Хүн сүргийн хайр буюу хүүхэд хэрхэн эвдэрдэг вэ?

Twitter Print
2020 оны 10-р сар 20-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Би гэдэг хүн Монголын мянган мянган айлын хүүхдүүдийн нэгэн адил хувцсаа элэгдэж багадтал өмсдөг, багадсанаа дүү нар луу пассалдаг, хатсан боорцгоо халуун цайнд дэвтээгээд идчихдэг, урагдсан цоорсноо оёод өмсчихдөг, номнуудаа дамжуулаад уншчихдаг, дүүгийнхээ үсийг самнаад сүлжээд өгчихдөг, ээжийнхээ толгойг ээлжлээд бариад өгчихдөг, тэргээ түрээд, чаргаа чирээд худаг руу сажилдаг, мод, нүүрсээ хагалаад түлчихдэг, амаараа ус тургиж байгаад гэрээ шүүрдчихдэг, цахилгаан тасрахаар лааны гэрэлд хичээлээ хийчихдэг, хавар намартаа шалаа сөхөөд бууриа сэлгэчихдэг, зундаа хөдөө яваад хургаа хариулангаа гэрээ санадаг тийм л хүүхэд байлаа.

Тэр үед зурагтаар кино үзэхэд айлууд бүгд л хауст амьдардаг, тансаг тансаг юм идэж уудаг мөртлөө сэтгэл гутрал, түгшүүртэй гэж яриад байхаар нь үүнийг "жаргал нь дэндсэн хүмүүсийн өвчин", "зовлонгүй газрын өвчин" гэх ухааны юм боддог байлаа л даа. Гэтэл тийм биш юм билээ.

1. Хүүхдийг зовлон бэрхшээл эвддэггүй, харин ганцаардал эвддэг, зовлон бэрхшээл тулгарах үед дэргэд нь тусалж дэмжих хүн байхгүй байх нь эвддэг юм билээ. Гадаад хүмүүсийн хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн янз бүрийн түүх уншаад суухад "Авга ах, хойд эцэг намайг тэгдэг, ингэдэг байсан" гэж ярьчхаад араас нь заавал "тэр үед намайг хэн ч сонсоогүй, ойлгоогүй. Үүнээс болж нойрны хямралтай, сэтгэл гутралтай, антидепрессант уудаг болсон" гэх мэт ярих юм билээ. Хэцүү зүйл тохиолдсон нь биш, түүнийг нь хэн ч сонсож ойлгоогүй нь, хуваалцаж хугаслаагүй нь тэднийг эвдсэн байгаа юм.

2. It takes a village to raise a child буюу "Хүүхдийг өсгөхөд бүтэн тосгон хэрэгтэй" гэх утгатай африк цэцэн үг бий. Намайг жаахан байхад хамаатны архи уудаг, уудаггүй, залхуу, ажилсаг янз бүрийн ах эгч нар, тэдний шүлсээ гоожуулсан халтар энгэртэй хэдэн мөлхөө хүүхдүүд, ямар учиртай нь мэдэгдэхгүй аав ээжийн найз нар, ажлын хүмүүс, тэдний хүүхдүүд, лам хөрш, ёрын дүрсгүй хөршийн хүүхдүүд, түцний адиа нар, нохой шуугисан хороолол, янз бүрийн царай төрх, ааш авиртай багш нар, исмээн, параллель ангийн зүс таних хүүхдүүд, хичээлийн хэнээтэй хэдэн найзууд, байнга скандалд өртдөг охидын фракц, тэднийг өдөж хоргоосон хүнд гарууд, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй "дунд сурлагатнууд", урлаг спортын мастерууд (Аварга Бүрэнтөгс манай анги шоо, аая кк) энэ бүгд нийлээд миний "тосгон" байсан хэрэг. Энэ бүхэн байвал "бүтэн амьдрал" болдог. Өөрөөр хэлбэл "хүн сүрэг" бол өнгө алагласан хайр юм. Хүүхэд байхад хүрээлэл ямар ч байсан гэсэн тэднээс гадуурхагдахыг хүсдэггүй.

Бас The child who is not embraced by the village will burn it down to feel its warmth буюу "Тосгон нь хүйтэн хандсан хүүхэд тосгоноо шатааж дулаацдаг" гэдэг бас л африк цэцэн үг бий. Нөгөө барууны сургууль руугаа шүршдэг нөхдүүд шүү дээ. Гэрт нь ч хайр байхгүй, сургууль дээр нь ч хайр байхгүй, нийгэмд ч хайр байхгүй болохоор тэсэрч байгаа хэрэг л дээ. Хэзээ ч тэсэрч болно. 40 дөхөөд шүршсэн гарууд ч байдаг. Эцэг эх, энэ нийгэм, эргэх хорвоо бүгд өөрийг нь хүчирхийлээд байхаар шударга ёс, хайрын тухай мэдрэмж нь эвдрэхгүй яах вэ дээ.

3. Бидний эцэг эхийн үеийн хүмүүс учиргүй нялуурч хайрлаад байсан уу гэвэл үгүй. Гэхдээ зодоход учир бий. Зарим нь "жавтий хүртээх", "алганы амт үзүүлэх" маягаар дараа нь заавал аргадах зайгаа үлдээж эсвэл аав, ээж хоёр ярьж тохирсон юм шиг нэг нь зодож нөгөөх нь өмөөрөх, аргадаж учирлах байдлаар яваад байдаг. Харин зарим нь өөр зүйлд уурласан уур, амьдралын бусад стрессээ гаргаж хүүхдээ хэрцгийгээр зоддог. Андашгүй. Хүүхдийн мэдрэмж асар нарийн, аливаа үйлдлийн цаана хайр байна уу, жигшил байна уу гэдгийг хурууны өндөг шиг нарийн мэдэрнэ шүү дээ. Өөрийнх нь төлөө л гэж хичнээн уурлаж загнахад төдийлөн эмзэглэхгүй мөртлөө, стрессээ барьж ядахдаа сарвайсан юмыг нь жаахан ширүүн авахад л хөх тэнгэр хөмрөх шиг болж царай нь барайгаад явчихдаг. Хоёр дахь тохиолдол дээр хүүхэд эвдэрч байгаа юм. Багадаа дандаа зодуулдаг байсан гэх мөртөө том болоод ерөөсөө ч хүчирхийлэгч болоогүй, сэтгэлзүйн хувьд ч тогтвортой болчихсон инээж ханиасан хүмүүс байдаг даа. Тэд бол хайрлаж зодуулж өссөн хүүхдүүд шүү дээ. Амаараа хэлэхгүй ч гэсэн эцэг эхчүүд уучлал гуйсан үйлдэл гаргадаг. (Ээжүүдийн хувьд "Босч тэр хоол идэхгүй юу, чи" гэдэг нь уучлал гуйж байна гэсэн үг.) Бас би лав хүүхэд байхдаа шударга ёсны мэдрэмж өндөртэй байсан. Яг буруу зүйл хийсэн үү үгүй юу, ирж байгаа шийтгэл нь яг тохирсон шийтгэл байна уу эсвэл давхар өөр юмны бухимдал яваад байна уу гэдгийг яг таг мэдэрдэг байсан. Зодохын хувьд бол аав ээж хоёр маань надад хуруугаа ч хүргэж байгаагүй.

Ер нь тэгээд үе үеийн эцэг эхчүүдэд алдаа ч бий, оноо ч бий. Саяхнаас "хүүхдийг хир халдаахгүй магтаад л байх" хэрэгтэй гэсэн сонин үзэлтэй эцэг эхчүүд гарч ирээд үүнээс болж юу ч чадахгүй мөртлөө өөрсдийгөө ихэд бодчихсон хэсэг бүлэг залуучууд гарч ирж байх шиг байна. Бас айхтар хорлож байгаа юм шүү. Хатуу үнэнтэй нүүр тулаад ирэхээр ямар их гутрах бол. Энэ бол бараг зодсоноос дутахгүй хорлол.

Ноднин би "Хүмүүжлийн шок" гэдэг ном орчуулсан юм. Тэр номноос хамгийн тод үлдсэн санаа бол "Don't burn the Bridge" буюу "Хүүхдийнхээ итгэлийг битгий алд" гэдэг санаа. Эцсийн дүндээ энэ л амин чухал. Хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй, асуудлыг нь ярилцахгүй, сэтгэгдлийг нь хуваалцахгүй болохоор хөндийрч, танд итгэхгүй болж, тантай харьцах хүсэлгүй болно. Та тэдний сургууль, гэр бүл, амьдрал төлөвлөлтөд оролцож зөвлөх эрхгүй, тэд таныг сонсохгүй болно. Ийм болсон нялх амьтад ямар ч алдаа гаргаж мэднэ шүү дээ.

Та хүүхдээ өнгөт хорвоогийн өргөс болгоноос хамгаалж чадахгүй.

Та хайрлаад хайрлаад хатуу орчлонг диваажин болгож чадахгүй.

Алдах эрхийг нь, хашрах эрхийг нь, суралцах эрхийг нь олгох л хэрэгтэй

Хазгай гишгэхэд нь түшээд авах, сэтгэлээр унахад нь тосоод авах л хэрэгтэй.

Эцэг эх байхын гол учир нь энэ л гэж бодном. 

Э.Мөнхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.