Астанагаас эхэлсэн Олимпийн сунгаа

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

2016 оны зуны Олимпийн наадам Бразилийн Рио де Жанейро хотод болно. Энэхүү наадамд оролцох эрхийн оноо олгох цуврал тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо энэ сарын 10-нд эхлүүлсэн. Казахстаны Астана болсон эхний тэмцээнд Монголчууд 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь Гранприд багийн дүнгээр тэргүүллээ. Ташкентад 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль авсан аж. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Н.Чанаг цэвэр хожиж, дараах гурван тойрогт эзэн орны Инояатов, Лутфиллаев, Урозбоев нарыг ялж алтан медаль хүртсэн. Энэ жинд барилдсан Монголын нөгөө бөх Г.Хэрлэн хүрэл медаль авч нэг улсын хоёр бөх медалийн тавцанд зогслоо.

66 кг-д ОУХМ Д.Алтансүх Унгарын Габор, Италийн Бруно, Испанийн Сугой нарыг дараалан ялж шигшээд үлдсэн. Харин аваргын төлөө нутгийн бөх Р.Собировтой барилдсан ч ваза-ари үнэлгээгээр ялагдлаа. Үүний дараа 73 кг-д Олимпийн медальт Монголын хоёр алтан медаль булаацалдах учиртай байж. “Лондон 2012”-ын хүрэл медальт С.Ням-Очир эхний тойрогт гоц мөргөж, Туркийн Хасан, Францын Дупрат, ОХУ-ын Оздов нарыг ялж шигшээд гарч ирсэн. Харин “Афин 2004” Олимпийн наадмын хүрэл, “Роттердам 2009” дэлхийн аваргын алт, “Токио 2010”-ын хүрэл медальт Х.Цагаанбаатар Италийн Энрико, Узбекистаны Бобоев, ОХУ-ын Иартцев нарыг буулган авч нутгийн бөхтэйгээ алтан медаль булаацалдах болсон. Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар хүч тэнцүү өрсөлдөж хэн хэн нь үнэлгээ аваагүй. Цаг дуусахад гурав торгуулсан Цагаанаа ялагдаж мөнгөн медаль дээр буусан юм.

Манайхан хүнд жинд төдийлөн сайн өрсөлдөж чаддаггүй байсан. Энэ нь бэлтгэл хангагч байдаггүйтэй холбоотой байв. Харин сүүлийн арав шахам жилд хүнд жинд сайн бөхчүүд төрөн гарч Олимпийн хошой медальтай болоод авсан. Хэдхэн хоногийн өмнө хаалтаа хийсэн Азийн наадамд ч -100 кг-д Н.Түвшинбаяр аварга болсон. Ташкентын татами дээр 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж, Беларусийн Стсиашенк, Узбекистаны Собиров нарыг хожиж хагас шигшээд үлдсэн. Улмаар мөнгөн медалийн төлөө нутгийн бөх Имамовт ялагдсан ч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Воробевыг цэвэр ялсан аж.

+100-д ОУХМ Б.Тэмүүлэн урамтай сайхан барилдаж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Манай бөх эхний тойрогт Узбекистаны Туробоев, Унгарын Бор, ОХУ-ын Волков нарыг дараалан ялж шигшээд үлдсэн. Харин аваргын төлөө Австрийн Аллерсторферыг цэвэр савж хүчтэй байгаагаа харууллаа. Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс 90, -100 кг-д медаль хүртэж чадаагүй юм.

Астанагийн Гранпригаас алтан медаль хүртсэн эмэгтэйчүүд Ташкентад хэрхэн барилдсан тухай хүргэе. Хамгийн хөнгөн жил болох 48 кг-д залуу бөх Г.Отгонцэцэг эхний тойрогт эзэн орны Гуловаг, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Долговаг ялсан ч хагас шигшээд Туркийн Аккуст ялагдсан. Хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн манай бөх Италийн В.Москаттыг ялснаар амжилтаа үргэлүүлж чадсан юм. Г.Отгонцэцэг Казахстанд босоо байж алтан медаль энгэртээ зүүгээд байлаа.

52 кг-д ОУХМ А.Цолмон Украйны Старков, Германы Тарангул, Португалын Рамос нарыг дараалан ялж финалд үлдсэн. Харин аваргын төлөө Румын улсын шилдэг жүдоч А.Читуд торгуулиар хожигдож дэд байр эзэллээ. Энэ жинд дэлхийн аваргын хүрэл медаль М.Бундмаа барилдсан ч хоёрдугаар тойрогт цэвэр ялагдсан.

63 кг-д “Лондон 2012” зуны Олимпийн шагналт тавдугаар байр эзэлж байсан ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекистаны Курбонов, АНУ-ы Мартин нарыг хожиж, хагас шигшээд Германы Трайдост ваза-ари үнэлгээ алдаж хожигдсон. Гэхдээ дагах барилдаанд Изралийн Шорыг цэвэр, Испанийн Пучег торгуулиар буулган авч хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа. Эмэгтэйчүүд 57, 70, -78, +78 кг-д зодоглоогүй юм.

Энэ сард Олимпийн эрхийн оноо оглох дахин нэг тэмцээн болно. Аравдугаар сарын 31-нд АНЭУ-ын Абу Даби хотод “Гранд-слам” тэмцээн эхлэх бол энэ сарын 23-наас 25-ны хооронд АНУ-ын Майами хотод “World Junior Championsips” тэмцээн болно.

Ташкентын гранпригаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Монгол

3

3

4

10

2

Румын

2

0

0

2

3

Узбекистан

1

2

3

6

4

Израйл

1

1

0

2

5

Бельги

1

1

0

2

6

Украйн

1

1

0

2

7

Герман

1

0

2

3

8

Польш

1

0

2

3

9

Египет

1

0

1

2

10

Франц

1

0

1

2

11

Грек

1

0

0

1

12

Австри

0

3

0

3

13

ОХУ

0

1

3

4

14

Турк

0

1

0

1

15

Хорват

0

1

0

1

16

Бразил

0

0

2

2

17

Их Британи

0

0

2

2

18

Итали

0

0

1

1

19

Испани

0

0

1

1

20

Португал

0

0

1

1

21

Унгар

0

0

1

1

22

Казахстан

0

0

1

1

23

Серби

0

0

1

1

24

Швед

0

0

1

1

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.