар хумхаа өвчний эсрэг вакцин нь 17 сараас 5 настай хүүхдүүдийн хумхаа өвчнөөс 39 хувиар хамгаалж байгаа нь тогтоогджээ.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус тус вакциныг Африкийн эрдэмтэд бүтээсэн болохыг онцолж, Их Британийн ГлаксоСмитКляйн эмийн компанид өнгөрсөн 30 жилийн турш хумхаа өвчний эсрэг вакцин бүтээх ажилд тусалсанд, Билл энд Мелинда Гейтс санд дээрх хөтөлбөрийг хэсэгчлэн санхүүжүүлсэн явдалд талархаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.